Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: У.Хүрэлсүх бүлгийнхээ гишүүдийг “Хандгайт”-д урьж, М.Энхболд очжээ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Бямба гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг агаар салхинд гаргаж, чөлөөт уулзалт зохион байгуулсан байна. Тэрбээр энэ удаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг “чиний, миний тал” болгон хуваалгүй, нийтэд нь урьсан байна.

Тиймээс ч уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр хуваагдсан хэсэг болох 36/27-ын бүлгийн гишүүд өөрсдийн зав зай, боломж бололцооны хүрээнд нэлээд идэвхтэй цугласан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уулзалтад нийтдээ 30 гаруй  УИХ-ын гишүүн очжээ.

Тодруулбал, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Билэгт, Ё.Баатарбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Д.Оюунхорол тэргүүтэй 10 гаруй гишүүд 27-ын талаас очсон аж. Уулзалт Монгол Улсын Батлан хамгаалах яамны харъяа Энхийн төлөө цогцолбор буюу “Бага баян” амралтад  болсон бөгөөд Н.Энхболд сайд зохион байгуулалтыг гардан хийсэн байна.

Эрх баригч намын гишүүд нэг өдөр дотооддоо ихээхэн эв түнжинтэй байж, удаан хугацаанд нэгэндээ хэлж ярьж чадаагүй “зүрхний үг”-ээ уулзалтын үеэр илчлэн хэлж, уйлж унжиж, харилцан ойлголцсон гэх яриа гишүүдийн дунд хөвөрч байна. Уулзалтын үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны УИХ-ын сонгууль миний, чиний тал гэж ялгахгүй. Яг шударгаар нэр дэвшүүлэх хуваарлилтаа хийнэ гэж бодож байгаа.

Олон нийтийн дундах судалгааны дүнгүүдээ голчилж харна. Нэр дэвшээд гарах боломжтой хүмүүстээ үзэл бодлоор ялгаварлаж, хязгаарлалт тавихгүй” гэж дуугарсан нь М.Энхболдын талын гишүүдийг баярлуулсан байна.

Уулзалтад УИХ-ын дарга асан М.Энхболд оролцож, “Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг анхаарч, эв түнжинтэй ажиллацгаая” гэж уриалсан аж.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button