Гадаад мэдээДЭЛХИЙ

Сар бүр 1.4 тэрбум сошиал хаяг хакдуулдаг, өөрийнхөө аккаунтыг хамгаалах аргууд

Дэлхий дээр таван тэрбум гаруй хүн дор хаяж нэг сошиал хаягтай байдаг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Мөн нэг хүн нэгээс олон сошиал хаяг нээж болдог билээ. Цахин платформуудын хэрэглэгч нэмэгдэхтэй зэрэгцэн сошиал пэйж, хаягаа халдлагад алдах тохиолдлын тоо ч бас ихсэх нь дамжиггүй.

“StationX” сайт мэдээлснээр сар бүр 1.4 тэрбум сошиал хаягууд хакдуулдаг байна. Мөн 2021-2022 оны хооронд алдагдсан цахим хаягуудын тоо 1000 хувиар нэмэгджээ.

“Cybersecurity Ventures” фирмийн тайланд кибер гэмт хэргийн улмаас 2023 онд 8 их наяд ам.долларын хохирол учирсан байна. Энэ нь нэг секундэд 250 мянга гаруй ам.долларын (одоогийн ханшаар 850 сая төгрөг) хохирол учирсан гэсэн үг.

Мөн “United States Chamber of Commerce” нэртэй фирм мэдээлснээр дэлхий даяар бизнесүүдийн 50 хувь нь сошиал платформоор дамжиж эхлүүлсэн цахим халдлагад өртжээ.

“Profile Tree” сайтын нийтэлсэн статистикаас харвал цахим платформ дээрх мэдээлэл, датагаа алдах тохиолдлуудын 94 хувь нь тухайн хэрэглэгчийн гаргасан алдааны улмаас болдог байна.

Тэгвэл сошиал пэйж, хаягаа алдах аюулаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч болох талаар харцгаая.

Өвөрмөц, аюулгүй нууц үгтэй байх

Сошиал хаягийнхаа аюулгүй байдлыг хангах хамгийн эхний алхам бол өвөрмөц, аюулгүй нууц үг зохиох юм. Олон хүн сошиал хаягууддаа ижилхэн нууц үг ашигладаг. Энэ нь маш том алдаа юм.

Зургийн эх сурвалж: Walden University

Хэрвээ хэн нэгэн этгээд нэг л сошиал хаягийн тань нууц үгийг мэдчихвэл бусад платформ дээрх хаягууд руу нэвтэрч чадна гэсэн үг. Мөн сошиал хаягийнхаа нууц үгийг тогтмол сольж, ажилчдадаа ч гэсэн нууц үгээ тогтмол шинэчилж байхыг сануулаарай.

Олон шаттай баталгаажуулалтыг асаах

Олон шаттай баталгаажуулалтыг асааснаар хэрэглэгчид сошиал хаяг руугаа нэвтрэхдээ хоёр ба түүнээс дээш удаа баталгаажуулдаг болно. Нэвтрэх нэр, нууц үгийг бичээд л нэвтрэхийн оронд олон шаттай баталгаажуулалт нь өөр нууц үг, хурууны хээ, нүүрний скан, нэг удаагийн нэвтрэх код эсвэл утаснаасаа апп руугаа орж баталгаажуулахыг шаарддаг.

Facebook, Instagram, Twitter болон LinkedIn бүгдээрээ олон шаттай баталгаажуулалтын системтэй юм.

Зөвхөн итгэлтэй гуравдагч талын апп, хэрэгслүүдэд сошиал хаягтаа хандах эрх өгөх

Саяхан Facebook дээр профайл зургийг хүүхэлдэйн кино шиг болгодог “AI Avatar Jigsaw” нэртэй тоглоом олны анхаарлыг татсан. Тус тоглоомыг тоглохын тулд “Нэр, профайл зураг, найзуудын жагсаалт”-даа хандах эрхийг “AI Avatar Jigsaw”-д өгөх ёстой юм.

Энэ мэт сошиал хаягийн тань мэдээлэлд хандах хүсэлт илгээдэг олон сайт болон апп бий. Үүнийг гуравдагч талын апп гэдэг. Тэдгээр аппуудад мэдээллээ өгөхдөө зөвхөн итгэлтэй, аюулгүй гэж үзсэн аппдаа л сошиал хаяг дээрх мэдээлэлдээ хандах эрх өгөх хэрэгтэй.

Гуравдагч аппыг бүтээсэн хүн өөр этгээдэд аппаа худалдаж болно. Ингэснээр худалдаж авсан хүн таны мэдээллийг харж болно гэсэн үг. Сошиал хаягууддаа хандах зөвшөөрөл ямар ямар аппуудад өгснөө харахад тань туслах доорх линкнүүдийг үүсгэлээ.

Facebook

Instagram

Google

Twitter

Пэйж хуудасныхаа админ эрхийг хязгаарлах

Пэйж хуудастай бол тус хуудаст нэвтэрч болох хүмүүсийн пэйж дээр хийж чадах үйлдэл, үүргийг хязгаарлаж эсвэл оноож өгөх хэрэгтэй.

“United States Chamber of Commerce” фирмийн мэдээлснээр “Дотоодын аюул” буюу компанийн ажилтнуудын цахим аюулгүй байдал алдагдуулсан үйлдлээс болж байгууллагууд жилд дунджаар 4.58 сая ам.долларын хохирол хүлээдэг байна.

Ийм учраас пэйж хуудас руу тань хэн нэвтэрч орох, ямар үйлдэл хийхэд хяналт тавих нь зүйтэй юм. Тухайлбал Facebook дээр пэйж хуудсанд “Admin”, “Editor”, “Moderator”, “Advertiser”, “Analyst”, “Community Manager” гэх мэт роль байдаг.

Ямар нэгэн линк дээр дарахаасаа өмнө сайн шалга

Хэн нэгнээс ямар нэгэн линк ирсэн бол дарж орохоосоо өмнө сайн шалгаарай. Ямар нэгэн линк жинхэнэ сайтынх эсэхийг шалгадаг сайтууд байдаг. Тухайлбал URLVOID, GetSafeOnline гэх мэт.

Эх сурвалж: US Chamber of Commerce, NordVPN, USAToday, StationX, Profile Tree

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button