НИЙГЭМ

Хүрээ майдар бурхныг дуганын хамт дахин сэргээн бүтээжээ

Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод 1834-1942 он хүртэл Монгол түмний шашин соёлын их шүтээн болон залагдаж байсан Хүрээ майдар бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээсэн нээлтийн ёслол өчигдөр боллоо. 

Нээлтийн  ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн  Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир,  Монголын бурхан шашны хийдийн  тэргүүд,  лам хуврагууд, сүсэгтэн олон,  гадаадын  зочид төлөөлөгчид  оролцлоо. 

“Хүрээ Майдар” бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээх үйлсийг 1990 онд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав бусад лам нарын хамт санаачилсан. 

2007 онд Хүрээ Майдар бурхны эх загварыг Монголын  урчуудын эвлэлийн барималч Н.Оршил Чойжин ламын сүм музейд залагдсан Өндөр гэгээн Занабазарын дэгийн дагуу бүтээгдсэн  Майдар бурхнаас хуулбарлан томруулах аргаар бүтээжээ. Уг загварын дагуу Гончигдаш тэргүүтэй Төвд, Балба урчууд 2013 онд зэсээр урлаж дуусгасан байна.  Харин дуганы барилгын ажлыг 2017 оноос эхлүүлж, ийнхүү  нээлтээ хийж байгаа юм.   

Нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хутагтын Их Хүрээ буюу өнөөгийн Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод V Богд Жавзүндамбын санаачилгаар Хүрээ Майдар бурхныг бүтээж, энэ нь монголчуудын их шүтээн төдийгүй соёлын нандин бүтээл болон шүтэгдэж байсан. Гэсэн хэдий ч цаг төрийн ороо бусгаа үеэр устаж үгүй болсон тухай түүхийн баримтад хөдлөшгүй нотлогдож үлдсэн. Харин ийнхүү өнөөдөр Хүрээ Майдар бурхныг дуганы хамт ашиглалтад оруулж байгаад Нийслэлчүүд бид  баяртай байна. Хүрээ Майдар төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хот олон улсын аялал жуулчлал, шашин соёлын төв болох төдийгүй гадаад дотоодын жуулчид, мөргөлчдийн заавал очих, ирж үзэх дурсгалт газруудын нэг болж, Нийслэл хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болтугай” хэмээн хэлсэн юм.

Майдар бурхан нь Бурхан багш Шагжмүни дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхдын тав дахь бурхан юм. Майдар бурхны тэргүүн дээр залран буй суварга нь түүний багш Бурхан Буддаг бэлгэддэг.  Ирээдүйд дээдийн номыг , дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгож Номын хүрдээр мутрын тэмдэг хийж, удахгүй Замбу тивд залрахын бэлгэдэл болгож хагас суугаа байдлаар залран байдаг аж.

Дуган нь орчин үеийн барилгын шаардлагад нийцсэн 6 давхар шилэн барилга бөгөөд дотроо бясалгалын өрөө, номын сан, музей, хурал уулзалтын өрөө, сургалт, семинар хийх зэрэг шашин, соёл, боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах өрөө, танхимуудтай аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
одоо лам нар сахилаа сахих
одоо лам нар сахилаа сахих
6 сар 5, 2024 14:31

Бурханы номыг дэлгэрүүлэгч бүх лам нар номынхоо дагуу бүгд ногоон, цагаан хоолтон болох хэрэгтэй. лам байхын хамгийн эхний сахил бол амьтан үл хороох буюу амьтаны гар�##�тай хоол идэхгүй байх. Амьтаны гар�##�тай хоол идвэл тухайн амьтаныг �##�агдах захи�##�га өгсөн бүлэг этгээдэд хамаарах тул �##�уурчинтай адил зиндаанд очдо. Есүс Христ, Будда зэрэг олон их багш нар үүнийг хамгийн ихтайлбарласан байгаа. тиймээс лам нар бурханы ном дэлгэрүүлэгч байхын төлөө хамгийн эхний сахилаа сахих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button