УЛС ТӨР

УИХ-ын даргын зөвлөхүүд “ХОВОР ҮГТЭЙ, ХООСОН ЦЭЭЖТЭЙ”

-“НАМ СЭЛГЭГЧ”, “ХЭВЛЭЛИЙН МАГНАТ”,  “ХЭНЭГГҮЙ ГАР” УИХ-ЫН ДАРГАД ЗӨВЛӨЖ БАЙНА-

-Хуулийн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар:

Энэ оны есдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар албан тушаал ахиж ахлах зөвлөх болсон. Тэрээр хар залуудаа буюу хорь гаруй насандаа Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын алба хашиж, 33-тайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж явсан “ад”-тай.

Ж.Сүхбаатар гэх хүний хувьд улс төрийн хоёр том намын дунд дураараа нүүдэл сэлгэж ирсэн нэгэн. 2013 онд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргад өрсөлдөн, Ж.Мөнхбатад ялагдсаныхаа дараа ихэд шаралхан, “МАН Т.Бадамжунай гэх мангасаас салаагүй цагт өөдлөхгүй” хэмээн бичиж сенсаацалж байв. Эл үйл явдлын дараа 2015 оны есдүгээр сард МАН-аас гарч, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллах болсон юм. Гэвч УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшин, ялагдсаныхаа дараа тэрээр МАХН-ын гишүүнчлэлээс бас л татгалзаж, хээв нэг гарч одсон. Харин тэрбээр энэ удаа УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН-ын гишүүнчлэлээ сэргээхээр бэлтгэж байгаа тухай хэвлэлүүд бичиж буй.

УИХ-ын гишүүн байхдаа нэлээдгүй хэл амны бай болж байв. Тухайлбал 2011 онд УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа  ёс зүйгүй авирлаж УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр хүндэд халдсаныхаа төлөө Ёс зүйн хороо, цагдаагийн хаалга татахад хүрэхдээ уучлал гуйн дуусгаж байж.

Үүнээс өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор шанаадуулж, телевизийн шууд эфирийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ О.Магнайтай бараг л зодолдох шахаж байсан гээд баялаг их намтар бий. Гэхдээ хар бараан. Харин гялайж гялтайх зүйл нь гэвэл хуулийн хүрээний мэргэжил нэгтнүүд нь түүнийг хууль талдаа “чка” нэгэн хэмээн үнэлдэг гэх юм билээ.  

Эдийн засгийн зөвлөх С.Баярмөнх:  

“Сэрүүлэг”-гийн хэмээн олонд танигдсан С.Баярмөнх УИХ-ын даргын Эдийн засгийн зөвлөх хийж байна. Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатартай Баянхонгорын угшил нэгтэй. 1989 оноос “Улаан од” сонины нийгэм улс төрийн хэлтэст сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлж байсан. Монголын сонины холбооны ерөнхийлөгч, Гадаад хэргийн яамны Дипломат байгууллага үйлчилгээ аж ахуйн газрын дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч зэрэг алба хашиж байжээ. УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байсан.

Түүний үүсгэн байгуулсан “Сэрүүлэг” сонин хэвлэлийн түүхэнд олон захиалагчтай, хамгийн анх хонжвор зарласан, хамгийн дуулиант мэдээллүүдийг нийтэлсэн гэгддэг. Улмаар телевизийн салбарт хөл тавьж ТВ8-ийг үүсгэн байгуулалцаж байсан аж. Мөн 2000-аад оны эхээр барилгын салбарт ч хөл дүрж үзсэн гээд намтар арвинтай.  

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх Д.Бадамдаш:

УИХ-ын дарга хоёр ч сэтгүүлч зөвлөхтэйн нэг нь Д.Бадамдаш юм. Д.Бадамдашыг “Ийгл ньюс” агентлагийн захирал байсан гэдгээр нь хүмүүс андахгүй. Түүнийг товойлгох хоёр зүйл бий. Нэг нь “Ийгл” телевизийн захирал, нөгөө нь Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал. Тэрбээр 2015 онд Монголын телевизүүдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар сонгогдож байлаа. Намтрын хувьд нэг иймэрхүү богино.

Харин УИХ-ын зөвлөх болоод ч намтар зузаарч гавихгүй нь бололтой. Учир нь энд тэндэхийн үйл ажиллагаанд УИХ-ын даргын дайсан захидал, мэндчилгээг уншиж танилцуулахаас өөрийг хийсэнгүй гэх. Ерөнхийдөө хөшигний ард нуугдмал мэт байдаг, үүрэг рольгүй нэгэн хэмээгдэж байгаа юм.

Улс төрийн бодлогын зөвлөх З.Төмөртөөмөө:

СУИС-ийг менежерийн чиглэлээр дүүргэсэн. Эл зөвлөх нь Г.Занданшатарын Баянхонгор дахь тойргийн асуудлыг бүрэн хариуцдаг. Мөн УИХ-ын даргын ахуйн аахар шаахар асуудлын зохицуулалтын ард дандаа З.Төмөртөөмөө байдаг гэдэг. Тэрээр УИХ-ын даргыг ЗГХЭГ-ын дарга байхад нь л зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн НАМЗХ-ны Пи ар хорооны дарга байж. Улс төрийн карьерийн хувьд ийм.

УИХ-ын даргыг ЗГХЭГ-ын дарга байхад халдашгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан  З.Төмөртөөмөө БНСУ-д нэгэн “факт”-д нэр холбогдож байлаа. Тодруулбал, Сөүл хотын Чуннам дүүргийн Цагдаагийн газарт шөнөжин агсам тавиад, өглөөний 7:00 цагт саатуулагдлаа гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиантай гэгч нь цацагдсан. Гэтэл “андуурагдсан сугалаа” болж энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийж, залруулж байв. “З.Төмөртөөмөө баригдаж эрүүлжүүлэгдээгүй.  Харин Монголоос очсон хүмүүс баригдсаныг суллуулж авсан” гэх үйлдлээсээ үүдэж ийнхүү хэвлэлийн бай болсон “харамсалтай ч гэх үү, хөгжилтэй ч гэх үү” түүхтэй хүн.

Нийгмийн бодлогын зөвлөх,  доктор, профессор Д.Бадарч:

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийгмийн бодлогын зөвлөхөөрөө Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Бадарчийг ажиллуулж буй. Дээрх дөрвөн хоосон цээжнээс тэр өөр, УИХ-ын даргын зөвлөхийн нэрийг өөд татах ганц хүн гэхэд болно. Түүнийг “ШУТИС-ийн Бадарч”, “ЮНЕСКО-гийн Бадарч” гэдэг нэрээр нь хүмүүс андахгүй.

Анх МУИС-ийн харьяанд Политехникийн дээд сургууль гэж байхад багшилж, дараа нь КТМС-ийг байгуулж, Техникийн Их Сургууль, ШУТИС болоход нь ректороор ажиллаж байж. Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн нь болсон байна. Тэрбээр ЮНЕСКО-д 15 жил ажилласан. Энэ хугацаанд ОХУ-ын Москва хот дахь ЮНЕСКО-гийн бүсийн төвийн захирал, Армен, Азербайжан, Беларусь, Молдав, ОХУ-д ЮНЕСКО-гоос суугаа төлөөлөгч, ЮНЕСКО-гийн Мэдээллийн технологийн боловсролын олон улсын хүрээлэнгийн захирлын албыг 11 жил хашиж, Парис, Ташкентад дөрвөн жил төлөөлөгчөөр ажиллажээ. Мөн АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор бөгөөд Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадтын их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж байжээ.

Хоёр сарын өмнө бую 2019 оны аравдугаар сарын 04-нд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын зөвлөмжийн дагуу “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн үндэсний хороо байгуулагдахад тус хорооны тэргүүнээр сонгогдсон ажээ.

УИХ-ын дарга голдуу залуу зөвлөгчтэй аж. Энэ утгаараа түүний залуу зөвлөгчид нь улс төрд хөлөө, байр сууриа, карьериа гээд аль алиныг нь ч олоогүй яваа. Харин ахимаг настнууд нь улс төрийн хаалга онгойлгож орсон ч тогтож суугаагүй хүмүүс байх аж. Яг шударгаар хэлэхэд УИХ-ын даргад ганц тулхтай, тулгууртай нь “ЮНЕСКО-гийн Бадарч”. Бусад нь “ХООСОН ЦЭЭЖ”. Үүнээс харахад Г.Занданшатар дарга зөвлөгч нараа чухам ямар шалгуураар харж авсан эргэлзээ төрүүлж байна. Хоёр нь нутгийн сайн дүү нар. Нутгийн сайн дүү нар гээд улс төрийн холын аянд зөвлөгч байж, дөрөө харших нь юу л бол. Ямартай ч намтар нимгэнтэй хүмүүс түүнд зөвлөж байна.



Бид төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн мэдээллийг цувралаар хүргэж буй. Уншигч та бидний өмнө нь бэлтгэсэн Ерөнхийлөгчийн зөвлөхүүд буюу “Морь унасан толгойгүй ХҮМҮҮС” контентыг ЭНД ДАРЖ уншина уу.


Ерөнхий сайдын зөвлөхүүд “ЖИНХЭНЭ БҮТЭХГҮЙ ГАРУУД” контентыг ЭНД ДАРЖ уншна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Ж.Сүхбаатар ёстой овилгогүй байр суурьгүй,урвагч, хоосон цэцэрхэгч, өөрийгөө ихэд бодсон ичих нүүргүй хулгайч даа одоо бас МАН-аас Дарханд нэр дэвшихийг санаархаж байгаа байхдаа

  2. J.Suhbaatar ch harin tom gariin uls turch. Muuhai doosh hij. Zandanshatariin ariin tom akul ni baihad. Shal hudlaa bichih yum. Bayarmunh ah chin lanjgar hevlelin boss baisan. Harin ch tom bag Zandkad baina

  3. Урвагч бол урвагч л байдаг юм Чингис хаан Жамухыг барьж ирсэн 2 урвагчийг тэр дор нь толгойг нь авдаг биз дээ Гэтэл энэ Ж.Сүхбаатар гэж олби огтоно шиг этгээдийг Төрд гаргаж болохгүй , шаардлага гарв#### Г.Занданшатраасаа ч урвана сийхгүй дээ харин

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button