Манай сурвалжилгын мөрөөр: Дан бүрээстэй гэр, нийтийн умгар өрөөнөөс байр, байшинтай болсон 9 хүүхдийнхээ баярыг хуваалцлаа

Eguur агентлаг 2024 оны 2 дугаар сард хоёр охин нь нас барж дөрвөн өнчин зээтэйгээ дан бүрээстэй гэрт амьдардаг 69 настай Ц.Оюунцэцэгийн амьдралаас сурвалжилга бэлтгэн улмаар ард түмний хандив дэмээр хоёр өрөө байртай болсон.
Дэлгэрэнгүйг доорх холбоосоор унших боломжтой.
Дараа нь 2024 оны 4 дүгээр сард ээж нь нас барсан, сахарын хүнд өвчтэй аав болон дөрвөн өнчин дүүгээ асарч нийтийн байранд амьдарч яваа 14 настай охины амьдралыг сурвалжлан мөн л ард түмнийхээ хандив тусламжаар гурван өрөө байшин, гражтай хашаа байшинтай болсон билээ.
Дэлгэрэнгүйг доорх холбоосоор унших боломжтой.
Тодруулбал, он гарсаар бүтэн болон хагас өнчин 9 хүүхэд тохь тухтай, аюулгүй хамгийн гол нь өөрсдийнх нь нэр дээр бүртгэлтэй байр, хашаа байшинтай болсон билээ. Бид Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан тухайн хоёр айлдаа очсон юм.
Хотоос 30 км зайд дан бүрээстэй салхи сийгсэн гэрээс хоёр өрөө байранд орсон Ц.Оюунцэцэгийнх, 20 м.кв нийтийн байранд зургуулаа амьдарч байсан Д.Энхмандахын хүүхдүүдийн шинэ гэртээ аз жаргалтай амьдарч буй баярт мөчүүдээс хуваалцаж байна.
-Бид нар ариун цэврийн хувьд дээрдсэн, эмээ минь даарахаа больсон-

СХД-ийн 29 дүгээр хороо, Ц.Оюунцэцэгийнх. Урьдчилан ярихад 16 цагаас хойш ирээрэй, хүүхдүүд бүгд гэртээ ирчихдэг үе гэсэн юм. Жижигхэн гэрт хүйт дааж, эмээгээ тойрон бүүдгэрхэн амьдарч байсан хүүхдүүд өнгө зүстэй, баяр хөөртэй угтав. Хоёр өрөөгөө сайхан тохижуулж, тав тухтай амьдарч байгаа юм байна. Есдүгээр ангийн хүү бидэнд чихэр таваглаж, цай аягалан, “бууз жигнэж байгаа удахгүй ээ” хэмээн инээд алдав. Таван настай охин таньж буй бололтой ирж наалдан эрхэлнэ. Ц.Оюунцэцэг эгч ч сэтгэл санааны байдал нь хамаагүй дээрдсэн нь илт харагдана.
Хоёр охин нь гурван жилийн зайтай гэнэт л өнгөрч, тэднээсээ хоёр, хоёр дөрвөн өнчин зээтэйгээ үлдсэн тэрбээр биднийг өвөл хотын төвөөс 30 км зайд айлын хашаанд амьдарч байхад нь очиход “Энэ хэдийгээ шөнө харахаар өрөвдөөд уйлдаг. Яаж ийгээд арван жил амьд явчихсан. Надаас хойш яана даа” хэмээн ярьж байсан билээ.
Ц.Оюунцэцэг “Бид нар одоо их сайхан амьдарч байна. Дутах гачих зүйл алга. Урин дулаан орчихлоо, хүүхдүүд сургууль нь ойрхон болохоор бүр ч сайхан байна даа. Би жаахан хүүхэдтэйгээ гэртээ өнждөг. Олон түмнийхээ буянаар ийм сайхан орон сууцанд орж, хэдэн хүүхдийнхээ магнай тэнийсэн, инээсэн, баярласан, баясгаланг байхыг харж суухад таатай байна.

Өмнө нь хэцүү л байлаа. Биеэ өвдөхөөр хэдэн хүүхэд минь энэ бор гэрт яаж шүү амьдрах юм бол доо гээд бодохоор нойр ч хүрдэггүй, нулимс унагаад суудаг байлаа. Хүүхдүүд минь одоо сайхан байгаа. Усанд орохоороо оочерлоод би эхэлж орно гээд сүйд болцгооно. Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна. Дөрвөн өнчин зээг минь харж хандаж, орон байртай болголоо, миний эмчилгээ сувилгаанд ч их тус болсон. Цаашдаа эмчилгээгээ сайн хийлгэж, үр хүүхдээ чадлынхаа хэрээр сайхан авч явна гэж бодож сууна.
Хүүхдүүдэдээ эмээ нь “Эмээд чинь тэтгэврийн хэдэн төгрөгөөс өөр юм байдаггүй. Амттай юм аваад өгье гэхээр махаа авах нь бидэнд хэрэгтэй байдаг ийм л амьдралтай байсан. Өнөөдөр та нар дутах юмгүй аз жаргалтай байгаа чинь ард түмний буян. Түмний буяныг дааж зөв хүмүүс болоорой” гэж захиж суудаг юм. Одоо санаа зовох юмгүй болсон хойно энэ хэдийгээ тарахаар эмнэлэгтээ хэвтэнэ” гэж ярилаа.
Харин 12 настай хүү “Байранд ороод амьдрал гоё байгаа. Бид нарын ариун цэвэр дээрдсэн. Гал түлж, усанд явахгүй, бас сургууль ойрхон болохоор чөлөөт цаг их гардаг болсон. Хичээлдээ 20 минут яваад л оччихно. Эмээ даарахгүй байгаа, бие нь сайжраад бараг алхах гээд л. Өдөр болгон гоё байна” гэж ярив.
-Өөрийн гэсэн гэр оронтой болчхоор санаа зовохгүй, тайван болчихдог юм байна-

Бидний дараагийн өрнүүлсэн хандивын үр дүнд энэ айл гурван өрөө байшинтай, гражтай, хоёр айлын газар бүхий хашаатай болсон юм. Амьдралаа, аав, дүү нараа цэмбийтэл асарч авч явдаг 14 настай охин хоёр хэцээр дүүрэн хувцсаа угаагаад өлгөж. Ягаан, цагаан голдуу охидын чамин хувцас. Тэр хавчаарыг нь авч эргүүлэн өлгөж байв. Мөн хашаанд гоё юмаа, дүү нарынхаа хувцсыг угаахаар дорхноо хатчихна. Нийтийн байранд өрөө чийг даагаад их юм угааж болдоггүй байсан хэмээн хөөрхөн гэгч нь инээмсэглэн ярина. Д.Энхмандахын төрсөн ахынх нэг л буудлын зайтай амьдардаг учир ойр ойрхон ирж, бага багаар хашаа, байшингаа тохижуулахад тусалж байгаа аж. Өчигдөрхөн шинэ довжоо хийж өгчээ. Аавыгаа тойрч, эгчийгээ хормойдон эргэлдэх орчинд байсан дүү нар нь өөр өөрийн өрөөндөө ороод тохьтой гэгч нь тоглож наадна. Бас цэлгэр хашаа тул жаалууд хөөцөлдөн тоглож, тааваараа сайхан байгаа нь илт.
Д.Энхмандах “Бага багаар төвхнөөд л байна. Ирэх жил сайхан болгочихно. Агаартай, чимээ аниргүй энд ямар сайхан гээч. Миний хүүхдүүд төрсөн цагаасаа хойш ийм сайхан зүлэг ногоотой хашаанд амьдарч үзээгүй. Хүүхдүүд маань сайхан байгаа. Би өөрөө ч та бүгдийнхээ буянаар сэтгэл өндөр явна. Ард түмнийхээ буянаар үр хүүхдэдээ өвлүүлэх өв хөрөнгөтэй болчихлоо. Ээж маань ирээд “Миний хүү болоо доо” гээд цай, сүүний дээж өргөж байшин хашаа ариутгаж өгөөд явсан. Ээжийн минь сэтгэл амарсан байх. Ер нь өөрөө зовсон, ядарсан хүн л нэгнээ ойлгодог. Хандив өгсөн бүх хүнд баярлалаа. Тэр дундаа танай сайтын хамт олонд, “Асрал” төвийн С.Бурмаа захиралдаа маш их баярлаж байна. С.Бурмаа захирал бүтэн жил бид нарын түрээсийг төлж, хоол унд, эм тарианы мөнгөөр тусалж хажуудаа байлгасан.Хүний төлөө чин сэтгэл гаргаж тусладаг хүн бүрт баярлалаа. Манай хоёр бага охин тавтай байгаа ч яг юу болсныг ойлгохгүй байгаа. Харин 7 настай хүү маань “Манайх ийм гоё гэртэй болсон. Бид нарынх тийм ээ” гэж асуусан. Би энэ хэддээ “Хүнд хал, балгүй сайн хүмүүс болоорой. Ард түмний хайр ивээлээр ирсэн гэр орноо сайн арчилж авч яваарай гэж захидаг” гэж ярилаа.

Аавыгаа, дүү нараа авч яваа 14 настай хэрсүү, ухаалаг охин “Сэтгэгдэл их гоё байна. Өөрийн гэсэн юмтай санаа зовох юмгүй. Цэвэрлэх юм ихэссэн ч зүгээр ээ, өөрийнхөө гэрийг цэвэрлэж байгаа юм чинь. Дүү нар маань баярлаад манай шинэ байшин гээд гарч гүйгээд гэр доторхоо эргүүлж тойруулж хараад л гайхсан шинжтэй байх нь хөөрхөн. Нийтийн байранд хувцсаа угаахаар жижиг өрөө чийг татаад энд болохоор өөрийн том хашаатай болохоор тав тухтай байна. Цаашдаа хашаагаа, байшингаа янзалнаа. Сургууулиасаа холдсон ч автобус дамжихгүй, хоёр дүүгийн цэцэрлэг бүр ойртсон.
Энэ айлын амьдралыг 14 настай охин авч яваа гэж миний өнцгөөс хараад намайг ойлгоод тусалсан хүмүүст маш их баярлаж байгаа. Зарим нь залгаад анайгийн дүү яаж байна гэдэг. Өөрийн гэртээ болчхоор миний юм чинь надаас өөр хэн авч явах вэ гэж боддог юм байна.Өөрийн гэсэн байшинтай болчихоор дүү нараа асраад нэг их бодох юмгүй, тайван болчихдог юм байна. Нийтийн байранд янз бүрийн хүмүүс их явдаг болохоор санаа зовдог байсан. Өөрийнхөө орчинд маш тайван эрх чөлөөтэй байна” гэлээ.
Эмээтэйгээ амьдардаг 5-15 насны дөрвөн хүүхэд, аавтайгаа хамт амьдардаг 3-14 насны таван хүүхэд. Монголын ард түмний өрөвч зөөлөн, өгөөмөр халуун сэтгэлийн үрээр 3-15 насны энэ есөн хүүхэд өнөөдөр өөрсдийн гэсэн орон гэртэй болж, аз жаргалтай амьдарч байгаа нь энэ. Цэлгэр хашаандаа зүлэг ногоон дээгүүр хөөцөлдөн тоглох 3, 5, 7 настай төрсөн ах дүүс, тохилог байрандаа хөгжилдөн тоглох 5, 8, 12 настай бүл ах дүүс. Анхан байсан газраасаа, бидний уулзсан орчноос огт өөр амьдралтай болсонд талархаад баршгүй. Сахарын хүндрэл, агаарын дутагдлаас хамааран шөнөдөө 5-6 удаа сэрээд унтаж чаддаггүй байсан Д.Энхмандах зорилготой бас золбоотой аав болж. Гурван кг-аар 30 хонодог хэмээн ярьж, энэ хэдийгээ нэг орох оронтой болгохсон хэмээн хоолой зангируулан суусан Ц.Оюунцэцэг бие нь дээрдэж, царай зүс нь сайхан болоод ерөөл өргөн сууна.
Хандивт нэгдэж, халуун сэтгэлээ дэлгэсэн Монголын ард түмэндээ баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан байна монголын үр хүүхэд сайхан орчинд өсөж торниод сайн хүмүүс болоорой
Ядаргаатай юм нэг юм өгчихөөд байн байн очиж за ларна айн ? Сая хүүхдийн баяраар хүүхдэд юм өгсөн бол зураг нүүрийг нь авахгүй байх ури�##�га гарсан. Уншаагүй юм уу. Нүүрийг нь хуурамчаар дарсан болж жүжиглэхээсээ ичээч. Битүү 100%-иар дарж ч чадахгүй. Наад хүүхдүүд чинь бүгд танигдахаар байна. Зөндөө хэлээд байхад тоохгүй бүдүүлэг юм танай хуудас !
Bolioch
МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. САЙХАН СЭТГЭЛТ ИРГЭДДЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬE.АЗ ЖАРГАЛ ХҮСЬE.
Тэр 14 хөн настай охины буян дэлгэрчээ сайн охинтой айл өөдлөнө
ХАМГИЙН САЙХАН МЭДЭЭ ХӨӨРХИЙДӨӨ БОЛЖДЭ САЙН ХҮМҮҮС БОЛОН ТӨЛӨВШӨӨСЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ
Хандив тусламж яг хэрэгцээтэй хүмүүстээ хүрч, баярл�##�аа та бүхэнд.
Сайхан байна