Top StoriesСурвалжилга

Монгол хүний өнөөдрийн уншлагад: 1207 оны Цагаан сараар Чингис хаан Өүлэн эхтэй эртлэн золгосноос хойш...

Хилэнт эх хэмээх модон луу жил гарч байна.

Цар тахлын үеэс хойш цагаан сарын баярт зарим талаар шүүмжлэлтэй хандах хандлага илтэд нэмэгдсэн гэж хардаг. Энэ жил мөн л хөөрөглөвөл халдварт өвчин тархана, олон янз айл хэсэх дэмий, ууц шүүс тавих буруу гэхчлэн сэтгэгдлүүд сошиалд хөвөрч байна. Уул, овоон дээр гарч өглөөний нар харах, шинийн нэгний зүг мөр гаргах ёсыг ч зөв, буруу гэж талцах болсон нь өнөөдрийн явдал биш. Харин цагийн аясаар соёл өөрөө өөрийгөө шинэчилдэг нь үнэн ч монголчуудын хувьд зарим ёс төрийг ёс төр чигт нь ойлгож, хадгалж үлдээх амин чухал шаардлага бий л.

Ер нь монголчууд бид өөрсдийгөө нүүдэлчид болохоор соёлын материаллаг өв  үлдээгээгүй гэж ярьдаг. Ялангуяа ном судар бичдэггүй, хадгалдаггүй, тэр хэрээр судалж, сонирхдоггүй, ердөө зэрлэг бүдүүлэг маягтай, урд хөршийг хааяахан дайлаар мордож тоноод, торго дурдан сэлтээр гоёж гооддог байсан мэтийн дэндүү хөнгөмсөг яриа ярилцах нь ер цөөн биш ээ. Угтаа наад зах нь, тухайн цагтаа ихээхэн орчин үеийн нийслэл хоттой, дэлхийн хоёр ч цэгт одон орон судлалын төв байгуулан ажиллаж байсан ард түмэн шүү дээ.

Хүчирхэг цагтаа хүчирхэг явснаа умартаж боломгүй торгон цаг үеийн эхлэлд бид улам хүчтэйгээр нүүр тулж байна.

Суу билигт Инжаннаши бээр “Хөх судар” романдаа Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад, жил бүр Цагаан сарын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байх зарлиг буулгасан талаар бичсэн нь өнөөдөр хамгийн чухал эш баримт юм. Чингээд Чингис хаан 1207 оны Цагаан сарын баяраар Өүлэн эхэд эртлэн очиж золгосон гэжээ. Энэ бол бидний өнөөдөр тэмдэглэж буй баяр Чингис хааны үед хэдийнэ хэвшсэн байсныг шууд баталж буй явдал.

Нөгөө талаар тухайн цаг үедээ дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн байсны хувьд он тооллын нарийн системтэй, түүндээ уялдан шинэ жилийн баярыг тэмдэглэж байсны л энгийн илрэл болно. Сар шинждэг 12 жилийн тоолол бол тэртээ Хүннүгийн үеэс эхтэй. Хүннүгийн үеэс уламжилж ирсэн соёлыг Чингис хаан бээр эрхэмлэн дээдэлж, Монголын эзэнт гүрнийг байгуулах тулгуур суурь механизм болгож ирсэн байдаг. Хүннү гэхэд л өдгөө барууны ертөнцийн хүрээнд өрсөлдөгчгүй шүтдэг эртний Грек, Ромын цаг үетэй давхцаж очно шүү дээ. Хүннүчүүд эртний Грекийн бурхад бүхий ихээхэн чамин, өндөр ур хийцээр бүтсэн хөөмөл, цохимол гоёл чимэглэл хэрэглэж байсан баримт өнөөдөр ч “Чингис хаан” музейд хадгалагдаж байна. Бид уг нь ийм өнө эртний уламжлалтай, түүнийхээ залгамж халаан дээр мандан бадарч явсан ард түмэн юм.

Гагцхүү улс гүрэн битгий хэл хувь хүн ч нэгэн үе бадарч, нэгэн үе гунддаг ертөнцийн  зүй тогтлоор монголчууд сүүлийн 300-400 жилд мөнөөх олон мянган жил хадгалж, залгамжилж ирсэн соёлын капиталаа таслуулсан. Манжийн үед шарын шашныг авахдаа бас боломжийн хэрээр монголчилсон, Богд хааныг нэг ёсондоо Чингис хааны хувилгаан дүр мэтээр сүсэглэн шүтэж, тодруулдаг, хүндэтгэдэг байсан шинж төрх сурвалж бичгүүдээс ажиглагддаг.

Манжийн үед шарын шашны шар зурхайн тоолол Монголд нэвтэрсэн.

Шар зурхайгаар Цагаан сар тэмдэглэж байхыг хуульчилсан, анхны баримтыг 1712 онд, Манжийн эрхшээл эхэлсний дараа үйлджээ. Энэ үед Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас манай төрийн хэргийг шийдэж байв. Харин Бээжингээс илгээсэн дээрх зарлигийг эсэргүүцэн, Хөх нуурын Дээд монголчуудын төлөөлөл болох зурхайч, одон орон судлаач Сүмбэ хамба Ишбалжир Төвдийн зурхайг Монголын цаг уур, уул усны онцлогт тохируулан, 1747 онд өөрчлөн боловсруулсан юм. Энэ бол он цаг тооллын шинэ систем, Төгс буянтын зурхай. Иймд Цагаан сар тэмдэглэхэд шар зурхайгаас зөрдөг. Үндсэн загвар нь Төвд зурхай ч Төвдүүдийнхээс ялгаатай. Үүнээс хойш 300 орчим жилийн турш бид Төгс Буянтын зурхайг ашиглаж байна.

Л.Тэрбиш гуай Сүмбэ хамба Ишбалжирын аргачлалд үндэслэдэг ба 12 жилийг таван махбодь, таван өнгөд хуваадаг. 12-ыг 5-аар үржүүлж, 60-ны тооллыг ашигладаг. Сүмбэ хамба Ишбалжирийн өөрийн тооцооллоор энэ аргыг Чингис хаанаас өмнө, Кидан улсын үед анх ашигласан гэж үзнэ.

Манжийн үед он тооллын системийн хувьд ч ийн дархлаажиж байсан.  

Харин бид зөвлөлтийн үед учир мэдэх бүх хүмүүсээ бүр цаасан дээрх бүртгэлийн дагуу хядуулсан. Соёлын капитал тээж яваа хувь хүмүүсийг хэлмэгдүүлэн хороогоод зогсохгүй биет сурвалж бичиг, сүм хийдүүд, барилга байгууламжуудыг ч устгасан. Энэ завсар үеийг бид өнөөдөр цоо шинээр эргэж харах ёстой.

Залгуулаад Ардчилсан хувьсгал гарч, нийгэм нээлттэй болсон ч Зөвлөлтийн оронд барууны улсууд очоод л суучихсан янзтай. Хоёулаа л “Та нар буурай. Хоцрогдсон. Бид бол хөгжлийн зам мөр. Биднийг дага, бид тусалъя” гэсэн мессежээр хөгжиж буй орнуудад тулган хүлээлгэх замаар хандсаныг соёл судлалын хувьд ялгаагүй колоночлолын бодлого гэж нийтээр үздэг. Зөвлөлт болон барууны ертөнцийн ийм бодлого арга хэрэгслийн хувьд л өөр. Өнөөдөр харин Америкийн ардчиллыг ч тэр чигтээ зүүний бодлого болж хувирсан талаар батлан ярьж хэлэлцэж, үндэстний цөөнхүүд, хөгжиж буй орнууд эрх ашгаа нэгтгэж байна.

Зөвлөлтийн үед хөөрхий, Цагаан сарыг “Малчдын баяр”, “Нэгдэлчдийн баяр” мэтээр нэрлэж, ёс төдий тэмдэглэн өнгөрүүлдэг, хавчиж гадуурхдаг байсан. Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн үндэсний шинжтэй шинэ жилийн баяраа ингэж алдана гэдэг харамсмаар хэрэг мөн. Авчиг монголчууд аль болох элбэг дэлбэг, өөд хийморьтойгоор баяраа тэмдэглэсээр ирсэн нь аман яриа, сурвалж бичгүүдэд үлджээ.

Хөөрхөн ч гэмээр баримт түшиглэн өгүүлэхэд,

“Ардын журамт цэргийн дурдатгалууд” хэмээх гурван ботид Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж байсан талаар дурссан байна. 1910-аад оны үед Цагаан сар тэмдэглэхийн тулд гэрээ зараад, гэхдээ гэрээ Цагаан сарын дараа өгөхөөр тохирч, баярын дараа гэргүй болсон тохиолдлыг бичсэн байх.

Тэр үед цайны авдрыг хунз гэж нэрлэдэг байжээ. Нэг айл хоймрын авдрынхаа оронд хунзтай цай өрөн, баярхжээ. Гэтэл нэг согтуу хүн шар нь хөдлөөд, ямар их баярхдаг юм гээд өшиглөтөл өнөө хунзаа туйпуугаар дүүргэсэн байжээ гэх жишээтэй.

Яагаад ч юм Цагаан сараар баярхдаг хандлага бол хавчигдаж, дарагдаж байсан үеэс улбаатай ийм сэтгэлгээ ч юм шиг. Түүнээс өлссөндөө, зүдэрсэндээ монголчууд Цагаан сараар “их иддэг” байгаагүй юм. Философич С.Молор-Эрдэнэ хааяа тэгж, жилдээ ганц цадаж авах гэж л Цагаан сар хийдэг байсан мэтээр тайлбарлаад байдаг.

Манжийн үед хөөрөг, хэвийн боов нэвтрээ л биз. Гэхдээ учир мэдэх монголчууд өөрсдийн соёлын дархлааг алдалгүй тэмдэглэж байсан цаг үеийн явдал аа. Яг үүн шиг, өнөөдөр бид Цагаан сарын баярын тухай ярья гэвэл юу нь нүүдэлчин монголчуудынх вэ, утга учир нь чухам юу вэ, хамгийн чухал нь аль вэ гэдгийг л хэлэлцэх, нарийвчлан судлах явдал. Ингээд хот газрын хэв маягт тохируулж, улам ёслол төгөлдөр тэмдэглэх асуудал л чухаг болохоос хаях, гээх, ач холбогдлыг нь бууруулж үнэлэх зэргийн яриа байж болохгүй.

"Монгол" гэдэг агуулгын чухлыг ойлгосон хүмүүс өнөөдөр хэт туйлширсан, судалгаа нотолгоонд бага үндэсэлсэн хэв шинжээрээ шоолуулж ч байгаа, үнэхээр орчин үеийн мэдлэг боловсролын дүүжлүүр шаардлагад хүлээн зөвшөөрөгдөн тэнцэх ч үгүй байгаа. Одоо харин шинэ үе, шинэ залуус энэ агуулгыг шинэ нүдээр харж, ярилцан хэлэлцэх цаг юм. Хоцрогдсон биш, харин хамгийн цоо шинэ сэдэв бол бидний хувьд "Монгол".

Аливаа гүрэн улсын хүчирхгээр мандан бадардаг дундаж хугацааг тооцож үзсэн ч гэлээ, дэлхийн хүчний тэнцвэр идэвхтэй шилжиж байна.

Саяхан Г.Аюурзанын монголчуудын тухай гурван цагаан ном хэвлэгдсэнийг уншсан. Түүнд “Монголчууд үйлийн үр их хураасан. Түүнийгээ төлж байгаа байх. Гэхдээ одоо дахин сэргэх цаг ирсэн” хэмээх утга бүхий өгүүлбэр шигтгэсэн байна билээ. Ноднин Төвөд судлаач Г.Ням-Очир буюу Танхай бандитай ярилцахад тэр ч мөн “Монголчууд үйлийн үрээ эдэлж барж яваа ч бурхан бидэнд нөхөн төлбөр өгөх цаг ирсэн” гэж хэлсэн нь Г.Аюурзаныхтай тийн давхцаж, ихээхэн олзуурхсан билээ.

Монголчууд үргэлж өнөөдрийнх шиг байгаагүй юм. Монголчуудыг хүчирхэг байх үед Оросууд тархай бутархай, төрт улс ч үгүй, Америкийн нэгдсэн улс гэж бүр хөрстөд бий болоо ч үгүй байв. Харин Хубилай хааны үед манай эзэнт гүрэн ажил хэргээ бүр Бээжингээс удирддаг байв даа. Факт учраас омойтлоо гэж бүү хараарай. Харин эргэн хүчирхэгжих сайн цаг ирж буй, ирнэ гэдэгт монгол хүн бүр дүүрэн итгэлтэй байгаарай.

Монгол орон үүрд мандан бадраг!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-10 08:47

Ийм дэмий юм бичиж солиорхоо болиочээ. Ийм хоцрогдсон баярыг тэмдэглэж хөрөнгө зарах ямарч хэрэггүй. Манайд өнөөдөр 1 сая гаруй нэн ядуу иргэд байна. Иймд тэр иргэд хөөрхий. Баячууд нь бялг�##�зах хэрэггүй.

Зочин
Зочин
2024-02-10 10:29

Цагаан сар 1207 хавар биш намар тэмдэгэлдэг байсан байна. �##�тан товч дээр байгаа даа

Ф аак эгүүр
Ф аак эгүүр
2024-02-10 11:07

Бас л нэг anti Russia гар л байна

Зочин
Зочин
2024-02-10 18:16

Болждээ.

Dr. Adity
Dr. Adity
2024-02-10 21:02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худ�##�дахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямр�##�ын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр сан�##� болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагд�##�д орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Мундаг
Мундаг
2024-02-11 17:50

Энэ ямар их мэдэгч гараад ирээ бэ? Нэг л их Чингис ярьсан, баяссан хөөрсөн хүмүүс. Тэглээ гээд юу өөрчлөгдөж байна бэ?

Холбоотой мэдээ

Back to top button