Иргэд автобусны буудлаас төрийн байгууллагын 467 үйлчилгээ, 77 лавлагааг авдаг боллоо
Автобусны буудлууд дээр төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" цэг байршиж эхэллээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хуучин эцэс, 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн автобусны буудал дээр төрийн үйлчилгээний цэг байршлаа. Ингэснээр 16 дугаар хорооны 11 мянга, 18 дугаар хорооны 9 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна гэсэн үг. Өмнө нь тус хороодын иргэд 5-8 км зам туулж, төрийн үйлчилгээ авдаг байсан бол одоо өөрт ойр байрлах автобусны буудлаас бичиг баримт, төлбөр мөнгө шаардахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрджээ.
Төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр түргэн шуурхай, хаанаас ч ойрхон хүргэх нь түгжрэл, төвлөрөл, хүнд суртлыг бууруулах бодит алхам гэж үзэж буй. Одоогийн байдлаар нийслэлд 46 цэгээр, орон нутагт 81 цэгээр, хилийн чанадад 24 оронд гадаадад буй иргэдэд үйлчлэх 38 цэгээр төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 77 төрлийн лавлагаа, мэдээллийг олгох үйлчилгээг операторын горимоор хүргэж байна. Цаашид нийслэлийн бусад дүүргүүд, шаардлагатай хороод, орон нутагт сумдуудад “Хурдан” цэгийг байршуулах ажлыг ЦХХХЯ, ТЦҮЗГ, E-Mongolia хамтран зохион байгуулах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.