Удган Ц.Сарантуяа: Шинийн 15-ны дотор заслаа амжиж хийлгэ гэж “айлгах” хэрэггүй
Завхан нутгийн Бүжинлхам Бөжөө удганы онгод шүтээн, зан үйлийг өвлөн биелүүлж яваа шарын шашны удган Ц.Сарантуяатай ярилцлаа.
“Лус аргаддаг удган” гэгддэг тэрбээр сүсэгтэн олныг зөв арга замд хандуулсан зөвлөгөө яриагаараа ч бас танигдсан. Арга дом зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн үзмэрч, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн гишүүн удган Ц.Сарантуяатай ирж буй луу жилийн өнгө, жил орж, мөчлөг таарч, мэнгэ голлосон жилтнүүд хэрхэн анхаарах талаар ярилцлаа.
-17 дугаар жарны Хилэнт эх хэмээх хөх модон луу жилийн анхаарах зүйлүүд болон жил орж буй хүмүүст хэрхэх вэ?
-13, 73-ны жил орж байгаа хүмүүсийг сайн анхаарах ёстой. Тэдний бие, эрүүл мэндийг анхаарч жилийн заслыг нь сайн хийлгээрэй. 2000,1940 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил учирч, жаргал зовлон ээлжилдэг гэж ярьдаг. 1976 оны 49-ний жил орж байгаа хүмүүс засал номонд сайн шамдах нь зүйтэй. 1964 онд төрсөн 61-ний жил нь өөрийн махбодьтой жил учир гадны нөлөөлөл ирэх гэм буй учир засал сайн хийлгэ. Эрэгтэй луу нь сар шинээс өмнө 61-ний засал хийлгэвэл зохистой.
-Луу жилийн ерөнхий өнгө зурхайн ухаанд хэрхэн зурагдсан бэ?
-Дорнын зурхай нь 12 жилийн таван махбодиор хувилган 60 жил байх бөгөөд үүнийгээ жаран хэмээдэг. Ер нь гарч буй модон хилэнт хэмээх луу жил нь өлсөх ундаасах жил гарч байгаатай холбогдуулж ард түмэндээ хэлэхэд хоол ундаа асгаж хаяж болохгүй. Хайрлаж гамнаж байх жил юм байна. Мөн ахмад настанд ширүүн, хүүхэд нялхаст зөөлөн, залууст хатуу жил гарч байна. Ажил төрөл амьдрал ахуй болж байсан ч эрүүл мэндээ анхаарах нь чухал. Улс орны хөгжил дэвшил идэвхжих төлөвтэй, санхүү эдийн засаг сайжрах шинжтэй. Ард иргэдийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач нь дэлгэрэх, хууч архаг өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд нь анхаарах жил байна.
Бар сар буюу 3 сарын эхэн болон дөрвөн улирлын эхэн саруудад салхи ихтэй. Зун, намрын сар улиралд бороо цагтаа бууна. Өвс ногоо ургац ихтэй, газар шим арвижиж, тариа төмс элбэг, урт намар болно гэж гарч байна. Эр хүн яаруу, эм хүн тайван гэдэг нь ажил хөдөлмөр дэлгэрэх сайн гэсэн үг. Малд сайн жил гарч байна. Муу жил гарч байна гэж амны билэггүй ярьж болохгүй. Газар лустай зөв харьцахгүй бол бидэнд газар лус байгаль, од гарагийн эрхшээлээс болж бие өвдөх шинжтэй учир гол ус газар шороотой байнга зөв харьцах нь чухал. Энэ нь байгальтай зөв харьцахгүй бол бидэнд тийм сайн биш гэдгийг цаг ямагт ойлгож байх нь чухал юм. Үймээн самуун, хямрал тэмцэл бага байхыг хөх модон луу жилийн өнгө аяс хэлж өгч байна.
-Луу жилд онцгойлон анхаарах зүйл нь юу байгаа вэ?
-33-ны мөчлөг тохиож буй хүмүүс болон төрсөн мэнгэ нь голлогсод Нашиддүрсэмийн засал уншуулна. Үүнд, амин мэнгэ нь голлосон 1928, 1939, 1946, 1957, 1964, 1975, 1982,1993, 2000, 2011, 2018 онд төрсөн хүмүүс, бие мэнгэ нь голлосон 1925, 1934, 1943, 1952, 1961, 1970, 1979, 1988, 1997, 2006, 2015, 2024, эрхтэн мэнгэ нь голлосон 1932, 1935, 1950, 1953, 1968, 1971, 1986, 1989, 2004, 2007, 2022 он багтана.
Хийморийн мэнгэ голлосон 1931, 1936, 1949, 1954, 1967, 1972, 1985, 1990, 2003, 2008, 2021 онд төрсөн хүмүүс Жанаггадог заслын 8 ном уншуулж хийморийн дарцаг хийсгээрэй. Жич хэлэхэд, эрчүүд нь яаруу гэдэг нь ажил ихтэй зав муутай гэсэн ийм сайхан гэрэл гэгээтэй үг байна.
-Жилийн засалд сүсэгтэн олон янз бүрээр, өөр өөрийнхөөрөө хандаж ирсэн. Хамгийн гол утга учир, ач холбогдол нь юу вэ?
-12 жил эзлэн оршдог монгол түмэнд жилийн засал гэдэг чухал зүйл юм. Над дээр олон хүн ирдэг. Дийлэнх нь ажил төрөл бүтэхгүй, амьдрал нэг л өөдлөхгүй юм гээд болох болохгүй асуудал ярьж ирдэг. Тэгээд, за энэ жил заслаа хийлгэсэн үү гэхээр “үгүй ээ, ерөөсөө амжихгүй юм” гэдэг байхгүй юу. Өөрсдийнхөө хэнэггүй, зохион байгуулалтгүй байдлаас болоод бүтэн жилийг даагаад явах заслаа хийлгэдэггүй нь манайхны том алдаа. Засал хийлгэхгүй юмбол энэ олон гандан хийд байгаад гэгээ гэрэл нь бидэнд үзэгдэхгүй шүү дээ. Жил жилийн, нас насны, суудал суудлын засал өөр өөр байна. Тэгэхээр жилдээ ганцхан удаа заслаа хийлгэсэн байхад амьдрал тэгшрээд, ажил үйлс бүтээд эхэлдэг. Цаг бусын осол гай түтгэрээс хамгаалагдаад явдаг. Дээрээс нь энэ ертөнцийг сахьсан сахиусууд болох Гомбо, Намсрай, Лхам, Жамсран бурхан гэж бий бөгөөд шинийн 8, 10, 15, 25, 29, 30 өдрүүдэд зул өргөхөд бүх зүйл тэгширч дэлгэрч амьдардаг учиртай. Нөгөө талаас заавал заслын утга учир бүхнийг мэдэж байх албагүй. Олон зууны турш шүтэж дээдэлж ирсэн энэ шашныг өвлөөд үргэлжлүүлээд яваа төлөөлөгч нартаа л өөрийгөө даатгачих.
-Жилийн заслыг шинийн 15-нд багтааж хийлгэх ёстой гэсэн нийтлэг ойлголт байна. Амжихгүй явсаар байгаад шинийн 15 өнгөрчихөөр итгэл үнэмшилгүй ч болдог юмуу орхичихдог...?
-Сар бүрийн шинийн 8, 10, 15, 25, 29, 30-ны өдрүүдэд Гомбо, Баян намсрай, Лхам, Жамсран гэсэн дөрвөн бурхан дэлхийг эзэлж байдаг. Засал номоо заавал шинийн 15-ны дотор гэлтгүй энэ өдрүүд буюу дэлхий эзэнтэй өдрүүдэд хийлгэж болно. Тэгэхээр заавал сар шинийн 15 гэлтгүй сар бүрийн сайн өдрүүдийн аль нэгэнд, 365 хоногтоо амжаад л сайхан сүсэг бишрэлтэй, өөртөө итгэлтэй байдлаар засал номоо хийлгэж сурах хэрэгтэй. Биетэй, биегүй хэдэн төгрөгний араас хөөцөлдөөд явж байгаа зав чөлөө муутай хүмүүсийг шинийн 15-ны дотор амжиж заслаа хийлгэ гэж “айлгах” хэрэггүй санагддаг.
-Гэрийн эзэн мөрөө гаргачихвал бусад нь хамаагүй, эсвэл аав ээж нь заслаа хийлгэчихсэн байхад болоод явчихна гэдэг. Энэ талаар?
-Манайх нэг хэсэг шашинаа нууж шүтдэг нийгэмд амьдарсан. Ардчиллаас хойш хорих нуух зүйл байхгүй ч учраа олохгүй хэсэг бужигнасан. Одоо бол аав нь мөрөө гаргахад бусад нь сайхан болно гэсэн ойлголттой байж болохгүй. Дөнгөж өнөөдөр төрсөн хүүхдийг цаг тооны бичгээс сөхөөд харахад мэнгэ нь голлосон байна.
-Бид гэрээсээ муудсан хоол хүнс гаргаж хаях бүрт лус догширч байдаг-
-Таныг лусын удган гэдэг нь ямар учиртай вэ?
-Нэг талаас лусыг хүссэн бүхэн аргадаж зөөлрүүлж чаддаггүй. Нөгөө талаас хүмүүс өөрийн мэдэлгүй газар лусаа хилэгнүүлж хорлолд өртөж явдаг. Лус гэдэг хий үзэгдэл биш биет амьтан. Долоодугаар сарын сүүлч наймдугаар сарын 20-ны хооронд бүх ургамал газар лусаас эрч хүчээ авч шимээ бүрэн тээдэг. Үүнийг бид тасдана, гэмтээнэ, усыг бохирдуулна. Гэтэл энэ бүхнийг чинь газар лусын эзэд мэддэг юм. Ажил амьдрал нь нэг л болж өгөхгүй, үргэлж муу юм бодоод, цаанаасаа л нэг хазайчихсан олон хүнд би энэ бурууг нь ойлгуулж зассаар ирсэн. Лус тахина гэдэг лусын 81 чанар, лусад 81 бэлэг өргөх үйл юм. Лусыг аргадна гэдэг уйгагүй нарийн жаягтай “ажил” юм.
-Тэгэхээр хүн лус хилэгнүүлснээ хэрхэн мэдэх вэ?
– Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол арьсны өвчин. Элдэв загатнаа, төрөл бүрийн яр шарх гардаг. Их догшин лус хүний амь насанд шууд хүрэх тохиолдол ч бий. Ард түмэн лусын адын хорлолоор мэдлэг нь дутмаг учраас энэ бүхнийг анзаардаггүй. Лус савдагтаа харьцахдаа ч тэр мэддэг хэрнээ мэддэггүй юмшиг загнадаг. Бид өдөр болгон гэрээсээ элдэв хог, ялзарсан өмхийрсөн хоол ундны хаягдал, хир буртаг гаргаж хаядаг. Эдгээрийг хэдий чинээ их гаргана тэр чинээгээр лус догширч хүн хорлогдож байдаг. Хамгийн гол нь би энэ удаагийн яриагаар юу хэлэхийг зорьсон бэ гэхээр хүмүүс минь лус савдаг, байгаль дэлхийтай харьцахдаа ухаан зарцуулаач ээ. Нус цэр, шүлс ялгадас гээд энэ олон нүх сүвнээс гарч буй ялгадсаар хооллодог лус хүртэл байдаг. Тийм учраас мэдэх мэдэхгүй хавдар, арьсны өвчин шинжлэх ухаан талаас нь ярихад нян, бактериуд үржиж бий болж байна. Дээр үед намайг хүүхэд байхад хөгшчүүл нударга дотороо жижигхэн шил хийчихсэн үүндээ хамар амнаас гарч буй ялгадсаа хийгээд дараа нь булж хаядаг байсан. Хүн бүр нусны алчуур гэж жижигхэн алчууртай явдаг байсан. Монголчууд энэ мэтээр эрт дээр үеэсээ байгаль дэлхийг шүтэж дээдэлж хүндэлж харьцдаг хүмүүжил ухамсартай байсан юм. Харин энэ бүхэн сүүл сүүлдээ алдагдаж өнөөдөр хүмүүс өдөр тутам хийдэг буруу үйлдлээрээ өөрийн хувь тавиланг ээдрүүлж, элдэв өвчин, барцадад ээрэгдэн амьдарч байна.
-Энэ бүхнээс ангижрахын тулд яах ёстой вэ?
– Буянтай, дээдийн ном уншлага уншдаг, сахьсан сахиус, шүтсэн тэнгэртэй зөв сэтгэл, зөв зан үйлтэй хүн дээр сайхан бүхэн хурж, саар бүхэн тойрч явдаг жамтай. Өглөө босохоосоо эхлээд үдэш амрах хүртлээ зөв сайхан амьдарч явахад ерөөлтэй тавилан өөрөө тэгшрээд ирнэ. Бидний өвөг дээдсээсээ уламжилж ирсэн нэг сайхан зан заншил бол хөх тэнгэр, газар дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөж амьдрал ахуй үр хүүхэд хувь тавилангаа даатгадаг. Энэ мэт сайхан уламжлал зан заншилаа ерөөс хаяж гээж болохгүй. Нөгөө талаас эдийн шуналд автаж газараа ухаж лусыг догшруулж байна. Үүний хариуг лус ган гачиг, гандуу гарц муутай өвс ургамал, үер, зуд, аянга, мөндөр гэх мэт байгалийн аюулт үзэгдлээр хилэгнэж үйлийг нь хүн болон мал эдэлж байна. Лус савдагийг аргадаж хур бороо оруулах зан үйл хийхэд лус бидэнд тусладаг. Ууртай догшин лусад зориулж балин, лүд засал гүрмийг зөв хийх нь чухал байдаг. Өөрийгөө хамгаалах сахиусгүй хэн нэгнийг хамгийн түрүүнд хорлодог. Энэ замбуулингийн дөрвөн зүг найман зовхис дээш доошоо арван зүгт лусууд жил сар даган байршиж байдаг учир лусын идэвхжих унтах цаг гэж байдаг. Лусууд өвлийн сүүл сард унтана. Тэр үед лусын хорлол гарахгүй гэсэн ном бий. Бусад цагт бол байнга идэвхтэй оршиж байдаг гэдгийг ойлгож авах нь зүйтэй болов уу.
-Энгийн сайн аргуудаар өөрийгөө хамгаалаад сурчих хэрэгтэй-
-Хүмүүс нэгнээ хараал жатга гэх мэтээр сүрдүүлдэг. Та харин энэ тухайд оновчтой мэдээлэл өгөөч?
-Манайхан чинь одоо энэ хараал гэдэг юмаар бие биенээ айлгадаг болсон. Цаад хүн нь сэтгэлээрээ өөрийгөө хараалгуулчихлаа гээд зовдог болчхож. Хэрвээ үнэхээр та ийм байдалд ороод эвгүйцээд байвал сүү буцалгаад уучхаж бай. Эсгий хайчлаад хаалганыхаа зүүн талынхаа хатавчинд хийчих. Бор давсыг гэр байшингаа тойруулаад дөрвөн буланд нь асгачих. Иймэрхүү энгийн заслууд гадны хэл ам, хэрүүл тэмцлийг хааж чаддаг. Ядаж л ийм энгийн сайн аргуудаар өөрийгөө хамгаалаад сурчих хэрэгтэй.
-Засал ном хийлгэхдаа бид өөрсдөө юуг анхаарах ёстой вэ?
-Зурхайн номонд заасан засал номоо л хийлгэчих. Өөрсдөө өөртөө итгэлтэй, уншуулж буй номондоо сүсэг бишрэлтэй байхад л болно. Заавал тэр бүхний нарийн утга учрыг мэддэг байх шаардлагагүй.
-Айл болгонд л янз бүрийн хадаг, арц, рашаан, зүүлт энэ тэр удаан хадгалагдаж байдаг. Энэ бүхнийг яах ёстой бол?
-Хүн болгоноос л очиж янз бүрийн юм аваад тэрийгээ хооронд нь хольж хутгаад хэрэггүй. Үнэхээр тэр үедээ хэрэг болсон бол хадгалчих. Дээрээс нь надад хэрэг болох болов уу гэсэн эргэлзээтэй сэтгэлээр ханддаг бол ямар ч хүнээс юу ч битгий ав.
-Хүмүүс энэ мэтийг мэдэхгүй ян бүрийн асуудалтай амьдарч байдаг. Тэгэхээр та хүмүүст энэ бүхнээ хэрхэн хүргэж, тусладаг вэ?
-Би хүн бүхэнд мэддэг бүхнээ түгээхийг хүсдэг. Миний 99913643 дугаарын утсаар холбогдоод ярьж болноо.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зас�##� ном гэдгийг хийлгэж үзээгүй 57 насыг зооглов ха ха
яагаад утасаа тавиад бган өөр дээрээ ир гэж бгам уу тйи хүмүүс их бна даа
Энэ хүн нөгөө ааруул асуух нь байтугай авчихсан байдаг эгч мөн үү?