Битүүний өдөр тууль хайлахын учир

Монгол аман өвийн хосгүй гайхамшигт төрлийн нэг нь тууль. Тиймдээ ч монголчууд энэ гайхамшигтай өв соёлоо 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв” хэмээн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн. Олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн энэхүү өвөрмөц урлаг нэгэн үе сүйрлийн ирмэг дээр тулаад байсан бол сүүлийн үед бага ч атугай сэргэж байгаа.
Монгол туульс нь үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаадаг, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалсан уран зохиолын бие даасан бүтэц юм. Халхад ихээр дэлгэрсэн “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” гэдэг тууль л гэхэд 14 мянган шад шүлэгтэй ажээ. Ийм ч учраас ардын цэцэн билэгтнүүдийн ур ухаан, уран бүтээлч үйл ажиллагаатай туульсын бүтээлийн эхлэл цэг салшгүй холбоотой.

-Тууль бүхний өмнө “Алтайн магтаал” хайлахын учир-
Монгол туулийн гурван сүмбэр оргил нь “Жангар”, “Гэсэр”, “Алтайн магтаал”. “Алтайн магтаал” нь өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, ач холбогдол, түүхэн уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Урианхайн туульчид тууль хайлахаас өмнө “Алтайн магтаал”-ыг хайлдаг заншил нэгэнт тогтсон байдаг. Учир нь төрийн хэмжээний туульсийг айлд хайлахад хүнддэг. Тиймээс “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тухайн орчин нялхарч өөрөөр хэлбэл уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг. Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлах нь тухайн айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. “Алтайн магтаал”-ыг хайлахын тулд дор хаяж цагаас дээш хугацаа зарцуулдаг аж. Тэнд дөрвөн цаг, ан амьтан, Алтайн эздийг ирүүлж, дараа нь үдэж мордуулдаг хоёр зан үйл явагддаг байна.
Гэсэр хааны тууль: Эдүгээ хүртэл ардын хэдэн зуун уран сайханчид Түвд, Өвөр Монгол, Хөхнуурт Гэсэр баатарын үйл явдлыг уламжлан дуулсаар байна. Гэсэр хааны тууж нь НТӨ 100-300 оноос НТ YI зууны үеийн хооронд үүсч бүрэлдсэн бөгөөд мянга шахам жилийн урт хугацаанд ардын уран сайханчдын ам дамжин уламжлагдах явцдаа үйл явдал, хэлц хэллэг нь тасралтгүй баяжин хөгжиж ирсэн.
Туулийн агуулгаас дурьдвал: Эрт цагт Түвдийн газар бүхэнд мангас чөтгөр бий болж, ард иргэд гал усны гаслан зовлон амсаж байжээ. Энэрэнгүй нигүүлсэнгүй хомьсон бодьсадва хамаг амьтныг аврахын тулд тэнгэрийн сахиусан хөвгүүнийг тоост ертөнцөд туслуулахаар илгээжээ. Сахиусан хөвгүүн Туйбагава хувилан төрж Түвдчүүдийн эзэн богд Гэсэр хаан болжээ. Гэсэр хаан мангас чөтгөрүүдийг дарж, ард иргэдэд жаргалыг эдлүүлэх үүрэг хүлээж, онцгой зан чанар, ер бусын хүчин чадал олж, гурван хувилгаан сахиусыг биедээ нэгтгэж хагас сахиусан, хагас хүний дүртэй баатар болон хувирчээ. Гэсэр хаан олон саад бэрхшээл, ад зэтгэрийг давж, авъяас чадлаа бадруулан, дайн хийж дөрвөн зүгийн дайсныг эрхэндээ оруулжээ. Гавъяа зүтгэлээрээ бүрэн төгс ялалтыг байгуулж өөрийн эх, хатан зэрэг хүмүүсээ авч тэнгэрийн орондоо буцсанаар үйл явдал өндөрлөдөг. Гэсэр хааны тууж нь нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, 20 сая үгтэй ажээ.
Жангарын тууль: “Жангар” бол монгол туулийн оргил юм. XY зууны үед Ойрадын ард түмний дунд зохиогдож, нийт монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм. 2006 онд Т.Галсан “Монгол Жангар” хөлгөн их судрын хоёр ботийг хэвлүүлжээ. Жангар туульд Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дууны аяз, хүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж, яруу найраг хэлбэрээр бичсэн аман зохиолын чухал өв соёл учраас зөвхөн монгол туургатан улсуудын бус дэлхийн олон ард түмний сонирхлыг татаж, олон судлаач эрдэмтэдийн судлагдахуун болжээ.
Эдүгээ “Жангар” туулийн Халимаг, Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа бөгөөд үүнд Монголд 20 орчим бүлэг, Халимагт 30 орчим бүлэг, Шинжаанд 70 орчим бүлэг мэдэгдээд байна.
-Хар цагаан хэл ам дарж, эд баялаг дуудаж, онгод хийморь сэргээх "Аргил цагаан өвгөн" тууль-
“Аргил цагаан өвгөн” тууль нь 3800 орчим мөр шүлэгтэй. Сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг ажээ. Энэхүү туулийг өвлийн эхэн цагт зул сарын 25-наас хойш цагаан сар хүртэл хайлж ирсэн уламжлал нь нүүдэлч малчдын цаг зав, мал сүргийн тарга тэвээрэг, нутаг усны амгалан тайван, цаг улирлын боломжит байдал, /өвлийн шөнө урт тууль хайлахад тохиромжтой/ учир нь туулийн хүч чадал эрүүл мэнд зэрэгтэй холбоотой урт удаан түүхэн уламжлалын явцад төлөвшин тогтсон зан үйл юм.
Тууль бүр өөрийн гэсэн билэгдэлтэй. “Хаан цэцэн” туулийг хайлахад амар амгалан, эрүүл энх байх, “Талын хар бодон”, “Бужин даваа хаан” туулийг хайлахад гай барцад арилдаг гэж үздэг бөгөөд энэ хоёр туулийг нэг туульч гурваас дээш хайлж болдоггүй аж. Үрийн хүслэн болсон айлд “Эрх хачин харцага”, “Наран хаан хөвүүн”, буян хишиг дуудах айлд “Аргын өнчин яргай”, “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн” гэх зөөлөн туулийг хайлдаг. Урианхайчууд хараал хүрсэн, үхэл зовлонтой айлд “Долоон догшид бүхүй туульс” буюу “Довон хар бөх”, “Талын хар бодон”, “Хүрэл арслан магнай”, “Хүч ихт хүрэл хаан”, “Баатар бор магнай” зэрэг хатуу тууль хайлдаг байжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.