НИЙГЭМНийгэм мэдээСурвалжилга

Нэг дороос | Фото: Үндэсний их баяр наадмын нээлтийн ОНЦЛОХ АГШНУУД

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын Хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэдээллийг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.


НЭМЭЛТ: 2024.07.10-нд 12.00 цаг

Үндэсний их баяр наадмын нээлтийн ОНЦЛОХ АГШНУУД манай зураглаачийн дуранд буусныг фото сурвалжилгаар хүргэж байна.

Гэрэл зургийг: О.Улсболд


НЭМЭЛТ: 2024.07.10-нд 11.20 цаг

-У.Хүрэлсүх: Наадам бол тусгаар тогтнолын бэлгэдэл, оршин тогтнохын дархлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

  • Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ.
  • Дэлхий даяар тархан суугаа элэн нэгт Монгол ахан дүүсээ,
  • Их Монгол Улсын гал голомт, манай сайхан оронд айлчлан ирсэн Бутан Улсын цог жавхлант хаан, хатан болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө,
  • Эрхэм хүндэт наадамчид аа,

Эцэг тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл сэргэсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр тэнгэр заяат монгол түмний их баяр цэнгэл Үндэсний их баяр наад ёслол төгөлдөр эхэлж байна.

Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэмт хүмүүний гурвалсан их баяр. Монгол төрийн ой санамж, эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, эртний түүхтэй оюун санаа, оршин тогтнохын дархлаа билээ. Монгол наадамаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон болон манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочиддоо Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Төрт ёс, соёлын бахдам түүхтэй Монгол Улс бол хүн төрөлхтний эртний өлгий, нүүдэлчин хүчирхэг гүрнүүдийн ариун гал голомт, оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм.

Тиймээс өвөг дээдсийнхээ агуу их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэн үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, морин хуурыг эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан.

Эх түүхээ судлан шинжилж, ард түмний хүртээл болгох үүднээс Монголын нууц товчооны дэлгэрэнгүй тайлбар толийг анх удаа бүтээж, дэлхийг өөрчилсөн Монгол Улсын их түүхийн 20 боть номыг шинээр бүтээх их ажлыг эхлүүлээд байна. Алтан соёмбот төрийн далбаагаа улсын нийслэл Улаанбаатар хотноо өнө мөнхөд сүр жавхлантай мандуулсныг ард түмэндээ дуулгахад таатай байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд бид өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг байгуулж, бүх нийтээрээ сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн.

Тэгвэл түүхт ойн энэ жил манай ард түмэн ардчилсан төр засгаа улам бэхжүүлж, парламентат ёсоо төлөвшүүлэн, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа анх удаа 126 гишүүнтэйгээр сонгон байгууллаа.  

Сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, мянга мянган жилийн түүхтэй монгол төрийн алтан жолоог энэ цаг дор залгамжлан барилцахаар төр, түмэндээ тангараг өргөсөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, төрийн их ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Ард түмний төлөөлөл болсон Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, ёс зүйн дээд манлайллыг үзүүлж, эвийг эрхэмлэн, журмыг сахиж, итгэл дааж, сэтгэл гарган улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэх учиртай.

Та бүхэн түмэн олныхоо итгэл найдварыг чинхүү зүтгэлээр хариулж, ард түмнийхээ олгосон “Төрийн түшээ” хэмээх эрхэм нэр төрийг өндөрт өргөж яваарай. 

Миний Монголын ард иргэд ээ,

Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт Цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Гэрэл зургийг: Б.Мягмарбаяр


НЭМЭЛТ: 2024.07.10-нд 11.05 цаг

-ШУУД: Есөн хөлт цагаан тугийг залж, Үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ-

Есөн хөлт цагаан тугийг наадмын талбайд залж, Үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ.

Шууд дамжуулалт:

Шууд дамжуулалтыг: MNB

Гэрэл зургийг: Б.Мягмарбаяр


ЭХЛЭЛ: 2024.07.10-нд 09.30 цаг

-Есөн хөлт цагаан тугийг наадмын талбайд залахаар хөдөллөө-

Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай.

Энэ дагуу торгон цэргүүд наадамчин олноо цэнгүүлэхээр Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос  Төв цэнгэлдэх хүрээлэнд залахаар Төрийн ордоноос хөдөллөө. тус үйл явдлыг Eguur news агентлаг фото сурвалжилгаар хүргэж байна.

Гэрэл зургийг: Б.Мягмарбаяр

Байршил: Төв талбай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-12 12:56

Ганц мэдээ �##�даагүй бичиж чадахгүй байна уу ???

Холбоотой мэдээ

Back to top button