Нэг дороос | Ерөнхий сайд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхав
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байгааг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 12.00 цаг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхав. Энэхүү айлчлал Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байна.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэхүйц ач холбогдолтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудыг биелүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, уул уурхай, аж үйлдвэр, зам тээвэр, хот байгуулалт зэрэг салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх, үр бүтээлтэй хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Монгол, Германы иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод хоёр улсын хооронд үйлдэж буй шууд нислэгийг нэмэгдүүлэх, визний шаардлагыг хялбаршуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшдаг учир сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өргөн боломжтой. ХБНГУ энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр тэмдэглэлээ.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-УИХ-ын дарга Г.Занданшатар Германы Ерөнхийлөгчид бараалхав-
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.08/ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Монгол Улсад өрнөсөн ардчилал, шилжилтийн үеийн сорилтуудыг давах, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулах үйл хэрэгт Герман мэргэжилтнүүд, ХБНГУ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжиж буйд Монголын ард түмэн баяртай байна" гэв.
Дэлхий нийтээр тулгараад байгаа геополитикийн амаргүй цаг үед Монгол Улсад төрийн айлчлал хийж буй нь түүхэн ач холбогдолтойг тодотгоод энэ хүрээнд хоёр улсын өнгөрсөн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгаж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргасныг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.
Манай улсын гуравдагч хөрш болох ХБНГУ нь Европын орнуудаас Стратегийн түншлэл байгуулсан анхны улс болж байгаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, харилцан итгэлцлийг илтгэж буй хэрэг гэдгийг тэмдэглэв.
Мөн ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан эрх зүйт төрөө эмхлэн байгуулахаар зүтгэсэн Монголчуудын 30 гаруй жилийн хүчин чармайлтыг Германы төр, засгаас анхнаас нь тууштай дэмжиж, хөгжлийн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Энэ дэмжлэгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархалтай байгаагаа илэрхийлэв.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр найрсаг дотноор угтан авч буй Монголын ард түмний халуун дулаан сэтгэлд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд Элчин сайд нарын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Айлчлалын хүрээнд хэлэлцэн тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа талууд илэрхийлээд Монгол, Германы харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт тасралтгүй өргөжиж байгааг онцлов. Мөн цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх хүрээнд талууд ашиглаагүй үлдсэн олон боломжууд байгаа гэдэгт санал нэгтэй байна гэв.
Газар зүйн хувьд хоёр улс хол байрладаг хэдий ч иргэд хоорондын харилцааны ойр дотно халуун дулаан байдал үүнийг товчилж байгааг онцлон тэмдэглээд энэ нь цаашдын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн бат бэх суурь болохыг хэллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад талууд хувь нэмрээ оруулах талаар ярилцав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын улс төрийн манлайлал, тэр дундаа парламент дахь найрамдлын бүлэг хоорондын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн найрамдлын бүлгийг өргөжүүлж, шинээр Герман-Монголын парламентын найрамдлын бүлгийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр, 2024 он бол Монгол Улсын парламентын түүхэнд онцгой жил болохыг дурдсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, парламентын төлөөлөх чадавхыг нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан бөгөөд шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн квот нэмэгдэж байгаа гэв.
Түүнчлэн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бий болгосон цахим платформын тухай, Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр Монгол Улсын парламент 2023 оны 11 дүгээр сард Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгуулсан талаар тус тус мэдээлэл өгч энэ үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ч ХБНГУ-тай хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцжээ.
-Германы Ерөнхийлөгч өнөөдөр малчин айлд зочилж, айлчлалаа өндөрлүүлнэ-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ сарын 07, 08-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Айлчлал өчигдөр 15.00 цагт эхэлсэн бөгөөд Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан.
Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “2022 онд бид хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлсон. 2023 онд Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн. 78 сая ам.долларыг тогтвортой эдийн засгийн хөгжил, боловсрол, эрчим хүч, уур амьсгал чиглэлд хамтарч ажиллахаар болсон” гэж тодотгосон.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон. Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно” гэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр айлчлал дараах хөтөлбөрөөр үргэлжилж, өндөрлөнө.
Өнөөдөр /2024.02.08/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхана.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр "Мөнх” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Чингис хаан” музей, нийслэлийн Ерөнхий боловсролын 38 дугаар сургууль, Төв аймгийн малчин айлд зочилно.
Айлчлалаарх өчигдөр хүргэсэн Нэг дороос | Германы Ерөнхийлөгч маргааш Төв аймгийн малчин айлд зочилно агуулгын ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.