УРЛАГ

Гэрэл зурагчин Б.Тамир: "Хэрвээ би өвс байсан бол орчлон, юмс надад ингэж харагдах байжээ" гэдэг мэдрэмж намайг газардуулсан

Хүн өөрийгөө таньж мэдэх, тийм байж гэмээнэ уран бүтээлч байх. Дараа нь өөрийгөө танихыг хүссэн тэр эрэлч зангаас олон зүйл хөвөрч, ийм байснаараа бусдад уран бүтээлээ илүү өөр түвшинд хүргэдэг байх нь ээ гэдэг бодол түүнтэй ярилцсаны дараа эрхгүй бодогдов. Гэрэл зураг өөр өөрийн хэл, оюун санаа, ЧИМЭЭ бас үнэртэй гэв, тэр. Энэ бол Гэрэл зурагчин, дизайнер Баярсайханы Тамир.

-Гэрэл зураг гэдэг сайн байх тусмаа үнэ цэн нь өсдөг. Гэхдээ үнэ цэн гэдэг нь арилжааны утгыг ч бас өөртөө багтаадаг болохоор аль талыг нь та гэрэл зурагчны хувьд илүү давуугаар хардаг вэ?

-Эргээд харвал, нэгэн үе гэрэл зургийг сонирхлоороо авч, арилжаа, гүйцэтгэл хэлбэрээр ажиллаж байсан үе бий л дээ. Швейцарийн Белвалд хот руу 90 хоногийн хугацаатай "SMArt" хөтөлбөрийн хүрээнд явах үедээ нэг зүйлийг илүү ойлгосон. Бүргэдчин охин Айшолпаны зургийг авсан гэрэл зурагчны workshop маягийн ярилцлага дээр нь очиж таарсан юм. Яг тэр үед тухайн гэрэл зурагчин өөрийнхөө талаар ярьж байв. Тэр хүн цэрэгт явж цэргийн гэрэл зурагчин болонгуутаа цэргээс буцаж ирэхдээ студи нээж л дээ. Өмнө нь зураг авсан ч камераа хараад аз жаргалтай, кайфтай байдаг байсан хүн чинь сүүлдээ камераа харахаараа хийх ёстой ажил мэтээр, мөнгө гэж харж эхэлсэн нь тэр хүнд ямар ч мэргэжлийн таашаал өгөхөө больсон байгаа юм.

Ингээд шууд л студиэ зараад дэлхийгээр аялах шийдвэр гаргаж хэд хэдэн улсаар аялсны дотор Монгол байсан, үнэхээр сонирхолтой. Уг нь Монголд нүүрсний төслийн гэрэл зургууд авсан ч төдийлөн амжилт олоогүй юм билээ. Харин бүргэдчин охин Айшолпаны гэрэл зургийн төсөл нь амжилттай болж, эндээс түүний гэрэл зургийг харах өнцөг нь өөрчлөгдсөн талаараа хуваалцсан нь надад тухайн үед ихийг бодогдуулсан. Яах вэ, гэрэл зургаар би мөнгө олоод амьдарч чадахын хувьд чадна. Гэхдээ дизайнераараа ажиллаад ахуйгаа болгож чадаж байхад би заавал ахуй болгох хэрэггүй юм байна гэж бодсон. Гэрэл зургийг амьд гэдгээ мэдэрдэг, дотоод хүнээ сэрээдэг тэр л зүйл минь байх ёстой юм байна гэдэг бодол илүү давамгайлсан гэвэл зохино. Гэлээ гээд камераа үүрч гараад л зураг авъя гэхээсээ илүү яг ямар зураг авахыг хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэйгээ нухацтай бодсон. Харсан бүхнээ гэрэл зураг болгох уу, хуваалцах уу гэдэг асуулт ч бас төрнө. Яг одоогийн өөрийгөө анзаарвал юмсаас завсарлага авах, илүү бодох, тайвширч төвлөрөхийг хүссэн үедээ гэрэл зураг авдаг болж.

Б.Тамирын үзэсгэлэнд дэлгэгдэх гэрэл зураг биш болно

- Баримтат эсвэл үйл явдлын гэрэл зургууд хүнийг их бодуулдаг. Маш их өгүүлэмж энэ дотор өрнөж байдаг байхад таны гэрэл зургууд харин эсрэгээрээ энэ их бодлоос чөлөөлдөг юм шиг?

-Удалгүй гаргах гэрэл зургийн үзэсгэлэн маань ерөнхийдөө ийм гэж ойлгож болно. Яагаад заавал энэ олон жилийн дараа үзэсгэлэн гаргах болов гэвэл нэг талаараа би өнөөдрийг хүртэлх өөрийн авсан гэрэл зургууд, түүнийг дагаж ирж буй цаг хугацаа, мэдрэмжүүд гээд их олон зүйлийг магадгүй бас энд хаах ёстой ч юм шиг. Хэтэрхий удаан нэг зүйл дотроо эргэлдээд байгаа мэдрэмж хувь хүний болоод, гэрэл зурагчны хувьд ч төрсөн байх. Цааш явахын тулд бас орон зайгаа илүү тэлэхийг хүсэж байгаа болохоор энэ удаагийн үзэсгэлэнгээр өөрийн нэг бүлгийг би хааж байгаа гэж ойлгож болно.

2018 онд гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн дээр маань хоёр сэтгэл зүйч эмэгтэй ирсэн юм. Тэд хүмүүстэй ярилцаж, сэтгэлийг нь анагаахад тусладаг. Харин миний үзэсгэлэнгээс хүмүүсийн сэтгэлийг эдгээдэг шиг тийм мэдрэмжийг авлаа. Гэрэл зургийг гаднаас нь зүгээр л харах биш. Дотор нь бүр орж, нэг хэсэг нь юм шиг, зургаас зургийн хооронд явж байх шиг тийм мэдрэмж авсан хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Илүү эдгэрэл, тайвшрал төрүүлэм гэрэл зургууд бас миний илэрхийлэл байж болох юм гэдэг бодол ч төрсөн гэх үү дээ.

-Тэгэхээр гэрэл зургийн үзэсгэлэн дээр, уран бүтээлчийн хувьд өөрийгөө бүрэн хоослох нь ээ?

-Тийм. Нэг талаараа хоосолно, чөлөөлнө. 2013 оноос хойш гэрэл зураг авч эхлээд 2016 он хавьцаа яг өөрийгөө мэдрээд л, гоё гоё зургууд аваад л байна гэдэг бодол дүүрчихсэн. Одоо нэг үзэсгэлэн гаргах цаг нь ирчихлээ гэж ирээд хэдэн зураг хэвлээд Идо найз дээрээ очтол надад хоёрхон л үг хэлсэн нь “Тэгээд юу гэж”. Өөрөөр хэлбэл гоё зураг авсан л байна. Гэхдээ энэ зургуудаараа юу хэлэх гэсэн юм, зорилго нь юу юм бэ гээд цаад гүн рүү нь орж надаас асуусан хэрэг. Үнэхээр л хэлбэрийн төдий гоё зургууд л авсан болохоос агуулга нь яг юу байсан гэдэг нээрээ л учир дутагдалтай.

Нар жаргахтай зэрэгцэж, уралдаж гүйгээд л ухамсаргүйгээр ГОЁ ЗУРАГ гэдэг агуулгын төлөө явчихсан байдаг. Эндээс л би өөртөө ч, өөрийнхөө гэрэл зургуудад ч асуулт тавьж эхэлсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ үзэсгэлэнг гаргаж, өөрийгөө хоослох гэсэн мөч 2016 оноос магадгүй эхлэлтэй.

Дараа дараачийн гэрэл зургууддаа тавигдах тэр олон асуултын хариуг Швейцарьт байсан 90 хоногийн төслийн үеэр олсон гэх үү дээ. Энэ нь ярилцагын эхэнд хэлсэнчлэн 2018 онд Урлагийн зөвлөлийн тусламжтайгаар Швейцарь улсад гурван сар амьдрангаа тэндээ гэрэл зурагчнаар ажиллах хөтөлбөр байсан юм. Тухайн үед олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнд гэрэл зургуудаа гаргахын тулд бие болоод оюун санааны хувьд маш их ядралт авсан. Хүний амьдралд нэг ийм үе байдгийн нэг нь магадгүй энэ үе байсан байх. Асар их адал явдал, тэгсэн мөртлөө өөртөө олон асуулт тавьчихсан. Европын хотуудаар аялаж олон ч үзэсгэлэн үзсэний дараа тархи толгойд шинэ, гойд санаанууд ундарч энэ эрчээрээ Монголд ирсний дараа ажил ч солигдож таарсан. Яг хувь хүнийхээ хувьд дотроос ирэх асуултууд өөрийн эрхгүй гэрэл зурагчны минь хувьд ч давхар хариулагдах хэмжээнд өрнөж гарч ирсэн.

Б.Тамирын үзэсгэлэнд дэлгэгдэх гэрэл зураг биш болно

-Хол явах тусам хүн өөр рүүгээ илүү ойртож, тэр хэрээрээ яг өөр шиг тань маш олон асуултуудтай нүүр тулдаг. Ер нь камераа үүрээд, үүргэвчээ бариад гарсан тэр аяллуудын ард юутай эргэн ирдэг вэ?

-Олон улсын төсөл гэдэг утгаараа куратороос нь эхлээд бүгд гадаад хүн байсан болохоор их сонирхолтой байсан. Анх удаа олон улсын төслийн мэргэжилтэн, тэгээд гадаад хүнтэй өргөн хүрээнд ярилцаж байгаа юм л даа. Хэдэн цаг өөрийгөө ойлгуулж, үзэсгэлэнгийн талаар ч тэр ярилцаж суутал гэнэтхэн куратор маань цагаа харснаа явахгүй бол болохгүй нь гээд намайг орхиод гараад явчихсан. Яг энэ мөчид тэр их ярианы ард би ганцаархнаа үлдэх үед би юмсыг яаж хардаг байсан, миний хувьд юмс ямар байсан зэрэг тэр бүх бодолтойгоо би тэнд үлдэж. Ёстой л өөрөө өөртэйгөө шууд халз тулж, илүү их өөрийн мөн чанараа ухамсарлаж эхэлсэн.

Ер нь хүн ямар ч мэргэжилтэй, хэн ч байсан өөрийгөө ойлгох, таних гэдэг их чухал юм билээ л дээ. Швейцарь дахь 90 хоног бол яг өөрийгөө ойлгох таних руу өөрийн мэдэлгүй уначихсан тийм үе байсан. Тэр үед ажлаасаа 3 сарын чөлөө аваад эхнэр хоёр хүүгээ орхиод тэнд байсан нь хүн ахуйгаасаа холдохоор ер нь ямар байдаг юм бэ, юутай тулгардаг, юу бодогддог юм гэдгийг илүү ойлгосон үе байсан. Цаанаас төлбөрийг нь төлчихнө, хоол ундыг нь даачихаар хүн ахуйдаа хүлэгдэж, амьдрал бодохгүй болчихож байгаа биз. Өдөр тутмын амьдралын хэрэглээнээс түр холдох үедээ хүн ер нь юу боддог вэ гэхээр ерөөсөө л өөрийгөө өнгийгөөд эхэлдэг юм билээ. Тэгэхээр би хол яваад өөртэйгөө эргэн ирсэн байх.

Б.Тамирын үзэсгэлэнд дэлгэгдэх гэрэл зураг биш болно

-Өөрийгөө таньж эхэлсэн эрэл гэрэл зургуудад нь тусгалаа олсон уу?

-Зургийн чиг хандлага өөрчлөгдөж, үүнийгээ дагаад юмсыг харж байгаа байдалд ч өөрчлөлт орсон. Ширээн дээр байгаа алимны гадаад хэв шинжийг бүгд л харчихаж байгаа бол харагдахгүй байгаа хэсэгт нь юу бий вэ. Яг доторх нь гаднахтайгаа ижил болов уу гэх мэтээр юмсын харагдахгүй байгаа шинжийг, магадгүй огт өөрөөр харуулж ч болох тэр талыг нь илүү сонирхох болсон. Өөрийнхөө арга барилыг ч олж эхэлсэн. Энэ нь Intentional camera movement техник буюу урсгаж авах гэх юм уу. Камерын шагайвчаар харахдаа бид зохиомж нь ийм байна, тийм байна 3-ны 1-д нь заавал харьцааг нь тааруулна гэх мэт дүрмүүдийг илүү барьдаг бол шагайвчаар харахгүйгээр зураг авах тэр техник нь илүү надад ойр санагдсан. Хэт их мэдлэг, онолоор өөрийгөө булаад л байснаас биш яг өөрт чөлөөтэй байх, өөрийн мэдрэмжийг илэрхийлэх арга барилаа олох ёстойг эндээс магадгүй ойлгосон. Гоё, сайхныг олж харж таних мэдрэмж маань үүн дээр илүү өөрчлөгдсөн.

Арга барилын хувьд анхны дарж байсан гэрэл зургууд маань их өргөн, том орон зайг хамардаг байсан бол сүүлдээ бүр маш жижиг болж, зарим зүйлийн текстюр бүр байгаа ч юм уу гэмээр. Навчны сүүдэр, гэрлийн хугарал гээд бүүр илүү нарийссан. 2014 онд би азаар ч гэх юм уу, Азийн 5 орны гэрэл зургийн workshop-т явсан. Тэнд Хонгконг, Тайвань, Сингапур, Монгол гэсэн улсын гэрэл зурагчид оролцлоо. Тэр үед гэрэл зурагчдын сэтгэлгээний онцлогийг илүү сайн анзаарсан. Одоо санахад, Хятадын Венец гэж яригддаг усан завьтай тосгонд очих үеэр нэг хаалгаар гарахад л өөдөөс хана. Хаа сайгүй хана яг нүүрэнд тулчихдаг тийм давчуу байсан.

Энэ бүх хэтэрхий ойр байдал нь өөрөө гоо зүйтэй, их өвөрмөц ч гэх юм уу. Гэтэл надад болохоор юмсыг дандаа өргөн, том, алс байдлаар нь хардаг байсан болохоор тэр гоо зүй, сайхан нь тухайн үедээ харагдахгүй байсан байгаа юм. Одтой тэнгэр, алс уулс, тал газар ч гэдэг юм уу тийм л байдлыг олж хардаг байж. Тухайн үед тэр төслийн куратор надад "Чиний сэтгэлгээ чинь их өргөн юм. Хамт оролцож буй гэрэл зурагчдаа бодвол цэлгэр, өргөн өнцөг, өнгүүд чинь их гоё байна" гэхэд нь өөрийнхөө харж буй гоо зүйн өнцөг, ер нь монгол гэрэл зурагчдын магадгүй сэтгэлгээний онцлог нь ийм юм байна гэж анзаарсан. Гэтэл өнөөдрийн өөрийгөө харахаар нөгөө алсын байгаль, өргөн өнцгөөс бүр нарийсаад өвсөн дээр ирчихсэн байх жишээтэй.

-Олон жилийн өмнө та хайкү сонирхдог, бичдэг байсныг санаж байна. Хайкү өөрөө байгаль, жам, цаг хугацаа, орон зайн хамгийн нарийн шинж дээр төвлөрдөг яруу найргийн нэг төрөл. Магадгүй ингэж алсаас деталь руу шилжихэд хайкү нөлөөлсөн болов уу?

-Яг хайкүд юм уу гээд бодохоор цаана нь байгаа тэр хоосны тухай ойлголтод байж болох юм. Зэн буддизм ч нөлөөлсөн байж тун магадгүй. Яруу найрагч Г.Аюурзанын хар номуудыг уншдаг ч байж. Юмсыг өөрөөр харахад минь түлхэц болсноос гадна намайг дасгалжуулсан юм шиг санагддаг. Хайкүгийн тухайд "за нэг суугаад биччихье" гэж бичигддэггүй. Харин олж анзаарч, мэдрэхээс л төрдөг гэх юм уу. Оройд гэртээ харьж яваад харанхуйд салхи багахан сэвэлзэхэд тэндээс үүсэж буй тэр агшныг олж мэдрэх, харах, сонсох, сэрэх гэдэг өөрөө их гоё.

Энэ туршлага их олон зүйлийг лавшруулан таних, ойлгоход хүнийг дасгалжуулдаг юм шиг санагдсан. Хайкү, яруу найргийн мэдрэмжүүдийг илэрхийлэх тэр байгалийн дүр байдал магадгүй огтлолцох үе байна. Хайкүд дурлаж явах үедээ Хөвсгөлийн Ханх руу явж билээ. Явснаараа би магадгүй ганцаар туулсан, харсан бүх зүйлээрээ хайкүг илүү ойлгосон байх. Тэр үед уншиж, бичиж, бас хол явснаараа "би"-гүй байх үзлийг илүү сайн таньж, гүнзгий мэдэрсэн юм шиг санагддаг. Шөнийн харанхуй тэнгэрт тал сар, бүгэтхэн харагдах байгаль, юмс...гээд л өөрийн нүдээр харж, мэдрэх нь илүү амьтай, үнэн, бодит байсан. Аяллаас буцаж явахад бөглөрчихсөн байсан мэдрэмжийн суваг онгойчих шиг л болж билээ. Гэхдээ бичигдэх тэр цаг хугацаандаа бичигдээд л, ирээд л өнгөрсөн. Хүчээр ирдэг тийм зүйл биш юм билээ л дээ.

Б.Тамирын үзэсгэлэнд дэлгэгдэх гэрэл зураг биш болно

-Шүлгийн мөрүүд, тэдгээрийг илэрхийлэх гэрэл зургуудаас бүрдсэн халаасанд багтах цуврал номыг нь хараад найруулагч Ким Ки Дук-ын Хавар, зун, намар, өвөл, дахиад хавар... кино санаанд шууд буусан. Гэрэл зурагчин хүний хувьд байгалийн хувирал, өнгө, эргэх цаг өөрөө дуусашгүй сэдэв биз?

-Гэрэл зурагчдад мэдээж том баялаг орон зай. Мөн хүн өөрөө байгалиас маш их зүйл авч чаддаг. Сэтгэл санаа тавгүй, мухардалд орсон үедээ хүмүүс янз бүрийн арга байдлаар түүнийгээ тайлах, арга шийдэл олдог байх. Би жишээ нь байгальд гардаг. Тэр нь магадгүй асуудлыг шийдэх арга зам биш байж болох ч хүлээн зөвшөөрч, нэгэнт тохиож буй зүйлсийг даван туулахтайгаа эвлэрэхийг ойлгуулдаг. Хүн бодлоо танина гэдэг өөрийгөө л таньж буй хэлбэр шүү дээ.

Өөрийгөө ойлгож, таниагүй хүн ямар ч мэргэжил эзэмшсэн, ямар ч нөхцөлд амьдарсан эцсийн эцэст яг байнгын төөрөгдөл дунд унасаар л байх юм шиг санагддаг. Тэгэхээр эрт, орой аль нь ч бай өөрийгөө таних, анзаарах боломжоос зугтах ёсгүй юм билээ. Магадгүй одоо гэрэл зураг авахдаа би тэгнэ, ингэнэ гэдэг бодлоос илүү нэгэнт өөрийгөө юу мэдэрдэг, юуг олж харахыг хүсдэг, юуг илүү гүнзгий танихыг хичээдэг вэ, гоо зүйн мэдрэмж минь ямар вэ гэдгээ мэдчихвэл ямар зураг авах, авагдах нь бараг л зөнгөөрөө болох зүйл. Энэ номуудыг жижигхэн хэвлүүлсэн шалтгаан хэд хэд бий. Миний гэрэл зургууд гарт минь багтдаг байвал гоё гэж бодсон. Зураг жижиг байх тусам хүн тэндээс юмсын деталийг олж харах гэж хичээнэ.

-Туршлага суух гэдэг шиг мэдрэмж төлөвшинө гэж байдаг юм шиг санагдав. Хүн ер нь өөрийнхөө мэдрэмжийг зөв таньж чадвал тэндээс уран бүтээлчийн сэтгэлээр юу хүсээд байгаагаа илүү сайн ойлгох нь ээ?

-Гамма агентлагийн С.Цацралт ахын зөвлөгөөнүүд их үнэ цэнтэй. Нэг удаа би очоод гэрэл зурагчны хувиар ер нь яах, европчуудын гэрэл зургийн сэтгэлгээ онцлог гээд л аягүй далайцтай ярилцсан юм. Тэр үед өөрийнхөө зургуудыг жижгээр хэвлээд оччихсон байсан болохоор тэрийгээ харуулаад ярилцлаа. С.Цацралт ах надад тухайн үед “Энэ чинь Тамираа байна. Чи өөрийн үнэрээ олоод эхэлчихэж. Өөрийгөө л сонс, дага. Элдэв ЁСТОЙ гэдэгт битгий авт” гэж хэлсэн нь маш том урам болсон. Эндээс яавал би амжилттай байх билээ, яавал гоё зураг авах билээ зэрэг олон эргэлзээ бодлуудаас чөлөөлөгдсөн.

Олон улсын үзэсгэлэнд зурагнуудаа явуулах гээд мэдээж хамгийн сайн, гоёыгоо явуулах гэдэг ойлголт тэр үед их байсан ч яавал БИ, МИНИЙХ байх вэ гэдэг дээрээ бодох ёстойг ч бас ойлгосон л доо. Зураг өөрийн үнэр, өнгө, арга барилтай байх ёстой гэдгийг илүү нотлох жишээтэй. Уран бүтээлч хүний өөриймсөг бие даасан шинжийг таних нь өөрөө их үнэ цэнтэй зүйл болсон байна. Энэ бол аль ч цаг хугацаанд тавигдах ойлголт болчихож байгаа хэрэг. Өнөөдөр хүн болгонд гоё камер байна уу, байна. Гоё зураг дарж чадаад байна. Гэхдээ өөрийн арга барил, үзэл бодол, юмсыг харах тэр ондоошлоороо ялгарах хэрэгтэй юм билээ.

Гэрэл зургийг О.Улсболд

-Бусдад бүтээл хүргэж буй хэн бүхэн тодорхой хэмжээгээр заавал хөгжиж байхгүй бол өөрийгөө хаана яваагаа баримжаалах аргагүй болдог шиг санагддаг. Нөгөө талдаа гэрэл зураг сонирхогчдын мэдлэг, хүлээн авах түвшин ч өөрчлөгдөж байна?

-Тэр үнэн. Гэрэл зургийн үзэсгэлэн гэхэд л хуучин юмсын, өнөөдрийг хүртэлх бүх зүйлийн цуглуулга байхаасаа илүү шинэ байгаасай гэж хардаг. Зориод ирсэн хүмүүст ч шинэ мэдрэмж өгдөг байх ч юм уу. Үнэ цэн талаас нь хараад зарим гэрэл зургуудыг би хайран гэж бодож харамладаг. Заримдаа сайн зургуудаа сошиалд тавьчихсан харагдах нь бий.

Цаг үеэ дагаад тухайн гэрэл зурагчинд тэнд тавих эсэх нь хэдий өөрсдийн сонголт ч гэлээ уран бүтээлч талаасаа үзэсгэлэнд үзвэл өөр шүү дээ. Гэрэл зургийг зурагчин аваад л байдаг. Авчихаад хэзээ, хаана, ямар үед гаргах вэ гэдэг өөрөө бас хоёр дахь зориг юм шүү. Гэрэл зурагчдыгаа үзэсгэлэнгийн соёлд орчихоосой, артист бүүкүүд шиг хэвлээд гараар барьж, физикал байдлаар үнэрлэх нь холгүй гэрэл зургийг үзэх нь өөрөө гоё гэдгийг хэлмээр санагддаг.

-Технологи хөгжихийн хэрээр гэрэл зургаас хүмүүс хэт засварлаагүй, хүчлээгүй амьд, натурал байдал болон гэрэл зурагчны ур чадварыг харуулсан тэр чанарыг нь харахыг илүү хүсдэг болж?

-Fine Art заримдаа яг л тэр натурал байдлыг эсвэл бүр хэтрүүлэгтэй байдлаар хүрэх нь ч бий. Гоё сайхныг мэдрэх мэдрэмж, харах нүд, илэрхийлэх арга барил хүн хүнд төдийгүй гэрэл зурагчдад ч өөр. Далд ухамсарт гоё сайхны тухай ойлголт, мэдрэмж яаж сууснаас шалтгаалж хүн өөрийн эрхгүй тэр зүйл рүүгээ татагддаг байх. Жишээ нь дээр үед авсан зургуудаа харахаар яг одоогийн миний авч байгаа зургууд шиг ч байх жишээтэй. Тэгээд харахаар тухайн үед би тэр зүйлийг сайхан гээд харж, мэдэрчихсэн байсан нь миний оюун санаанд үлдчихээд цаг хугацаа өнгөрсний дараа техник илүү сайжрах, өөрчлөгдөж хөгжсөний дараа ухамсарт байгаа яг тэр л сайхныг авч, буулгасан л байдаг.

Тийм мэдрэмжийн давхцалыг илүү олж харж байна. Дизайн дээр ч ялгаагүй яг ийм байх нь бий. Бүгд л адилхан шахуу техникийг эзэмшиж, гартаа оруулж чаддаг байхад гоо зүйг, сайхныг олж харж мэдэрч байгаа болон түүнийгээ илэрхийлж буй арга хэлбэрийн хувьд өөр л байж таарна. Олон улсын томоохон компаниуд ч гэсэн хүний нөөцийн бодлогодоо яг иймэрхүү арга барилыг нэвтрүүлсэн жишээг мэдэх юм. Яг нэг ижил статуст хэд хэдэн хүнийг ажилд авсан ч тэдний юмсыг харж, мэдэрч, гоо зүйн илэрхийлэмж нь ямар байгаагаас ажлын тодорхой үр дүн авчирна гэж харж байгаагийнх. Тэгэхээр мэдрэмж гэдэг их чухал байгаа биз. Тийм мэдрэмжийг хүн мэдээлэл, мэдлэг, онол, техникээр яаж л болж яаж хөгжүүлж чадна.

-Fine Art гэмэгц урлагийн бүтээл тал руугаа гэрэл зурагчнаас илүү бүтээлч байдал, хөдөлмөр шаарддаг шүү дээ?

-Нэгэнт надад өнөөдрийг хүртэл бий болсон тэр зүйлийг, гэрэл зургийн үнэрийг би сэдвийн хүрээнд яаж ч хүргэх боломжтой. 2015 он шиг санаж байна. Тухайн үед "Нийслэл guide" сэтгүүл дээр Венецийн Биеннальд Монголоос зураач Ж.Мөнхцэцэгийн "Дахин төрөлт" нэртэй үзэсгэлэнгийн тухай гарсан байсан юм. Уран бүтээлийнх нь хэсгүүд нь бүгд нийлээд нэг сэдэв болж буйг тэндээс хараад миний сэдэв бол урсгал юм байна гэдгийг дараа нь ойлгосон.

Уран бүтээлч хүн өөрийн илэрхийлэмжийг, бас өөрт нийцэж байгаа, чиний үзэл бодол, ертөнцийг харах өнцөг гээд бүгдийг илэрхийлэх тэр зүйлээ ойлгож, тодорхойлох их чухал юм билээ л дээ. Миний хувьд бол тогтуун, нэг хэв шинжийн биш урсаж, шинэчлэгдэж байгаа тэр зүйл өөрөө гэрэл зургийн маань өнгө аяс байсан. Хүн ер нь жамаас ангид байх боломжгүй байх. Жамын дагуу л явж байдаг болохоор юм бүхэнтэй зууралдаад байдаггүй. Аяндаа ирж, одож, бид ч бас цаг хугацааны хаа нэгтээгээс хаа нэг тийш урсаж байгаа юм шүү дээ. Энэ урсгалын мэдрэмж яг минийх юм байна гэдгийг л ойлгосон.

-Тамирын зарим зургууд нь манаж буй зүүд шиг мэдрэмжүүд их төрүүлдэг?

-Зүүд хүн бүрд ямрыг мэдэхгүй ч миний хувьд их чухал орон зай эзэлдэг. Огт харж байгаагүй зураглалыг зүүд л харуулж чаддаг юм шиг ээ. Нэгдүгээр курстээ зүүдэлсэн тэр зүүд үнэхээр миний төсөөлж, харж байгаагүй дүрслэлийг харуулсан тийм гоё, өвөрмөц зүүд байсан. Сэрмэгцээ, би зөв далайдаа яваа юм байна. Гэхдээ надад сэлүүр байхгүй. Ямар ч байсан сэлүүрээ олоод явна гэдэг бодол төрсөн. Дизайн гэдэг өөрөө их сонин эд. Нэг удаа навчны тухай зүүдлэчихээд тэр навч эргэлдэн унаж буй мөчийг би илэрхийлэх аргаа тодорхойлсноороо миний гоо зүйн илэрхийлэмж яаж илэрч, бий болж байгаа нь өөрөө их сонирхолтой болчихож байгаа юм. Тэгэхээр зүүд бас ор хоосон гэхээсээ миний ухамсарт бодогдсон тэдгээр биелүүлж үзээгүй дүрслэлүүд зүүдэнд биеллээ олж. Түүнийг нь эргээд бодитоор би ямар байхыг нь ойлгоод хийчих ч юм уу.

Нөгөө талдаа зүүдний өнгө их сонин. Хүмүүсийн зүүд янз бүр гээд л ярьдаг шүү дээ. Сонирхохоор тэдний зүүднүүдийн өнгө, байдал, илэрхийлэмжүүд өөр байдаг. Би өөрийнхөө хэд хэдэн зурагт зүүдээ илэрхийлсэн тэр өнгө аясыг буулгаж байсан л даа. Яахав хүмүүсийн хэлдгээр хэт гар хүрсэн зураг гэх байх. Гэхдээ илэрхийлэхийн тулд арга хэрэгслүүд ашигласан хэрэг.

Б.Тамирын үзэсгэлэнд дэлгэгдэх гэрэл зураг биш болно

-Хүн бүрт л эго бий. Ялангуяа залуу насанд юм бүхнээс л эго мэдрэгдээд байх шиг болдог. Гэтэл уран бүтээлч хүний эго ер нь өндөр байдаг эд үү. Бүтээлээс нь бас харагдах ёстой юу. Эсвэл бүр дарж орхих нь зөв юм болов уу?

-Ошо-гийн хэлсэн нэг үг надад их таалагддаг юм. "Эгог чи яг хувцас шигээ өмс" гэж. Өмсөх үедээ өмсөж, тайлах үедээ тайлдаг. Зузаалж, нимгэлэх үеэ ч мэддэг байх гэдэгтэй санал нийлдэг. Уран бүтээлч хүмүүс эготой байх ёстой. Бүтээлээс нь эго нь харагддаг байх ч зүгээр. Харин хүн хоорондын харилцаанд эго бол их дэмий эд л дээ. Аливаа зүйл ухаалаг, хязгаартай байх ёстой. Олон хүн цугласан талбарт жишээ нь олон эго толхилцоод байх шаардлагагүй.

Харин уран бүтээлч өөрийн өндөр эгог уран бүтээл рүүгээ шингээчихсэн, хувиргачихсан байхыг харах бол өөр хэрэг. Тэндээс маш их хүчтэй мэдрэмжүүд ирнэ шүү дээ. Миний ирэх сард гаргах гэрэл зургийн үзэсгэлэн кураторгүй, би өөрөө дэглэж байгаа. Олон мянган зургаасаа өөрөө шилж, сонгож гаргах байх. Галлерейн гэрэл, хана, орчиндоо тааруулж өөрийн үзэсгэлэнг дэглэж, тэр нэг ирэх л гэж ирэх уур амьсгалыг бүрдүүлнэ гэж зорьж байна. Би түрүүн яриан дундаа урсгал бол миний яг мэдрэмж, илэрхийлэл юм билээ гэж хэлсэн. Энэ урсгалаас үүсэж буй тэр чимээ нь миний үзэсгэлэнгийн нэр юм. Зурагнаас минь хүмүүс чимээ сонсох эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ байж болно тийм ээ. Байгалиас надад өгсөн, сонсогдсон тэр чимээг би гэрэл зурагтаа буулгаж, тэр нь үнэхээр хүмүүст сонсогдвол гэсэн тийм ойворгон хүсэл бас бий. Эндээс бас миний эго мэдрэгдэж байж ч болох. Үүнийг үгүйсгэхгүй. Сүүлийн 12 жилд авсан гэрэл зургуудаараа Чимээ үзэсгэлэнгээ дэглэх болохоор надад энэ цаг хугацаан доторх, зураг болгоноос харагдаж, мэдрэгдэх би, миний эго бий. Гэхдээ нөгөө талаас нь харвал тархи, оюун санаанаас минь гарсан бүхний цуглуулга энд чуулах учраас би шилмэлүүд нь гэж бас хэт дөвийлгөмөөргүй байна. Яг цагаа тулахаар би үзэсгэлэн дээр энэ олон мянган зургаасаа алийг нь ч тавья, харуулъя гэж магадгүй.

Би нэгэнт дарчихсан, нэгэнт авагдчихсан гэрэл зургууд хэдийнээ минийх биш болчихдог. Надаас салчихдаг. Антикоммершл гэдэг ойлголт яагаад ч юм дотор минь байгаад л байдаг юм. Расул Гамзотовын "Миний Дагестан" номд "Чи хүний явсан мөрөөр явбал тэр хүний ард л очно. Өөрийн жимийг гарга" гэж байдаг. Тэгэхээр би бусдын гаргасан жимээр явж суралцаад, эрийн цээнд хүрсэн хойно оо өөрийн жимийг гаргах ёстой юм байна гэдэг тэр мэдрэмж, сэтгэгдэл дотор минь өндөр.

Дармын Батбаярын "Байгалийн гунигийг хуваалцах хэрэгтэй" гэж хэлсэн нь ч бас зураг авах үед их бодогддог. Байгалийн гунигийг хуваалцана гэж юу гэсэн үг юм бэ, байгалийг гоё харагдуулах тухай ойлголт юм уу эсвэл голын ус цүлхийх чимээг сонсох, навчис унаж байгааг олж харах юм уу гээд цааш асууж, ухаж бодоод л байх. Тэр бодол уран бүтээлчид илүү хэрэгтэй ч юм уу.

-Би гоё зураг дарчихлаа гэдэг мэдрэмжээр бус. Харин өнөөдрийг хүртэлх энэ цаг хугацаанд өөрийн мэдрэмжийг гүйцэд илэрхийлэх тэр агшныг барьж авч, гэрэл зурагт буулгаж чадсан уу?

-Нэг л зураг бий. Тухайн үед Самсунг S7 ч билүү утастай байсан юм. Би өөрөө Данзангийн Нямсүрэнгийн шүлгүүдэд дуртайг ч хэлэх үү. Тусгал клубынхэн маань миний төрсөн өдрөөр өгсөн олон номын дунд гурван ном нь байсныг уншихад миний мэдэхгүй ямар олон өвс байдаг юм бэ гэдгийг тэндээс анх олж харсан. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгүүдэд дуртай. Тэнгэрт ургадаг модод номынх нь шүлгүүдээс бас их олон зүйлийг мэдэрч билээ.

Б.Тамирын үзэсгэлэнд дэлгэгдэх гэрэл зураг биш болно

Зарим шүлгүүдэд морь давхиж, уул талын сүрлэг байдлыг магтан зураглаж байхад Данзангийн Нямсүрэнгийн шүлэгт тэр уул талын дунд давхих адууны хөлд гишгэгдсэн өвсийг олж мэдэрч бичсэн байх жишээтэй. 2016 он хавьцаа ээжийндээ оччихоод, морины зэл дээр өвсөн дунд гар утсаа тавиад нэг зураг авсан юм. Тэр үед салхи, тэнгэрийн байдал, өвсний найгаж байгаа хөдөлгөөн, цаана нь морины дэл сүүл салхинд хийсэж байгаа гээд бүх зүйл нь яг төгс тохирсон нь одоо эргээд бодоход өөрийн минь мэдрэмжийг илэрхийлэх тийм сайн зураг болж чадсан юм болов уу. Тийм ч чанартай зураг биш л дээ. Гэхдээ энэ зураг намайг эвдсэн. Үүнээс өмнө би юмсыг их томоор, өргөнөөр хардаг байсан бол анх удаа "Хэрвээ би өвс байсан бол орчлон, юмс надад ингэж харагдах байжээ" гэдэг мэдрэмжээр өөрийгөө доош буулгасан. Тэгэхэд анх удаа өвсөнд атаархаж үзсэн. Ингээд харахаар тэр өвс миний уран бүтээлчийн үзэл санааг газардуулсан байгаа биз.

-Энэ их хотын шуугианаас хэсэгхэн зугтахыг хүсвэл Чимэгэ үзэсгэлэнг тань зорих юм байна?

-Хүн бүр л тодорхой нэг хүлээлт өвөртлөн ирэх байх. Магадгүй ирсэн хүмүүсийнхээ би дийлэнхид нь нэг ижил мэдрэмж, орчныг өгч чадах болов уу гэж найдаж байна. Бүгд л гэрэл зургийг хараад тодорхой зүйлүүд авна, магадгүй үлдээнэ. Би өөрөө үзэсгэлэнд тавигдах гэрэл зургийнхаа текст агуулгуудыг эмнэлэгт хэвтэж байхдаа боловсруулж, янзалсан. Мэдээж тэндээс их зүйл ойлгогдоно. Яг миний зүгээс хэлж чадах зүйл нь үзэсгэлэн дээр маань ирж зогсолт хийж, хорвоо дэлхийдээ газардаж, магадгүй гэрэл зураг руу орох байх гэж итгэж байна. Хэт завгүй хэмнэлийн дундуур гэнэтхэн завсарлага авахаар эгогоо үүдэнд өлгөж орхиод үзэсгэлэнд саатах өөрөө гоё.

Ажиглалт хүнийг их бодуулдаг шүү дээ. Уран бүтээлч, үзэгч хоёрын бодол нэг цэг дээр огтлолцохгүй байж болно. Гэхдээ нэгэнт бүтээсэн бол гаргах нь, хүргэх нь өөрөө үнэт зүйл юм. Уран бүтээлч заавал сайн үзэсгэлэн гаргах ёстой гэдэг ойлголт, шахалт өөрөө магадгүй уран бүтээлчийг буцаагаад хайрцагт оруулж байдаг бол яах вэ. Сайн байна гэдэг нь ямар түвшинд хэмжигдэх юм. Зүгээр л сайн арилжаалагдах тухай юм уу. Гол нь гэрэл зургийн үзэсгэлэн гэдэг уран бүтээлч хүний нийгэмтэйгээ хийж буй харилцаа гэж бас харж болно. Үзэсгэлэн, ном ялгаагүй тухайн уран бүтээлчийн өөрийнхөө юу илэрхийлэхийг зорьсны тунхаглал, нэг талаараа. Хүн дандаа хийсэн бүтээснээ яриад амьдрахгүй. Магадгүй намайг үгүйд ч миний бүтээлүүд үлддэг, түүгээр дамжих миний оюун санаа хүмүүст үзэгдэж байвал сайхан. Ингэж хариулахаар өөрийн чинь түрүүн асуусан эго гээч эндээс цухалзаж байж ч магадгүй л юм.

-Ярилцсанд баярлалаа

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яагаад юм би бас салхинд гарах үедээ, утсаараа зураг авах дуртай, өвсөн дунд хэвтэж бгаад л бүр ойроос бүр нэг ширхэг өвс ч бсан хамаагүй яаж ургаж энэ хүрээ вэ гэж бодож зургыг нь авмаар санагддаг болсон, маш гоё ярилцлага болжээ.

Зочин
Зочин

Unshaad ih taivshirchih shig bolloo

Зочин
Зочин

Yostoi goy medremjtei yariltslaga baina

Зочин
Зочин

Zurag gej iim gun utgatai bdgiig oilgolo

Зочин
Зочин

Unshaad neg l oor bodold oruullaa

Зочин
Зочин

Uran buteelch hunii setgelgee uneheer goy yumaa

Зочин
Зочин
Reply to  Зочин

зөвхөн уран бүтээлч хүн ийм байдаг байх гэж баригдахгүйгээр хүн өөрийнхөө дотоод руу өнгийж, өөрийгөө таньж, өөрт тохирсон аргаар илүү хөгжүүлэх түмэн олон зам байдаг

Зочин
Зочин

Ene hunii zurgiig uzmeer sanagdchlaa

Зочин
Зочин

Zugeer zurag bish amid yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Iim bodoltoi humuus l uur zuil buteedeg bh

Зочин
Зочин

Neg l nam gum medremj avchihlaa

Зочин
Зочин

Yag ene medremjiig ni oilgoh gej hicheelee

Зочин
Зочин

Ene bol zugeer neg yariltslaga bish yumaa

Зочин
Зочин

Uuruu ch gesen ooroor harj surmaar sanagdlaa

Зочин
Зочин

Zurag dotor orson shig medremj gdg taalagdlaa

Зочин
Зочин

Uran buteel gej iim l baidag baih

Зочин
Зочин

????????????????

Зочин
Зочин

зургийг нь үзмээр санагдлаа

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Гэрэл зурагт ном уншихаас ч илүү их, маш дуртай. Элдэв янзын-есөн шидийн, хэрэгтэй~хэрэггүй, хэрэгцээгүй~шаардлагагүй номууд уншснаас гэрэл зургууд илүү тайвшралыг~ухаарлыг~сэхээрлийг~ойлгодохуунг~ойлгоцыг, амар амгаланг~энэрлийг~элбэрэлийг, Хөрстийн бүх юмын~эдийн~зүйлийн ХОРВООГ~ОРЧЛОНГ~ЕРТӨНЦИЙГ ДЭЛГЭДЭГ.

Зоч
Зоч

Мал идээдл баас болооодл гарна шдээ өвс бол

далбийгомбоо
далбийгомбоо

өвс шиг жижигхэн байсан бол гэсэн санаа юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button