Сурвалжилга

Сурвалжилга: 0-5 насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэх тохиолдол нэмэгдэж байна

Хичээл сургууль амарч, аялал зугаалгын улирал хэдийн эхлээд дуусах дөхөж байна. Хүүхэд багачууд амарсан энэ үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорих хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Тус төвийн хүлээн авах тасаг аврал эрсэн үрс, тэвдэж сандарсан эцэг эхчүүдээр дүүрч, нүд халтирч, сэтгэл өвтгөм дүр зурагтай байна. Толгой, гараа боолгосон, скүүтэртэй осолдсон могойд хазуулсан гэх мэт төрөл бүрийн өгүүлэмжтэй бага насны хүүхдүүд зонхилж байлаа.

Бид тус төвийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн эмч Б.Баясгалантай уулзаж, хүүхдийн осол гэмтлийн шалтгаан, хэрхэн яаж урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасагт могойд хатгуулсан 5-7 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна-

-Хичээл сургууль амарч, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн осол гэмтэл нэмэгдсэн үү. ГССҮТ-д нөхцөл байдал ямар байна вэ. Тодорхой мэдээлэл өгөөч?

-Иргэд хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа олон эрсдэл дагуулсаар байдаг. Тухайлбал, гол устай газар болон хээр тал, уулын бэл, тэр ч бүү хэл хашаан дотроо могойд хатгуулж, Гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулан ирэх тохиолдол ихэссээр байгаа.

Могой ихэвчлэн хүний хөл, гарын хэсэгт хатгадаг бөгөөд цөөн тохиолдолд нүүр болон хүзүүн тус газарт халддаг байна. Ингэхдээ хатгасан даруйдаа тухайн хэсэгтээ хор цацсанаар хүний биед маш хурдан хоруу чанар нь үйлчилж эхэлдэг.

Хүний биед могойн хор тархаж эхэлснээр богино хугацаанд хатгуулсан хэсэг хавдаж эхэлдэг. Иргэд могойд хатгуулсныхаа дараа эмнэлгийн байгууллагад хандаагүйгээс болж цусны бүлэгнэл үүсдэг. Ингэснээр ам цангах, царай цонхийх, алдах, ухаан алдах, таталт өгөх, цаашлаад зүрхний үйл ажиллагаа алдагдаж амь нас хохирдог л доо.

-Могойд хатгуулсан хүүхдүүдийн тоон мэдээллийг өгөөч. Энэ нь хүүхдэд ямар хор уршигтай байдаг вэ?

-Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд могой болон бусад төрлийн хортон шавжид хатгуулах, зэрлэг амьтанд хазуулах тохиолдол нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар, манай эмнэлэгт могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн нэг нь орон нутгаас ирсэн бол гурав нь хотоос бүртгэгдсэн байна.

Могойд хатгуулсны дараа хэсэг газарт улайж хавддаг бөгөөд шүдний ором гарсан байдаг. Могойд хазуулах нь зөөлөн эдэд хор хөнөөл ихтэй. Цус бүлэгнүүлж, задлах үйлчилгээтэй учраас мөчдүүд гэмтэж, тайрагдах, цаашлаад амь нас эрсдэх аюултай учраас өөрсдөө арга хэмжээ авах гэж оролдохгүйгээр ойролцоо эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

Анхны тусламжийг зөв үзүүлж чадвал ирээдүйд үлдэц үлдээхгүйгээр эмчлэх боломжтой. Могойд хазуулахаас гадна цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк гэх мэт өвс ногоо ихтэй газруудад тоглож байгаад хортон шавьжад хазуулсан хүүхдүүд их ирж байна. Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж хэлмээр байна.

-Могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 бүртгэгдэж байна-

-Одоогийн байдлаар могойд хатгуулснаас болж амь нас хохирох тохиолдол гарсан уу?

-Өдөрт могойд хатгуулсан гэх дуудлага 8-10 бүртгэгдэж байгаа. Одоогийн байдлаар амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ бидний зүгээс тийм зүйл гарахгүй байгаасай л гэж хүсэж байна. Тэрний эсрэг шаардлагатай гэсэн бүх арга хэмжээнүүдийг авна. Могойд хатгуулсан л бол нэн даруй манай эмнэлэгт хандах хэрэгтэй. Тэгэхээр тэр хаван хавдар удаан дарагдлыг чөлөөлөх мэс засал хийгддэг юм.

Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. Могойд хатгуулсны дараа хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг.

Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг. Хатгасан могойн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг.

-Могойд хатгуулсан тохиолдолд шууд мэс засалд ордог юм уу?

-Тийм. Амь насны заалттайгаар яаралтай мэс засалд ордог. Могойд хатгуулсан тухайн иргэн болон хүүхдэд удаан дарагдалтыг чөлөөлөх мэс ажилбар хийгдээгүйгээс болж хүндрэл нь тухайн хазуулсан хэсэг болон хөл гар үхжиж тайрагдах аюултай. Түүнчлэн хорны тархалт их олон хоног эмчид хандаагүйгээс болж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа цусны эргэлтийн тогтолцооны алдагдалүүсдэг. Мэдээж хэрэг цус бүлэгнэлт алдагдаж байгаа учраас цус урсамтгай болж цус алдах эрсдэл үүсдэг гэх мэтийн маш олон аюултай шинж илэрдэг.

-0-18 хүртэлх насны 1393 хүүхэд тусламж үйлчилгээ авсан-

Долдугаар сарын 10-16-ны өдрийн хооронд осол гэмтлийн шалтгаанаар тусламж үйлчилгээ авсан иргэдийн 2113 нь насанд хүрэгчид, 1393 нь 0-18 насны хүүхэд байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд ихэвчлэн ахуйн хүрээний осолд өртдөг. Түүнчлэн оройн цагаар гадуур тоглох үедээ гулсуур дээрээс унах, скүүтэртэй осолдох, могойд хатгуулах зэрэг тохиолдол их гарч байна.

Бороо их ороод ч тэр юм уу хөдөө зугаалгаар явж байгаа хүүхэд, залуус могойд хатгуулах тохиолдол элбэг гарч байна. Гэхдээ зарим тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахгүй өөрсдөө эмчлэх гээд улам дордуулах тохиолдол их гардаг.

Мөн скүүтрээс унах, мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл хугарах, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож байна.


Эмчтэйгээ ярилцсаны дараагаар ГССҮТ-ийн байр байдлыг ажиглахаар үүдний хэсэгт сууж байтал 30 гаруй насны эмч залуу гарч ирэн хэн нэгний ар гэрийг эрэн, дуудаж байгаа нь сонстов. Тэрбээр, эмээсэн бас халширсан хоолойгоор "Яаж байгаад гараа гэмтээчихсэн юм бэ. Хурдан хагалгаа хийлгэхгүй бол тайрахаас өөр аргагүй байдалд орох гээд байна" гэсэн үг гэх нь ар гэрийнхэнд нь байтугай алсаас ажин суух надад ч цочирдом сонсогдоно. Энэ мэт ганцхан хормын анхаарал болгоомжгүй байдлаас болж гаргүй, хөлгүй, цаашлаад амьгүй болж буй үрс гэмтлийн эмнэлэгт олон байна.

Хүүхдээ л хурдан үзүүлэх гэсэн эцэг, эхчүүд заалаар тэвдэн холхино. Тэр олон дундаас бяцхан хүүгээ тэврэн гүйж байгаа ээж хамгийн эхэнд нүдэнд тусна. Түүний хувьд өглөө гурван настай хүүхэд нь лагер дээрээ тоглож байхдаа могойд хатгуулсан байсан бөгөөд хүүгийнхээ хөлийг боолгох гээд яаран гүйж байсан нь тэр байж.

-Бороо их орсон болоод ч тэр юм уу лагерын хашаан дотроо тоголж байгаад могойд хатгуулчихсан-

Иргэн Х.Мөнхмаа: "Миний хүү одоо гурван настай. Манай гэр бүл зуны амралтаар лагерт хүүхдүүдээ агаар салхинд байлгахыг илүүд үздэг. Өнөөдөр өглөө хүү бид хоёр хашаан дотроо би хувцасаа угаагаад, хүү тоглоомоороо тоглоод байж байсан юм. Гэнэт л хүүхэд минь чарлаад явчихсан. Юу болов оо гээд гүйгээд очсон чинь могойд хатгуулчихсан байсан. Би тэр могойг шууд барианы шил авчраад хийчихсэн. Их эвгүй юм билээ. Тэгээд түргэн дуудаад ГССҮТ-д ирсэн дээ.

ГССҮТ-д очих замдаа хөл нь хавдаад их өвчинтэй байсан. Харин одоо бол тайвшруулах дусал хийлгээд хорыг нь гаргачихсан боолт хийлгээд байж байна.

Хүүхдүүд ихэвчлэн түлэгдсэн, могойд хатгуулсан, өндрөөс унасан, скүүтэртэй осолдсон зэрэг асуудалтай ирж байна. Заримыг нь бүр харж чадахгүй хэцүү байдалтай ирж байна. Өмнө нь огт ГССҮТ рүү зүглэдэггүй байсан. Харин сая хүүхэд гэмтээд иртэл маш их хүүхдүүд ирдэг юм байна. Үүнээс харвал, эцэг эх, асран хамгаалагчид анхаарлаа сааруулахгүй, хараа хяналтаа сайжруулаасай л гэж хүсэж байна" гэж байлаа.

Мөн иргэн Ц.Баатарван: Манай хүүхэд 12 настай. Скүүтэртэй гарцаар гарч байгаад машинд шүргүүлээд гэмтэл рүү яаралтай хүргэгдсэн. Одоо хөл нь гэмтчихсэн болохоор сувилагч руу орчихсон хөлөө боолгож байгаа. Хамгаалалтын өвдгөвчтэй тулдаа хөнгөн бэртэл авсан. Түүнээс биш хөлгүй болох ч эрсдэл үүслээ шүү дээ.

Яаралтай тусламжийн тасгийн эмч нарын хэлж буйгаар гэр бүлээрээ аялж зугаалах үедээ зам тээврийн осолд өртөх тохиолдол их гарч байгаа гэж байсан. Хамгийн сүүлийн жишээгээр нэг гэр бүлийн таван хүн авто ослоор хүнд гэмтэж, эмчлүүлж байгаа юм билээ.

Мөн манай дүүгийн бага хүүхэд саяхан могойд хатгуулаад биднийг сандаргасан. Азаар хоргүй могой байсан. Хүүхдийг өвс ихтэй газар руу бүү явуулаарай бас бага насны хүүхэд бол тэр тусмаа хараа хяналтгүй ийш, тийш нь явуулахад маш хэцүү болсон байна шүү дээ" гэлээ.

-Могойд хатгуулсан тохиолдолд СХД-ийн ГССҮТ-ийн салбар Түлэнхийн төвд хандана-

Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байгааг Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс мэдээлээд буй.  

Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс: Нийслэлд бамбай хоншоорт могой их орж ирж байгаа тул иргэд болгоомжтой байна уу. Уул хад, голын эрэг, байшин барилга, хүүхдийн тоглоомын талбайд их тааралдаж байна. ГССҮТ-д өдөрт 5-10 ийм төрлийг дуудлага ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Могой харсан болон хатгуулсан тохиолдолд Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарт холбогдохоос гадна Сүхбаатар дүүрэгт байрлах ГГСҮТ-ийн салбар Түлэнхийн төвд хандана уу.

Могойд хатгуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Ууланд алхах, зэрлэг өвс ихтэй газар явах, хад асганд авирахдаа урт түрийтэй гутал, өмд өмсөх, савхин бээлий өмсөх 
  • Могойтой таарвал дуу чимээ гаргаж, огцом хөдөлгөөн хийлгүй аажуухан холдох  
  • Хэрэв та могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай.

Бамбай хоншоорт могой нь:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button