Нийгмийн

"Монголын хүн амын 914 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй байна"

“Монгол Улсын ядуурлын түвшин - 2022 онд" илтгэлийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг танилцууллаа. 

Ингэхдээ "ҮСХ өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэж ядуурлын шугамын тооцооллыг хийдэг. 2023 онд 23 мянган өрхийг судалгаанд хамруулсан. 2022 оноос эхэлж ядуурлын шугамыг тооцох шинэ суурьтай болсон. Монгол Улс хэрэглээнд суурилсан ядуурлын шугамыг ашигладаг. Энэ аргаар ядуурлын шугамыг тооцохдоо хүнсний болон хүнсний бус гэсэн ядуурлын шугамыг гаргаж авдаг.

Ингэхдээ хүний авах ёстой зайлшгүй хүнс болон хүнсний бус хэрэглээний наад захын зардлыг гаргана. Тухайн хүнсний наад захын зардал нь нийт хүн амын ядуурлын шугам болж тооцогддог. Ингээд насанд хүрсэн хүнд ногдох хэрэглээний зардал нь ядуурлын шугамаас доогуур бол тухайн хүнийг ядуу гэж тодорхойлно. 2022 оны байдлаар 418,090 төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдож байна. 

2022 оны улсын дунджаар насанд хүрэгчдэд ногдох дундаж хэмжээ 657 мянган төгрөг. Үүний 30 хувийг тухайн хүн хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Үүнийг амьжиргааны түвшинд харвал ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хэрэглээ 318 мянган төгрөг байна. 

Гэтэл ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс дөрөв дахин өндөр байна. 

2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувтай гарсан. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас бага гэсэн үг. 

Манай улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй байна. Ядуурлын шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь буюу 346.4 мянган хүн  нэмж ядууралд өртөх магадлалтай байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button