Нийгмийнтөсөв

О.Номинчимэг: Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг тусгасан

Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө.

2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 309 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 165 нь төрийн өмчит, 144 нь төрийн бус өмчит сургууль байгаа юм. Эдгээрт 381 мянган хүүхэд суралцаж байгаа бол цэцэрлэгийн хамрагдалт 92.5 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Жилд дунджаар 20 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж байна. Үүнтэй холбоотойгоор сургуулийн барилга байгууламж, орчин, хүртээмжийг сайжруулахад анхаарах шаардлага тулгарч буй. Энэ оны нийслэлийн төсөвт сургууль, цэцэрлэгийн 47 барилга, байгууламжийн өргөтгөл, засвараас гадна шинээр байгуулахаар 122 тэрбум төгрөг тусгасан. Харин төсвийн тодотголоор газар зохион байгуулалтын алдаанаас үүдсэн сургууль, цэцэрлэггүй хотхон, дүүргүүдэд газар чөлөөлөлт хийж, улсын цэцэрлэг, сургууль байгуулахаар боллоо. Тухайлбал,11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг тусгаж, 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ингэснээр боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд нийслэлээс 148 тэрбум төгрөг төсөвлөж байна гэсэн үг. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны “Алтай” хотхон, мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Маршал таун”,  “Кинг тауэр” хотхон орчимд 960 хүүхдийн сургууль, Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг барихаар тус тус төлөвлөж буй.  Мөн Баянгол дүүргийн 28 дугаар хорооны “Материал импекс”, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг тусгаад байна. Үүнээс гадна 1989 оноос хойш засвар хийгээгүй 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байр болон сургуулийн барилгад 4.5 тэрбум төгрөгөөр их засвар хийхээр төлөвлөсөн.

Бага тойруу доторх сургууль, цэцэрлэгийн ачаалал ихсээд байна. Үүний улмаас хотын төвийн 47 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Хотын төвд байрлах сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн 25 хувь нь хамран сургах тойргийн бус хүүхдүүд байна. Энэ нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй. Иймд төвийн сургуулиудад өргөтгөл хийхээс илүүтэйгээр хотын захад байрлах сургуулиудад боловсролын чанарыг сайжруулахаар зорьж байна. Зөвхөн барилга, байгууламжийг сайжруулахаас гадна чанарын хүртээмжид анхаарах цаг болсон гэлээ.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлөхгүй байсан бүх аж ахуйн нэгжтэй зөвшилцчихсөн үү?

-Сургууль, цэцэрлэг барих газар чөлөөлж буй таван байршил байгаа. Бүх байршил дахь аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, асуудлыг шийдсэн. Газрыг нь шийдвэрлэсэн байршлуудад сургууль, цэцэрлэг барих төсвийг хуваарилж байгаа юм. Цаашлаад сургууль, цэцэрлэг барих шаардлагатай 10 байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөж байна.

-Шинээр барих сургууль, цэцэрлэгүүд хэзээ ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлэх вэ?

-Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан 11 сургууль, цэцэрлэгийн ажлын хоёр нь их засвар. Их засварын ажлуудыг энэ онд хийж дуусгана. Харин шинээр байгуулах сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын хувьд тендер зарлаж, шалгаруулах, шугам сүлжээ татах, барилгын ажил гэх мэтээр энэ онд эхлүүлж, 2025 онд дуусгахаар төлөвлөж байна.

-Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд тусгасан бэ?

-Түгжрэлийг бууруулахын тулд олон арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд нийтийн тээврийн төрөл, хүртээмж болон авто замын сүлжээг нэмэгдүүлэх, авто зам, уулзварын нэвтрэх чадварыг сайжруулах, эдгээрт шаардлагатай газрыг чөлөөлөх гэх мэт арга хэмжээг энэ оны төсөвт тусгасан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор зарим журамд өөрчлөлт орж, шинэ есөн журмыг баталсан. Шинэ хууль, журмын хэрэгжилтийг хангахтай холбоотой хөрөнгийг мөн энэ оны төсөвт тусгаад байна. Энэ онд багтаан метроны гүйцэтгэгч компанийг шалгаруулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж, төсөвт тодотгол хийсэн гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button