УЛС ТӨР

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойрог байгуулахаар боловсруулжээ. Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулжээ. Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн  зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан боловсруулсан байна. 

Үүнд:

  • Баянзүрх дүүрэг 3 тойрог, 10 мандат
  • Сонгинохайран дүүрэг 2 тойрог, 10 мандат
  • Баянгол дүүрэг 1 тойрог, 6 мандат
  • Сүхбаатар  дүүрэг 1 тойрог, 4 мандат
  • Чингэлтэй  дүүрэг 1 тойрог, 4 мандат
  • Хан-уул дүүрэг 1 тойрог, 6 мандат
  • Багануур дүүрэг 1 тойрог 2 мандат 
  • Налайх дүүрэг 1 тойрог, 2 мандат
  • Багахангай дүүрэг 1 тойрог, 1 мандат байх  аж.

2020 онд нийслэлийн 9 дүүрэг нийт 923,389 сонгогчтой байсан бол 2024 онд урьдчилсан байдлаар 1,092,020 болж өссөн байна. Нийт сонгогчийн тоо 171 мянга буюу 15.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь 2024 оны нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулахад нэг нэр дэвшигчид ногдох тоог дараах байдлаар тооцоолон гаргасан гэсэн үг.  Сонгогчийн хувьд: 

  • Баянгол дүүрэг 27,648
  • Баянзүрх дүүрэг 27,345
  • Сонгинохайрхан дүүрэг 22,148
  • Сүхбаатар дүүрэг  25,939
  • Хан-уул дүүрэг  29,155
  • Чингэлтэй дүүрэг 25,758
  • Багануур дүүрэг  9841
  • Багахангай дүүрэг  3023
  • Налайх дүүрэгт 13,380 сонгогч байна.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид сонгуулийн тойрог тогтоож, мандатыг батлахдаа сонгогчийн тоонд  уялдуулах ёстой  гэсэн саналыг хэлж байлаа. Тухайлбал, Багахангай дүүрэг 1 мандатад 3023 хүн байхад Хан-Уул дүүрэг 29 мянга буюу арав дахин  их хүн амтай байгааг тодотголоо. Улмаар төлөөллийн тоо тухайн тойргийн хүн  хүн амтай уялдах нь зөв гэдэг байр суурийг зарим төлөөлөгч илэрхийлж байсан юм.  Тэгвэл  зарим төлөөлөгчийн хувьд нийслэлийн төвлөрлийг  бууруулах Засгийн газрын бодлогын хүрээнд дагуул хотуудад ногдох  мандатын тоог нэмэх ёстойг сануулав. 

Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжүүлнэ

Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тогтоолын төслийг "Нийслэлийн Орон Сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан танилцууллаа. 

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн байна. Үүнээс 95 айлын орон сууцад тус дүүргийн оршин суугчдыг НОСК-иас түрээслээд өмчлөх гэрээний дагуу хамруулж, эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй энэхүү орлогыг орон сууцны хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхэд зарцуулж, төслийг үргэлжүүлэх аж. Уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, баталлаа. НОСК, Багахангай дүүргийн хамтарсан гэрээний хүрээнд уг төвлөрсөн хөрөнгөөр иргэдийн амьжиргаанд тохирсон 1 блок, үйлчилгээний талбайтай 2 давхар 600 м.кв орон сууц барихаар төлөвлөжээ. 

Товчхон:

  • Нийслэлийн өмчит “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн холбогдох төслүүдийг Зам тээврийн яам болон нийслэлд хариуцуулж байгаатай холбогдуулан уг компанийг татан буулгах тогтоолын төслийг дэмжлээ. 
  • Нийтийн тээврийн орлого жил бүр буурсаар байгаа учир нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийслэлийн төсөвт учрах дарамтыг багасгах зорилгоор БНСУ-ын T-money групптэй хамтран ажиллах гэрээг цуцалж, Улаанбаатар смарт карт ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр сольж, үйл ажиллагааг нь Нийтийн тээврийн газарт хариуцуулан, хөрөнгийг нь Нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. 
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасав. 
  • “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэлээ.
  • Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.
  • “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн 2 ширхэг барилга, ус түгээх 6 ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хаслаа.
  • 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 2 тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэв.
  • Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Ус дулаан дамжуулах төв, Конторын өргөтгөл, 7 дугаар хорооны цехийн барилга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны салбар байр 4, хашааг тус бүр Нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button