УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Германы Ерөнхийлөгч маргааш Төв аймгийн малчин айлд зочилно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр айлчилж буй мэдээллийг нэг дороос хүргэж байна.


Маргааш /2024.02.08/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхана.

Мөн өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр "Мөнх” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Чингис хаан” музей, нийслэлийн Ерөнхий боловсролын 38 дугаар сургууль, Төв аймгийн малчин айлд зочилно.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.

Шууд дамжуулалт:

НЭМЭЛТ: 17.30 цаг

-Ф.В.Штайнмайэр: Уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллана-

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хэлэхдээ "Найрсаг Монгол Улсад урьсанд, надтай хамт хүрэлцэн ирсэн баг бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Халуун дулаанаар угтаж авсан баярлалаа. Дулаахан уур амьсгалтай Герман улсаас ирсэн болохоор Улаанбаатар хот нэлээдгүй хүйтэн байлаа. Хүйтнийг мартсан байж. Монгол Улсад дахин ирсэндээ баяртай байна. 2014 онд Гадаад харилцааны сайдын хувиар айлчилж байсан.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоороо ирсэндээ баяртай байна. Гурав дахь хөрш гэж сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодотголоо. Хоёр орон олон салбарт хамтарч ажиллаж байна. Бидний хөгжлийн хамтын ажиллагааг өнөөдөр зурсан гэрээнүүд дахин санууллаа. Цаашид хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар боллоо.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бид хоёр 2000 оноос хойш археологийн салбарт, нэн ялангуяа Хархорумд хийгдэж буй ашигт малтмалын тухай тодруулан ярилцлаа. Энэхүү ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой олдворуудыг харахад баяртай байна. Үзэсгэлэн гаргахаар хоёр тал тохиролцсон.

2022 онд бид хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлсон. 2023 онд Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн. 78 сая ам.долларыг тогтвортой эдийн засгийн хөгжил, боловсрол, эрчим хүч, уур амьсгал чиглэлд хамтарч ажиллахаар болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 35 мянган хүн Германаар ярьдаг гэж тодотгосон. Одоогийн байдлаар Германд 8800 оюутан суралцаж байна" гэлээ.


НЭМЭЛТ: 17.15 цаг

-У.Хүрэлсүх: Герман улс манайд 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгоно-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэхүү төрийн айлчлал нь Монгол, Германы ард түмний халуун дотно найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны ирэх 50 жилийн нөхөрлөл, түншлэл, хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлон хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн онцгой айлчлал болж байна.

Монгол Улс Германыг гурав дахь хөрш, Европ дахь итгэлт түнш гэж үздэг. ХБНГУ стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог. Хамтын харилцааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг бататгаж цаашид улам бүр өргөжүүлэх, улсны орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжийн талаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцлоо.

Бидний яриа хэлэлцээрийн үр дүнд стратегийн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал гаргаж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүх чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, боловсрол, шинжлэх ухаан, байгаль экологийн салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа.

Оюутан сургах, дээд боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. 1920-иод онд Их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй зохиолч Герман улсад боловсрол эзэмшиж байсан түүхтэй юм. Өдгөө 35 мянган иргэн Герман улсад боловсрол эзэмшжээ.

2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болон өргөжиж олон зуун мэргэжилтнийг бэлтгэж байгаа. 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө!

Манай улс ардчилсан засаглалаа байгуулж хууль эрхзүйн шинэ тогтолцооны үндэс суурийг тавихад Герман Улсын шүүх, хууль эрхзүйн туршлага чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2,000 гаруй энхийг сахиулагчдыг дэлхийн халуун цэгүүдэд илгээхэд герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол улсын хөгжил дэвшилд зориулан германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд манай ард түмэн ямагт талархдаг гэдгийг хэлэхийг хүсэж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон. 

Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэл төгс байна" гэлээ.


НЭМЭЛТ: 17.10 цаг

-Фото: Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав-

Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.


НЭМЭЛТ: 16.50 цаг

-Монгол, Герман хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлэв-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг Германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бэхжүүлэн, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд олон улсын түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцсан байна.


НЭМЭЛТ: 15.00 цаг

-Фото: Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийг угтах ёслол боллоо-

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон гэргий Элке Бюденбендэр нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар угтан авах ёслол Д.Сүхбаатарын талбайд болсныг шууд дамжуулалт болон фото сурвалжилгаар хүргэж байна.

Шууд дамжуулалт:


ЭХЛЭЛ: 14.00 цаг

-ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад газардлаа-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авлаа.

Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-07 18:17

Сонгуульд зориулсан бэлэн мөнгөө хийх гэж ...

Хариу
Хариу
2024-02-07 20:29

80 сая доллар өгөх юм уу. Бага мөнгө байна даа хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button