Хорионы гурван жил дуусаж, Ховд, Хөвсгөлөөс 1740 тарвага агнахыг зөвшөөрлөө
Тарвагыг ахуйн ба үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилээр хориглосон хугацаа 2024 онд дуусаж байгаатай холбогдуулан тарваганы нөөц, тахлын идэвхжил зэргийг харгалзан агнуурын нөөц бүхий аймгуудаас ахуйн зориулалтаар агнах боломжит тоо хэмжээний саналыг авч, дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан.
Тодруулбал уг тушаалаар Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнуулахаар шийдвэрлэсэн. Иймд тухайн жилд тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой юм.
Ингэхдээ тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнах бөгөөд тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.
Иймд эрхийн бичгээ авч агнасан иргэд түүхий мах, нойтон, халдваргүйжүүлээгүй арьсыг хот, суурин газарт оруулахгүй байж тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи тавих, нохойгоор бариулах зэргээр зориулалт бусаар агнахыг хориглоно.
Сануулахад, Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах, тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар тарвага агнахыг хориглосон юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.