Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий эхний өдөр Б.Бат-Энэрэл мөнгө, Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ
Перу улсын нийслэл Лима хотод өчигдөр жүдогийн өсвөрийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 48 орны 403 жүдоч оролцож буй.
Манай улсаас Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг зорьсон юм.
Эхний өдөр хөвгүүдийн 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн, П.Алтанцоож, 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл, Б.Цолмон-Од, охидын 40 кг-ийн жинд Б.Эгшиглэн нар хүч сорив.
Тэднээс хөвгүүдийн 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл мөнгө, 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн хүрэл медаль хүртсэн байна.
Б.Бат-Энэрэл эхний даваанд хийлээд Мексикийн Жассем Эдвард Файер Солорсаног, дараагийн тойрогт ОХУ-ын Роман Кузнецовыг, хэсгийн аваргын төлөө АНУ-ын Хенри Парсаданианыг ялаад хагас шигшээд Францын Томас Сассиг илүүрхсэн юм.
Шигшээд Азербайжаны Нихад Мамишовт дийлдсэнээр мөнгөн медаль зүүлээ.
Б.Чинхүслэнгийн хувьд эхний тойрогт гоц мөргөөд Украины Ростислав Кострыкинийг ялсан ч хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Алексей Топтыгинд ялагджээ. Манай тамирчин дагах барилдаанд Францын Аксел Кюкийг хожоод хүрлийн төлөө Казахстаны Рассулхан Габитыг буулган авсан байна.
Шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.
- 50 кг: П.Алтанцоож, Б.Чинхүслэн
- 55 кг: Б.Цолмон-Од, Б.Бат-Энэрэл
- 60 кг: Ч.Бодирагчаа, Б.Төмөрбаатар
- 66 кг: Б.Тэмүүлэн
- 73 кг: Б.Шинэтулга
- -90 кг: У.Мөнгөн-Учрал
- +90 кг: Б.Тэмүүлэн
- 40 кг: Б.Эгшиглэн
- 48 кг: Б.Урангоо, Ж.Анударь
- 52 кг: Л.Булган, Б.Гүндэгмаа
- 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
- 63 кг: Х.Маралмаа
- -70 кг: А.Лхагважав
- +70 кг: Б.Тэргэлнаран
Мөн тэмцээний сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд холимог багийн төрөлд зургаан орны тамирчин хүч үзнэ. Тэдний нэг нь Монголын шигшээ баг байх юм.
Сонирхуулахад жүдогийн өсвөрийн ДАШТ-ийг 2009 онд анх зохион байгуулж эхэлсэн. Харин манай тамирчдаас 2013 онд хөвгүүдийн 50 кг-д А.Баяраа, 60 кг-д Ц.Цогтбаатар нар анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Үүнээс хойш 2015 онд хөвгүүдийн 50 кг-д Б.Нармандах хүрэл, охидын 40 кг-д О.Баасансүрэн мөнгө, 2017 онд Б.Нармандах хөвгүүдийн 60 кг-д хүрэл, 2022 онд охидын 48 кг-д М.Нандин-Эрдэнэ, +70 кг-д Б.Ням-Эрдэнэ нар хүрэл, өнгөрсөн жил Хорватын Загреб хотод болсон тэмцээнээс охидын 44 кг-д Ц.Отгонжаргал мөнгөн медаль хүртжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.