Нийгэм мэдээ

Бороотой, бүрхэг өдөр унших 8 шүлэг

Бороотой өдөр шүхэр барин гадуур алхах нь урин дулааны улирлаас мэдэрч болох сайхан мэдрэмжийн нэг. Борооны чимээ, борооны дараах үнэрт дургүй хүн ховор биз. Ийнхүү бороо шивэрсэн энэ өдөр дараах шүлгүүдийг хүргэж байна.


Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан

Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад

Сүүрс алдсан.

Дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч

Хоногийн уртад алдахаасаа өмнө

уучилж болох л байсан

Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов

Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа

Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй

Харин би нулимснаасаа л нэрэлхсэн

Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь

Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч

Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь

Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

Л.Өлзийтөгс


Юм бүхэн гунигтай

Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай

Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх

Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай

Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр

Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай

Цэцэг ч гунигтай

Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай

Чулуу ч гунигтай

Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай

Чухамдаа сэтгэл минь гунигтай

Ижий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтай

Их л дотно санагдах найзын минь нэр санаанд бүдгэрэх нь гунигтай

Салхи ч гунигтай

Салхинд дэрвэх өрхний чимээ ч гунигтай

Үүлс ч гунигтай

Үүлэн завсраар сиймэх гэгээ ч гунигтай

Үнэндээ сэтгэл минь гунигтай.

                     Д.Баттогтох


Чамтай л харсан бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалыг минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна.

  Ц.Доржсэмбэ


Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо...

Хөнжилдөө гал ноцтол бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо...

Г.Аюурзана


Хамгийн сүүлд чамтай

Харц тулгарсан минь

Хаа ч билээ...

Хар нүд чинь

Халгисан булгийн ус шиг

Гүн рүүгээ гуниг нь улам яргасан

Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн

Цэцгийн үндэс дэвтээж

Цэв хүйтэн бороо шиврээд л...

Хөдлөх ч дургүй уруулыг чинь

Хөхөртөл нь шавшсан...

Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө

Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч

Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд

Бороо далимдуулж зөндөө уйлсан

Чи хэвээрээ л...

Цэвдэг хүйтэн, хөшөө мэт

Сүлбэх мэт харц чинь л амьтай

Сүүдэр мэт чимээгүй шаналантай

Шаналанг чинь цуучин

Шалбааг туучин алхалсан

Шалба норсон зүрх минь л хөөрхий...

Золгүй хайрыг минь чи

Зовлонд тэгж дасгасан

Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл

Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон

Чиний нүдийг

Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь

Урьд билүү, эсвэл...

Ц.Дэлгэрмаа


Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод

Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа

Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд

Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй

Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй

Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л

Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад

Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа

Б.Баясгалан

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ

Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ

Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ

Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ

Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

Хаа хол хүний үр явахаас эхэлнэ

Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ

Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ

Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ

Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ

Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ

Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.

Д.Нямсүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button