Мексикийн шинэ ерөнхийлөгч тодорсны дараа хувьцаа, песогийн ханш эрс унав

Өмнөд Америкийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай Мексик улсад парламент болон ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт /2024.06.02/ болсон.
Даваа гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүн гарсан. Тус сонгуулийн гол хоёр өрсөлдөгч нь эрх баригч Морена намын Клаудиа Шеинбаум, сөрөг хүчний намуудын эвслийн дэмжиж буй Хочитл Галвес нар байсан юм.
Урьдчилсан хариугаас харвал Шеинбаум 59 хувийн санал авчээ. Урьдчилсан хариу гарсны дараа тэрбээр ялалтаа зарлаж, нийслэлийн Зокало плазад цугларсан дэмжигчдэдээ талархлаа илэрхийлсэн.
Харин парламентын сонгуульд Морена нам үнэмлэхүй ялалт байгуулах төлөвтэй байгаа учир Мексик песо болон томоохон компаниудын хувьцаа эрс унасан байна.
Тодруулбал даваа гарагт /2024.06.03/ Мексикийн хөрөнгийн бирж 6 хувиар унаж, песогийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үзэгдээгүй суларчээ.
Урьдчилсан хариу эрх баригч Морена болон түүний холбоотон намууд их хэмжээний санал авсныг харуулсан юм.
Үүний улмаас эрх баригч нам супер мажоритар байр суурьтай болж, ямар нэгэн сөрөг хүчний эсэргүүцэлгүйгээр үндсэн хуульд шинэчлэл оруулж магадгүй гэж хөрөнгө оруулагчид эмээх болжээ.
Сонгуулийн эцсийн хариу лхагва гарагаас /2024.06.05/ бямба гарагийн /2024.06.06/ хооронд саналын хуудсыг тоолж дууссаны дараа зарлана.
“ING”-ийн дэлхийн зах зээлийн албаны тэргүүн Крис Тернер “Гол асуулт нь Морена нам сонгуульд маш сайн амжилт үзүүлж, зах зээлд ээлтэй бус үндсэн хуулийн шинэчлэл хийх хэмжээний эрх мэдэлтэй болох уу гэдэг байна” хэмээжээ.
Шеинбаум халамжийн бодлогыг өргөжүүлэхээ амласан байгаа. Гэвч тус улс төсвийн их хэмжээний алдагдал, эдийн засгийн өсөлт тааруухан үзүүлж байгаа учир энэхүү амлалтаа биелүүлэхэд төвөгтэй байх болно.
“Goldman Sachs”-ийн Латин Америкийн эдийн засгийн судалгааны албаны дарга Альберто Рамос “Ерөнхийлөгчөөр сонгогдсон Клаудиа Шеинбаумд тулгарах гол асуудал бол зах зээлд итгэх итгэлийг өсгөж, урьдчилан таамаглах боломжтой, хөрөнгө оруулалтад ээлтэй тогтолцоог бий болгох” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.