"Манайд дахин боловсруулах үйлдвэрүүд хөгжиж иргэд, ААН-үүд хог хаягдлаа ангилах хүсэлтэй болж байна"
Хог хаягдлаас үнэ цэнэ бий болгох “Go Recycle” буюу “Дахин боловсруулцгаая” аяныг “Өнгө нэм” төрийн бус байгууллагаас санаачлан 2024-2027 онд иргэд болон аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлаа ангилан ялгахад уриалж, мэдлэг олгох замаар дадал зуршил болгоход нөлөөлөлж эхэлжээ.
Монгол Улсад 2022 оны байдлаар жилд 2.8 сая тонн хэмжээний хог хаягдал гарч байгаагаас хамгийн багадаа 22-30 хувь нь дахин боловсруулагдах боломжтой. Гэвч иргэд болон ААН-үүд мэдлэг дутуу байгаагаас төвөгшөөж хог, дахивар хоёрыг нэг саванд хийж байна.
Энэ талаар “Өнгө нэм” ТББ-ын тэргүүн Н.Амгалан-Эрдэнэ “Өнөөдөр манай улс хог хаягдлынхаа 7.6 хувийг л дахин боловсруулж байна. Ангилан ялгалтыг дадал зуршил болгох төслийг урт хугацаанд хэрэгжүүлэх зорилго нь дор хаяж 22 хувьд хүргэх юм. Нэг үеэ бодвол манайд дахин боловсруулах үйлдвэрүүд хөгжиж мөн иргэд, ААН-үүд хог хаягдлаа ангилан ялгах хүсэлтэй болсон хэдий ч арга барилаа олохгүй байна. Тиймээс олон нийтэд цэгцтэй мэдлэг ойлголт өгч, хог хаягдлын ангиллыг сайжруулснаар боловсруулах үйлдвэрүүдийг цэвэр түүхий эдээр хангах хэрэгцээ бий” гэлээ.
Жишээ татахад, 2021 онд жилд 20 мянган тонн хуванцар дахин боловсруулах үйлдвэр,жилд 11 мянган тонн цаасан хайрцаг боловсруулах үйлдвэрүүд нээлтээ хийсэн. Түүнчлэн аюултай хог хаягдал дахин боловсруулах Монгол Улсын анхны үйлдвэр 2024 оны 3-р сарын 1-нд нээлтээ хийсэн гээд энэ салбарт ахиц дэвшил гарсаар байна. Тиймээс иргэд, олон нийтэд хог хаягдлын мэдлэг ойлголтыг өгч дахин боловсруулагдах хог хаягдлыг хүрэх ёстой газарт нь хүргэх нь уг аяны зорилго юм.
“Дахин боловсруулцгаая” аяны хүрээнд дахин боловсруулагдах хог хаягдлыг боловсруулах үйлдвэрт хүргэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байна. Иймээс эхний жилд нийслэл Улаанбаатарт аяныг хэрэгжүүлэх бол цаашлаад 21 аймаг руу хүрээгээ тэлэхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.