"Бүртгэхээс татгалзсан нэр дэвшигчид зөрчлөө арилгуулан энэ сарын 16 хүртэл СЕХ-д хандах боломжтой"
Сар хүрэхгүй хугацааны дараа Орон нутгийн сонгууль болох гэж буй. Бид төв талбайд зохион байгуулагдаж буй номын баярт сонгогчдод мэдээлэл хүргэж буй СЕХ-ны асрыг зорин тус газрын хуулийн газрын дарга Т.Наранбаттай ярилцсан юм.
-Сайн байна уу. Орон нутгийн сонгуулийн талаарх мэдээллийг өгөөч?
-Энэ удаагийн орон нутгийн сонгууль 10 дугаар сарын 11-ний өдөр болно. Баасан гарагийн 07.00-20.00 хооронд санал хураалт болно гэсэн үг. Одоогоор сонгуулийн ажиллагаа хуваарьт заасны дагуу явагдаж байна. Тухайлбал хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 12-ны өдөр хүлээж авсан баримт бичгээ шалгаад тухайн шатны сонгуулийн хороод маань бүртгэх эсэх шийдвэрийг гаргаад явж байна.
-Бүртгэхээс татгалзсан нэр дэвшигчид хэрхэх вэ?
-Бүртгэхээс татгалзсан болон нөхөн нэр дэвших хүмүүс материалаа бүрдүүлэн, зөрчлөө арилгуулах хүсэлт гаргах, цаашилбал нам эвсэл, нэр дэвшигчид хуульд заасан гурван үндэслэлийн дагуу нөхөн нэр дэвшүүлэх энэ харилцаа есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл явагдана.
Тодруулбал, нөхөн нэр дэвшүүлэх үндэслэл нь тухайн нам эвслээс нэр дэвшүүлэхээр татгалзсан хүний оронд өөр хүнийг нэр дэвшүүлэх, эсвэл тухайн нэр дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгүүлсэн бол тухайн нам эвсэл, тус мандат дээр нөхөн нэр дэвшүүлж болно.
Нэр дэвшүүлэхээс татгалзсан хүний хувьд зөрчлөө арилгуулан есдүгээр сарын 16-ны хооронд холбогдох баримт бичгийн хамт сонгуулийн ерөнхий хороонд хандах юм. Үүний дараагаар есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл тухайн шатны сонгуулийн хороод бүртгэх эсэх шийдвэрийг гаргаж, бүртгэгдсэн тохиолдолд нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.
-Сурталчилгаа эхлэх хуваарьт өдөр хэзээ эхэлж, хэдний өдөр дуусгавар болохоор байна?
-Есдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх хууль зүйн зохицуулалттай. Тухайн сурталчилгаа ийн үргэлжилж 10 дугаар сарын 09-ний өдрийн 00.00 цагт дуусгавар болно. Ингээд санал хураалтын ажиллагаа 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах товтой.
-Сонгуулийн ерөнхий хорооноос энэ номын баярын үйл ажиллагаанд асар татан оролцож байгаа шалтгаан?
-Бид номын баярын өдрүүд буюу есдүгээр сарын 13-15-ны өдрийг дуустал сонгогчдын боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Ингэхдээ орон нутгийн сонгуулийн талаарх ерөнхий мэдээлэл, ном товхимол зэргийг өгч ажиллаж байна. Мөн саналын хуудсыг хэрхэн бөглөх, санал тоолох төхөөрөмжийн талаар, хэрэв сонирхож байвал сургалтын саналын хуудсыг бөглүүлж санал тоолох төхөөрөмжид уншуулах зэрэг мэдээ мэдээллийг өгч ажиллаж буй.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.