Зөвлөгөө: Осгосон малыг дулаан байранд оруулалгүй, сэрүүн газарт битүү хучаарай

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нүүрлэв. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Энэ цаг үед тохиогоод байгаа нөхцөл байдалтай холбогдуулан малчдад цас, зудтай үед тохиолдох эмгэгүүдэд авах арга хэмжээний зөвлөгөөг хүргэж байна.
Мал эцэж өеөдөх
Цас зудтай үед тарга тэвээрэг мал эцэж ядарснаас хэвтэрт орж, эцэж өеөдөн босож чадахгүй болдог. Ийнхүү дор орсон малын бие ялангуяа үе мөчнүүдэд оршиж цаашид улам хүндэрнэ.
-Өеөдсөн малын арчилгаа, сувилгаа, тэжээлийг сайжруулан сувилахаас гадна газарт гал түлж, цог нурмыг зайлуулан халуун шороон дээр малаа хэвтүүлж босговол биеийн чилээ, оршоо гарч өеөдөхгүй болно.
Шилбэний үс, арьс халцрах
Малын шилбэний халцархайг цэвэрлэж, аргалын үнсээр арчиж хатаагаад хоромхон болон адуу, тарвага, загасны тосыг хөөтэй хольж түрхэн гаднаа авч үлдэн 2-3 хоног тэжээхэд эдгэрнэ
Мөн даавуу, хөдөс зэргийг ашиглан шилэвч хийж, халцрахаас хамгаалж болно. Өсвөр насны малын хамар амархан хөлддөг тул адууны өөх, тос, шар тос, зэргийг түрхвэл хөлдөхгүй.
Даарч бээрсэн мал цас идэж чадахгүй байсаар усаар дутагдаж үхэх явдал гардаг тул усан хангамжид анхаарч, бүлээн хар цай, давстай бүлээн усаар усалж байх хэрэгтэй.
Сархинаг хатах
Хар цагаан зудын үед болон хуурай хүчит тэжээлээр тэжээж байгаа үед малыг хангалттай услаагүйгээс шалтгаалж, сархинаг хатах нь элбэг тохиолдоно. Сархинаг хатсан хонийг гэнэт босноход явж байгаад байн байн ойчиж, хөлөө дээш харуулан сарваганан хэвтэх шинж тэмдэг үзүүлнэ. Сархинаг хатахаас сэргийлэхийн тулд малаа тогтмол сайн услах нь чухал.
Сархинаг хатсан малыг услахаас өмнө давс өгөх, давстай усаар услах нь сайн нөлөөтэй.
Осгосон малыг тэнхрүүлэх тухай
Анхаарах зүйлс: Осгосон малыг гэнэт дулаан байранд оруулж болохгүй. Юун түрүүнд сэрүүн газар оруулж битүү хучин, гар тостой хар цай 100-150 граммаар нэг цаг эсвэл 30 минутын зайтагаар босох хүртэл нь өгнө.
Шар тостой хар цайг бэлтгэх ба өгөх хэмжээ: 10 литр усанд цайнаас нэг том атгыг хийж идээшүүлээд сулхан атга давс, нэг хоолны халбага шар тос хийж сайн самраад халуун бүлээнээр нь өгөх бөгөөд бог малд 500 грамм, бод малд 2-3 литр уулгана. Үүний дараагаар айраг бүлээтгэж 400-500 граммаар өгөх нь осгосон мал сэргэхэд нэн тустай.
Шар будааны зутан бэлтгэх ба өгөх хэмжээ: Нэг кг нунтаглаж нүдсэн шар будааг 10 литр усанд хийж буцалгаад үхэрт өдөрт 3-4 кг, бяруу тугалд 500 грамм, нялх төлд нэг литр усанд 200 грамм нунтаг шар будаагаа хийж 30-100 граммаар өдөрт 2-3 удаа өгөхөд хурдан тэнхэрнэ.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЭДЭЭ МОНГОЛНУУДАА НААД ОСГОСОН ҮХЭР МАЛДАА АРХИ САЙН УУЛГААРАЙ ХЯТАДЫН ТАЛЫН ХАР АРХИ БОЛ БОСГООД ИРНЭ ШҮҮ НЭГ МАЛЧИН АЙЛД МАЛЫХ НЬ ТООГООР ӨГЧИХВӨЛ ӨӨРСДӨӨ СОРЧИХНОО БАС ЛАЙТАЙ Ч ЮМАА ӨӨРСДӨӨ СОРОРХГҮЙ ГЭЖ АМЛА ТЭГВЭЛ ӨГНӨ