Үндэсний их сурын харваанд 18-83 насны 686 харваач цэц сорьж байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2024.07.10/ эхэллээ.
Тодруулбал, сурын хана харвааны эхэн, дунд өрөг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, хана харвааны дунд өрөг дуусч байх үеэр дараах мэдээллийг бэлтгэлээ.
Монголын Үндэсний харваачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяртай цөөн хором ярилцлаа.
-Сурын харваа бусад төрлөөс эрт эхэлдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Долоодугаар сарын 6-нд хүүхдийн харваагаар баяр наадам маань эхэлсэн. Үүнээс хойш урианхай, буриад сурын харваа болж дуусаад өчигдрөөс үндэсний их сурын харваа эхлээд явж байна.
-Энэ жилийн үндэсний их сурын харваанд хэчнээн харваач оролцож байна вэ?
-686 харваач оролцож байна. Өнгөрсөн жилүүдэд бид гурав хоног нааддаг байсан бол энэ жил харваачдын тоо нэмэгдсэнээр дөрвөн өдөр наадаж байгаа онцлогтой. Одоогийн байдлаар хана харвааны дунд өрөг буюу бүх харваачид 16 сумаа тавиад дуусч байна. Хана харвааны дараа хас харвааны дөрвөн сумаа тавиад дуусна.
Өнгөрсөн жил бид чансаалаад 540 харваачийг бүртгэж байсан. Энэ жил хуулийнхаа дагуу чансаа тогтоолгүйгээр 686 харваачид бүртгэн оролцууллаа. Жилийн жилд сурын харваа сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Энэ жил хамгийн бага нь 18 настай, хамгийн ахмад нь 83 настай буурай байна.
-Сурын харваанд цаг агаар их нөлөөтэй гэдэг...?
-Энэ жил бүх харваачид бороотой, сэрүүхэн өдрүүдэд зориулан бэлтгэлээ хийсэн. Гэтэл өчигдөр, өнөөдөр хоёр эсрэгээрээ маш их халж байна. Хэтэрхий их халуунд харваачдын маань нум уярч, зөөлөн болох магадлал өндөр учраас тийм ч таатай зүйл биш ээ.
Сурын харваа хүнийг маш их хүмүүжүүлдэг спорт. Бяр хүч хэрэгтэй ч гэсэн арга, техник илүү чухал. Үндэсний их сурын харваа маань 40 сум тавьдаг. Эхний хорин сум нь хана харваагаар харвадаг. Дараагийн 20 сумыг хас харваа буюу илүү жижигсгэж харвадаг.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ:
Шууд дамжуулалт, фотог зураглаач: Б.Мягмарбаяр
Сэтгүүлч: Ц.Наранцацрал
Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.