Top StoriesТойм, анализ

Улсын аварга малчнаа улс төрийн сонгуультайгаа хольж гүйцлээ

Сар шинэ дөхөхөөр тойргийн гишүүд Засгийн газрын хуралдаан манаж, "Манай аймгийн аварга малчин хасагдлаа, нэмэгдлээ" гэхчлэн ярьж, хэсэг гүйцгээнэ ээ. Тийн өнөөх шагналаа аваад, хөдөө гараад давхичихна. Ингэж "Аварга малчин" цол тэмдэг улстөрчдийн тойрогтоо тараадаг бэлэг болтлоо задгайрч, утгаа журмаа нэгэнт алдав.

Сүүлдээ шагнал авч буй "Аварга малчин" нь ч, түүнийг нь гардуулж буй улстөрчид нь ч чухам ямар шалгуураар эл хүндэтгэлийг хүлээж буйгаа мэдэхээ байв. Ердөө ганцхан утга учир байгаа нь, "Аварга малчин" шагналыг авах ба түүнийг гардуулах. Тийн гардаж, гардуулж буй эгшний зургаа даруулж, нийтийн сүлжээнд тавих агуулга болжээ.

Энэ гажуудлаа эргэж нэг хараасай.

"Улсын аварга малчин" шалгаруулах журамд,

  • Мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгосон байх,
  • өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай байх, доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалсан түүхтэй байх,
  • Өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг гэрээгээр ашигладаг. Бэлчээрийг отор, нүүдэл хийх зэргээр зохистой ашиглахын зэрэгцээ мэрэгч, шавжтай тэмцэх ажилд оролцдог байх,
  • Өвс, тэжээлийг хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг байхаар тооцож жил бүр бэлтгэж, нөөцөлдөг байх,
  • Ашиг шим бүхий үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлдэг, малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх чиглэлээр орон нутагтаа үлгэр жишээч байх,
  • Сүрэгт эзлэх хээлтэгчийн тоо сүүлийн 3 жил дараалан тогтвортой өссөн, сүргийн тоо бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх;
  • Малчин өрхийн гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан байх;
  • Сүрэгт эзлэх таваарын малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх гэсэн шалгуур үзүүлэлтүүд дурджээ.

Уг бичиг цаасандаа тусгаж өгснөөр бол, дөнгүүр шалгуур тавьдаг аж. Гэхдээ үүнийг онгоц монголчилж хөөргөж, буулгадаг шигээ өөрсдийнхөөрөө эвдэж, улстөрийн сонгуультайгаа хольж хутгасаар байна.

Жил жилийн "Улсын аварга малчин" тодруулсан тоог харцгаая.

Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс харахад, УИХ-ын сонгуулийн 2020 он, сонгуулийн өмнөх 2023 онд "Улсын аварга малчин", "Улсын хошой аварга малчин" шагналын тоо нэмэгдсэн байна. Салбар яамнаас нь орон нутгаас ирсэн малчдын нэрсийг шүүж шалгаруулаад, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлуулдаг хуулийн зохицуулалттай.

Гэвчиг яг бодит шалгаруулалтын лоббиг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд хийх болсоор удав. Энэ тохиолдолд тухайн малчин 1000 давсан толгой малтай, нутаг усандаа нам, улс төрийн асуудлаар дажгүй сайн нөлөөлөгч байх агуулга л голлох шалгуур болж байна. Тойргоос сонгогдсон гишүүн, түүний намын гар хөлд таалагдсан бол ерөөс,

  • Туслах малчин цалинжуулах,
  • Хортон шавж устгалд оролцох,
  • Бэлчээрийн гэрээ байгуулах,
  • Мал ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг дээрх шаардлагуудын хангалт 1001 дүгээр асуудал болно.

Тэгсхийгээд орон нутгаас нь "монголчлоод" л материалаа бүрдүүлчихнэ ээ. Тэгээд дээрээ очоод дэмжигдэнэ. Тойргоос сонгогддог УИХ-ын гишүүд, горилогчдод тухайн нутгийн бөх, мянгат малчин, уяач нар санал хайрцаглах, хөл бэлдэхэд нь оролцоод, өнөөх нь шагналыг нь зөөдөг дууч шувуухай хийх болсныг ойрх өдрүүдийн сошиал зургуудаас харж болно.

Уг нь одоо нүүдлийн соёл иргэншил тээж буй малчдаа орлогыг нь илүү тэлэх, малын тоо толгойг цөөлж, чанаржуулах замаар өгөөжийг нь тэлэх, даатгалд хамрагдаж, татвар төлдөг систем рүү оруулах зэрэг алхмуудад төр ба төрийн түшээд гарц гаргаж өгмөөр. Ерөөс олон малтай л бол тэгээд аварга болдог энэ байдлаа боловсруулалт руу чиглүүлсэн алсын хараатайгаа уямаар.

Малын тоо ихсэх тусам цөлжилт нэмэгдсээр атал наанадаж л мод тарих сэтгэхүйтэй малчин ховор байна. Энэ бол төр засаг, улс төрчид юу ярьсан, түүнийгээ улсаараа нэг хурааж буй бидний байгаа төрх юм. Малчдаа хариуцлага хүлээдэг тогтолцоо руу оруулах, урт хугацааны зээлд хамрагдаж, бизнес хөтлөгч болгох агуулгаа нэг сүртэй төмөр, улаан халзан гэр тараалтаасаа илүү анхаармаар байна, улс төрчид өө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2 сар 7, 2024 08:58

Manai Uls m#l aj axuin oron .... UURIIG chine turuuchgui bxad AVARGA m#lchinaa todruulj URAMSHUULJ irsen. JIL BUR XAVAR TSagaan sariin umnu UGAASAA l shagnalaa olgodog bsan ....YUM BOLGONIIG ULSTURJUULEED YAXAV DE

Их мэдэх
Их мэдэх
2 сар 7, 2024 10:05

Хэмжээ хязгаартай баймаар юм. Сонгуулийн жил

Зочин
Зочин
2 сар 7, 2024 12:35

М�##�чинтайгаа үхэцгээ

Холбоотой мэдээ

Back to top button