"Алт, зэсийн үнэ хадгалагдаж нүүрсний үнэ буурах хандлагатай"
Монголбанкны Мөнгөний бодлого ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдааны шийдвэрийн тэмдэглэлд: Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний хагаст 5.6 хувьтай гарсан. Уул уурхай, тээврийн салбарын өсөлт өндөр, өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ эрчимжиж, хөдөө аж ахуйгаас бусад салбарын өсөлт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэлээ гэж дурджээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх төсөөллөөс нэмэгдэж, төсвийн зардал тэлсэн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдахаар байна.
Геополитикийн нөхцөл байдалтай холбоотой суурь эрсдэлүүд хэвээр байна.
Геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал, ногоон шилжилттэй холбоотойгоор алт, зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдах бол нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байна.
Инфляц зорилтот интервалд тогтворжихоор байгаа тул санхүүгийн нөхцөлийг сулруулж, дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.