УЛС ТӨР

"Нэр дэвшигчид ирэх 7 хоногт тодорхой болно, саналын хуудасны загвар батлагдсан"

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг танилцуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир: Сонгуулийн хороо ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Эхний ээлжид сонгуульд нэр дэвших нам эвслээ бүртгээд авчихлаа. Өнөөдрийн байдлаар 23 нам хоёр эвсэл бүртгүүлсэн байна.

330 суманд, аймаг, нийслэлд сонгуулийн хороо байгуулагдсан. 2,196 хэсэг байгуулагдах бэлтгэл ажлыг хийж байна. Тавдугаар сарын 14 гэхэд бүх хэсгүүдийг байгуулж дуусна.

Өчигдөр СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасныхаа загварыг баталсан. Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно. Одоогийн байдлаар 77 бие даагч тодорхой болж байна. Бид эдгээр бие даагчдадаа тав дахь өдөр тусгайлсан сургалт зохион байгуулна. Харин нэр дэвшигчид энэ сарын 14-21-ний хооронд тодорхой болно.

Иргэд болон олон нийтийн зүгээс хуулийн албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй байхад нэр дэвших хүмүүс сурталчилгаагаа эхэлчихлээ. Үүн дээр хяналт тавьж байна уу гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Үүнтэй холбоотой мэдэгдлийг бид өчигдөр гаргасан. Энд хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.

Хууль бус сурталчилгааг Сонгуулийн хуулийн 48-ийн 1-д зааснаар найман төрлийн үйл ажиллагаан дээр хориглох заалттай. Мөн зөрчлийн тухай хуулийн 17-ийн 1-д зааснаар нэр дэвшигч болон нам эвслүүд хууль бус сурталчилгаа явуулсан тохиолдолд бүтгэхээс татгалзах, бүртгэсний дараа бол бүртгэлээс хасна. Энэ чиглэлд хатуу байр суурийг баримталж, хууль зөрчигчидтэй тэмцэнэ. Урд нь бол аялдан дагалдаж байсан бол энэ удаа үгүй гэв.

Харин СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, "Саналын хуудас пропорционалиар 48, мажоритараар 78 гишүүн дугуйлах 2 хэсэгтэй байна. Нэгдүгээрт, 48 гишүүнийг сонгох санал тэмдэглэх хэсэг. Хоёрдугаарт 78 гишүүнийг сонгох хэсэг.

Иргэдийн зүгээс сонгууль хэрхэн өгөх, ямар хуудас яаж бөглөх асуудал тодорхойгүй байгааг хэлж байгаа. Бид эхний ээлжид хэдэн нам, эвсэл оролцох вэ гэдэг тодорхой болсны дараа саналын хуудсаа боловсруулж эхэлдэг гэдгийг хэлмээр байна.

Энэ жил бид сонгогчдодоо хүрч ажиллана. Иргэдэд мэдээлэл өгөх байнгын нээлттэй асар ажиллуулна. Саналын хуудсан дээр нэр дэвшигчийн болон намын нэр ямар дарааллаар бичигдэх, овог нэрийг ямар үсгээр бичих нь хүртэл нарийн заалттай. Энэ зохицуулалтын хүрээнд л явагдана. Саналын хуудастай холбоотойгоор зургаан намаас дөрвөн хүсэлт шаардлагыг СЕХ-нд ирүүлсэн. Эдгээр шаардлагаас хуульд нийцэж буй нэг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэлээ. Саналын хуудас бол ил болон далд нууцлалтай тусгай үнэт цаас.

Бичигдэх дарааллын хувьд дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа намуудын нэрийг жагсаана. Эвслийн тухайд ч мөн адил. Харин нэр дэвшигдийн нэрсийн дарааллын байршлыг нам өөрөө шийддэг. СЕХ-д албан ёсоор хандаж, санал хураах төхөөрөмжийг туршиж, үзэж, шалгаж болно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button