Чуулган | Хоёр байнгын хороо хуралдах тул нэг цаг завсарлалаа

ЭХЛЭЛ: 10.20 цаг
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2024.04.11-ний өдрийн нэгдсэн хуралдааныг нэг дороос хүргэж байна.
ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулж байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн ТББХ, ЭЗБХ хуралдах тул чуулганы нэгдсэн хуралдааныг нэг цаг завсарлуулав. Мөн Төрийн ордонд Ерөнхийлөгчийн санаачилсан багш нарын их хурал болж байгаа аж.
НЭМЭЛТ: 10.45 цаг
-Д.Ганбат: Сонгогдохын төлөө яарч, хүний тойргоор өлөн зэлмэн царайлаад явах юм-

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Асуудлууд бөөгнөрч байна. Байнгын хороодын ирц ч хүрэхгүй байх шиг байна. Сонгогдохын төлөө яараад байх юм. Хүний тойргоор өлөн зэлмэн царайлаад явах юм. "Босоо хөхдөг"-үүд, хэвтээ цэхэрүүд гээд баахан юм дагуулчихсан. Тэгээд яах вэ. Өвөрхангай манай аавын нутаг л даа. Сайхан зун болох байх аа. Сааль сүүний сав тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж байгаа байх. Тэртээ тэргүй сонголтоо хийчихдэг юм.
Нэгдүгэрэт, сонгууль болгоны өмнө гарч ирдэг С.Зоригийн асуудал байна. 26 жил өнгөрчээ, хүн алуулаад. Одоо хөшөөнд нь алга дарам газар ч өгөхгүй гэж байх шиг байна. Оддоо С.Зоригийн хэргийг нууцаас гаргах нь зөв байх аа. Ар гэр нь ч хүсдэг юм билээ. Болохгүй бол гадны мөрдөн байцаагчдийн авч ирж ажиллуулахгүй бол энэ хэргийг нэг цагдаагийн дарга гарч ирээд МАН ялвал илэрнээ л гэсэн. Байхгүй. Парламентын дэд дарга Г.Батхүү агсны асуудал. Энэ хэрэг дээр ч гадны мөрдөгчдийг ажиллуулах хэрэгтэй. Хамгийн том хулгайч нарын МАН-ын удирдлагууд ивээлдээ авдаг. Хоёрдугаарт, хүүхдийн хүчирхийллийн асуудал. Хүүхдэд ээлгүй Засгийн газар. Ямар ч харанхуй, хатуу засаг юм бэ дээ. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллэл үйлдэхийг өөгшүүлсэн хууль баталсан. Үүнээс болж, 12, 13 настай хүүхдийн амь насыг бүрэлгэдэг. Өөрийг нь хамгаалж өгөх ёстой цагдаагийн дөрвөн алба хаагч хүчирхийлэл үйлдсэн гэж яригдаж байна" хэмээлээ.
НЭМЭЛТ: 10.30 цаг
-Б.Пүрэвдорж гишүүн Увс аймгийнхны "Цагаан хоолой" болов-

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалттай холбогдуулан зарим гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Увс аймгийн иргэд юу ярьсныг УИХ-ын чуулганы индэр дээрээс уншиж дамжуулан "Цагаан хоолой" болов.
Тэрбээр, "Увс аймгийн Ховд аймгийн иргэн Ц.Пойноо гуай: Монголын хөгжлийг доош нь татдаг хүмүүс бол хулгайч нар шүү. Тиймээс сонсгол хийгээд орхичихвий. Хариуцлага тооцох ажлыг хийгээрэй гэсэн. Увс аймгийн Малчин сумын иргэн Б.Цэенжаргал. Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт 12-р сарын 11-нээс хойш гүйцэтгэлийн санхүүжилт орж ирээгүй. Сум нь аймагт, аймаг нь хотод өртэй бөөн сүлжээ үүсчхээд байна Эрүүл мэндийн сайд анхаараарай. Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Д.Лхамаа: Зөрчлийн хууль харгис байна. Машиндаа эхнэр, гурван хүүхэд, ээжийгээ суулгаад явахад торгодог. Хэнийг нь суулгахгүй хасах юм гээд асуухаар хариулдаггүй. Увс аймгийн Өлгий сумын малчин: Малчдын хүүхдүүдийг гуравдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд амраадаг баймаар байна" хэмээн уншлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ард түмнээ хямд төсөр хүнсээр хангах ажил төрийн үүрэг байх ёстой. Энэ үүргээ бид биелүүлэх ёстой. 2023 оны арванхоёрдугаар сараас эхэлж гурилийн импортын гаалийн татварыг тэглэх асуудлыг яриад удлаа. Ямар учиртай удаад байгаа юм. Монголчуудын эсрэг бүлэглэлийн тухай бид хэзээ хэлэлцэх юм бэ. Дийлэхгүй байсаар монголын төр сөхөрлөө. Үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх гэж байна гэж худал хуурмаг мэдээлэл тараадаг нам дамжсан бүлэглэл байна. Энэ асуудлаа өнөөдөр ҮАБ-ын хэмжээнд ярьж, шийдлээ гаргаач ээ, эрх баригчид аа" хэмээлээ.
-Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хасах эсэхийг хэлэлцэнэ-

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2024.04.11/ 10.00 цагт эхлэх бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байна. Үүнд:
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 8 гишүүн 2024.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/
·“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Бусад
·Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gishuundee amjilt.Tetgevert mash ih zuil hiiseen.bid shimiig n hurteed yavj bn.Dahin garch bidni toloo boditoi ajil hiih n damjiggui ee.Ard tumen taniig demjiij bgaa shu