Байр суурь: ИХТ ард түмний дуу хоолой байх ёстой

Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 11 бол сонгох эрхийн өдөр. Үүнтэй холбоотойгоор сонгогч иргэд орон нутгийн сонгуулийн талаар хэр зэрэг мэдлэгтэй байгаа, сонгогдогчийг ямар байгаасай хэмээн хүсэж байгаа талаарх байр суурийг хүргэж байна.
-Нэр дэвшиж буй хүмүүсийнхээ мөрийн хөтөлбөр, ажлын тайлантай танилцаж байж сонголтоо хийнэ-

Сүхбаатар аймгийн иргэн "Сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Гэсэн ч орон нутгийнхаа сонгуульд идэвхтэй оролцоно гэж бодож байна. Нутагтаа эргэж очоод нэр дэвшиж буй хүмүүсийнхээ мөрийн хөтөлбөр, ажлын тайлантай танилцаж байж сонголтоо хийнэ гэж бодож байна. Сонгууль шударга сайхан явагдаасай, яг ажлаа сайн хийнэ гэсэн сэтгэлтэй хүн л сонгогдоосой гэж хүсэх байна" хэмээв.
-Сонгинохайрхан дүүрэгт Засаг дарга ажиллаж л байна. Гэсэн ч ард иргэдтэйгээ ойр биш, ямар асуудал байгааг мэддэггүй-

Иргэн "Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Сонгууль болох гэж байгааг мэдэж буй. Тодорхой хэмжээний мэдээллийг ч мөн авсан. Мөрийн хөтөлбөртэй танилцаж байж сонголтоо хийдэг. Олон сонгуулийн үр дүнгээс харахад гоё, сайхан ажил мөрийн хөтөлбөртөө тусгачихдаг. Гэсэн ч түүнийгээ бүрэн дүүрэн биелүүлэх нь үгүй. Одоо Сонгинохайрхан дүүрэгт Засаг дарга ажиллаж л байна. Гэсэн ч ард иргэдтэйгээ ойр биш, ямар асуудал байгааг мэддэггүй. Тиймээс сонгогдъё гэж бодож байгаа бол ард иргэдтэйгээ илүү ойр, ээлтэй байгаасай гэж хүсэж байна. Ард иргэдийн амьдрал тааруухан байна. Миний хувьд тэтгэвэр авч байгаа ч давхар хөдөлмөр эрхлэхгүй бол амьдралд яагаад ч хүрэхгүйд хүрээд буй.
-Саяхан гадаадаас ирсэн тул орон нутгийн сонгуулийн талаарх мэдээлэлгүй байна-

Иргэн "Саяхан гадаадаас ирсэн тул орон нутгийн сонгуулийн талаарх мэдээлэл хомс байна. Гэхдээ сонгуульдаа идэвхтэй оролцоно. Сонголт бол бидний эрхээ эдэлж буй нэг хэлбэр шүү дээ. Биднийг төлөөлөх сонгогдогч олон нийттэйгээ харилцаа холбоотой, иргэдийнхээ дуу хоолой болж ажиллаасай гэж хүсэж байна" гэв.
-Одоо сонгогдох удирдлагууд маань нийгмийн эмзэг давхаргад тулж ажиллаасай-

Иргэн "Сонгуулийн талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Өмнө нь олон сонгуульд оролцож байсан л даа. Сонгохдоо ард түмний төлөө ажиллаж чадах эсэхийг нь харж байж сонголтоо хийдэг. Одоо сонгогдох удирдлагууд маань нийгмийн эмзэг давхаргад тулж ажиллаасай гэж хүсэж байна. Мөн өөрт буй эрх мэдлийн хүрээнд газар нутаг, уул уурхайгаа анхаарч ажиллаасай" хэмээв.
-Ард түмэнтэйгээ эргэх холбоотой, ард түмнийхээ төлөө л ажиллах ёстой гэж бодож, хүсэж байна-

Иргэн О.Болдбаатар "Би хөдөөний хүн. Орон нутгийн сонгууль болох гэж байгааг мэдэж буй. Миний хувьд нэлээд ач холбогдол өгч оролцдог. Биднийг төлөөлөн сонгогдсон тэр хүнийг ард түмэнтэйгээ эргэх холбоотой, ард түмнийхээ төлөө л ажиллах ёстой гэж бодож, хүсэж байна" гэв.
-Сонгуульд ач холбогдол өгдөггүй. Ажлаа сайн хийдэг хүмүүс л сонгогдох байх-

Дархан хотын иргэн "Би орон нутгийн сонгуулийн талаар ямар нэгэн мэдээлэлтэй болж амжаагүй байна. Сонгуульд ач холбогдол өгдөггүй. Ажлаа сайн хийдэг хүмүүс л сонгогдох байх, хэн нь хэн бэ гэдгийг бүгдээрээ харж байгаа шүү дээ. Манай аймгийн засаг даргын хувьд ажлаа сайн хийдэг, бүтээн байгуулалт хийж чадсан гэж хардаг. Тиймээс дахин сонгогдох байх гэсэн бодолтой байна" хэмээсэн юм.
-Бидний амьдрах орчин, цаашилбал бидний жинхэнэ дуу хоолой болох хүмүүс учраас УИХ-аас ч онцгой санагддаг-

Миний хувьд орон нутгийн сонгуульд алгасахгүй оролцохыг хичээдэг. Яагаад гэвэл бидний амьдрах орчин, цаашилбал бидний жинхэнэ дуу хоолой болох хүмүүс учраас УИХ-аас ч онцгой санагддаг. Тиймээс ач холбогдол өгч, идэвхтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна. Харин биднийг төлөөлөн сонгогдож байгаа тэр хүн бидний ахуйтай илүү ойр байж, тулгамдсан асуудлыг цааш уламжилж зөв шийдвэр гаргаасай хэмээн хүсдэг. Ингэснээрээ тэр хүн иргэдийн жинхэнэ төлөөлөл болж чадна шүү дээ" хэмээсэн юм.
-Иргэд сонгуулийн талаарх мэдээлэлгүй байна-



Иргэн Н "Би Баян-Өлгий аймгаас оюутан болж ирсэн. Сонгуулийн талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна. Одоогоор Баянгол дүүрэгт оршин сууж байна" хэмээв.
Иргэн Б "Би Сүхбаатар дүүргийн иргэн. Орон нутгийн сонгуулийн талаарх ямар нэгэн мэдээлэлгүй байна" гэв.
Иргэн "Надад сонгуулийн талаарх ямар ч мэдээлэл байхгүй байна. Тухайн үедээ л оролцох үгүйгээ шийднэ" хэмээсэн.
Иргэн "Орон нутгийн сонгуулийн талаарх мэдээлэл байхгүй байна. Миний хувьд Баянзүрх дүүргийнх. Олон ч сонгуулийн нүүрийг үзлээ. Биднийг төлөөлөх сонгогдогч ард түмнийхээ төлөө ажилладаг хүн байгаасай л гэж хүсэж байна" гэв.
Иргэн "Орон нутгийн сонгууль хэзээ болох, дүүрэгт ямар нэр дэвшигчид өрсөлдөж байгаа талаарх ямар нэгэн мэдээлэл надад одоогоор байхгүй байна. Гэхдээ сонгуулиа өгнө" хэмээв.
Иргэн Цог "Би Сүхбаатар дүүргийн иргэн. Удахгүй сонгууль болох гэж байгааг мэдэж буй. Гэсэн ч дүүрэгт ямар нэр дэвшигчид өрсөлдөж байгаа талаар мэдэхгүй байна.
ВИДЕО:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.