Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл ₮9 саяap торгоно
Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг \ТАЦ\ Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж 2024 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоогоод байна.
Өөрөөр хэлбэл тухайн ТАЦ-аар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг И-Монголиа аппликейшнээр дамжуулж төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх ба тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх үүрэгтэй.
Мөн ebarimt аппликейшний хялбар цэсэд тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр цаашид төлбөр бэлнээр төлөхгүй, татварын буцаан олголтоос суутгуулах боломжтой.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Улс орны худалдаа, эдийн засаг, бүтээн байгуулалтад онц чухал үр нөлөөтэй Замын-Үүдээс ачаа тээврийг ачаалал үүсгэхгүйгээр, түргэн нэвтрүүлэх" чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу улсын хэмжээнд 8 дахь иж бүрэн цахим ТАЦ ашиглалтад орлоо.
Харин ТАЦ цахим болсноор тухайн тээврийн хэрэгслийн жин даацын мэдээлэл цахим системд бүртгэгдэж хүний оролцоо бүрэн халагдаж, жин даацын хяналтыг хүн гүйцэтгэхгүй, тээврийн хэрэгслийг саатуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрснөөс илүү ачаа тээвэрлэсэн бол Засгийн газрын 2023 оны 222-р тогтоолын дагуу илүү ачааны төлбөрийг тн\км-ээр тооцож авто замд үзүүлсэн шууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
Тухайлбал зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900 мянгаас 9.0 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна гэв.
М.АГАP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.