"Дандаа бороо ордог. Гэсэн ч халуун дотно уур амьсгалтай номын баяр"
Үндэсний 36 дахь "Номын баяр" төв талбайд өчигдөр буюу энэ оны есдүгээр сарын 13-ны өдөр эхэлсэн билээ. Уламжлал болсон энэхүү баяраар уран бүтээлч, зохиолчид өөрийн номоо өмнөө дэлгэн тавьж уншигчидтайгаа нүүр хагаран уулздаг.
Тус баярт оролцож буй Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагчийн гэргий С.Баасан, "Хол биш" номын зохиолч Ч.Ганжавхлан, зохиолч Б.Шүүдэрцэцэг, сэтгүүлч Б.Энхцэцэг, Япон цэцэрлэгийн нууцууд" номоо саяхан уншигчдын алган дээр тавиад буй сэтгүүлч Б.Гэрэлмаа болон уншигчидтай уулзуулах гэж байна.
-Бүгд тодорхой хэмжээний жүжигт дүр гаргаж тоглодог, түүнээсээ залхасан, чин сэтгэлээсээ хүнтэй яриад эмороод явах хэрэгцээ хүмүүст үүсчхэж-
Чанга хөгжмийн чимээнд хөлөө хөнгөн хөдөлгөн, хажууд байрлах хайрцгаас нэлээд хэдэн ном гарган өмнөө дэлгэж тавьж, номыг нь худалдан авах хүнд гарын үсгээ зуран зогсох энэ хүн бол "Хол биш" номын зохиолч Ч.Ганжавхлан.
"Номын баяр ер нь гоё болдог. Зөвхөн ном худалдах, авах биш олон хүмүүс хоорондоо уулзаад мэнд мэддэг. Нэг номын баяраас нөгөөд хүртэл олон юм болно шүү дээ. Миний 28 дахь номын баяр, харин "Хол биш" номын тухайд хоёр дахь нь. Энэ жилийн тухайд их "эмо" баяр тохиож байна. Бороо шивэрч байна" гэж хэлээд /Бороонд норсон сэтгэл минь, Бодолд дарагдсан итгэл минь ..../ хэмээн дуулна.
-Хол биш ном яагаад хүмүүст таалагдсан гэж бодож байна. Юуг шигтгэн бичив?
-Хүмүүс ярих хүнгүй болчихсон юм болов уу гэж харсан. Энэ номыг унших үед "хажууд нь нэг хүн гурван цаг яриад байгаа юм шиг санагдаж байна" гэж олон хүмүүс надад хэлсэн. Бичлэгийн хэлбэрийн хувьд ч гэсэн өөдөөс нь хүн харж суугаад юм яриад байгаа юм шиг мэдрэмж төрж байгааг мөн хэлж байсан. Үүнээс харахад хүмүүс чин сэтгэлээсээ хэн нэгэнтэй юм ярих хэрэгцээ өндөр байгаа юм байна. Энэ ном өөртэй нь яриад байгаа юм байна гэх бодол төрж эхэлсэн.
Нийгэмд бид хэдийгээр олуулаа амьдарч байгаа ч тэр дунд ганцаардмал хүмүүс ихэссэн байна. Бүгд тодорхой хэмжээний жүжигт дүр гаргаж тоглодог, түүнээсээ залхсан, чин сэтгэлээсээ хүнтэй яриад "эмороод" явах хэрэгцээ хүмүүст үүсчхэж. Тийм болохоор л олон хүмүүс энэ номоор хань татаж уншаад байгаа хэрэг. Онгоцонд зорчиж байхдаа сувилалд хэвтэхдээ, хөдөө явахдаа уншсан тухайгаа хүмүүс хэлж байсан.
Доторх үйл явдал бол тусдаа ойлголт. Нэг номын баяраас нөгөөх хүртэл 18 долоо хоногийн туршид "Best saller" байлаа. Энэ ном сүрхий уран зохиол биш, тодорхой өгүүлэмж бол байгаа л даа. Гэхдээ Эверест дээр бичсэн хэсэг нь хүмүүст илүүтэйгээр таалагдсан байж магадгүй. Давхар аялж буй мэдрэмж авч болно шүү дээ.
-Үлдсэн хоёр хоногт таны номыг авахаар зорин ирэх хүмүүст хандаж?
-Ном ер нь дуусаж байна даа. Одоо үргэлжлэх хоёр хоногт байх эсэхийг мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Хөгшнийхөө гурван ботийг, мөн "Морин зэрэглээ", "Зовсон сүү" номыг, бас хүүгийнхээ номыг урдаа тавин сууж байна-
Сүүлийн хэдэн жилийн номын баярт хань болон хүүгийнхээ номыг өмнөө тавин суух энэ хүн бол Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагчийн гэргий С.Баасан. Энэ удаагийн номын баярын баруун жигүүрт сууж байхтай нь бид таарсан юм. Шуудхан гүйж очоод номын баярын мэнд хүргэж гар сунгахад, миний гарын даарсныг гайхан, дулаан хувцаслахыг захиснаар бидний яриа эхэлсэн билээ.
"Миний хувьд гурав дахь удаагаа номын баярын асарт сууж оролцож байна. Энэ жил олон ном авчирсан. Хөгшнийхөө гурван ботийг, мөн "Морин зэрэглээ", "Зовсон сүү" номыг, бас хүүгийнхээ номыг урдаа тавин сууж байна.
Энэ удаагийн онцлог гэвэл асар олон байгаагаас гадна хүн олонтой баяр болж байна. Өнөөдөр бороотой, жихүүн өдөр атал хүн олон байгаа нь сонин. Хэрэв маргаашаас тэнгэр цэлмэчихвэл хөл тавих зайгүй ч болж мэднэ. Миний дэлгээстэй номоос "Морин зэрэглээ", "Зовсон сүү" хоёрыг хүн болгон шахуу л авч байна. Үнийн хувьд 30 мянган төгрөг. Хямдхан байгаа биз.
Өнөөдөр танай асраар хэчнээн хүн ирэв хэмээн асуухад "мэдэхгүй, учиргүй л олон хүн ирлээ" гэж хариулав. Биднийг цөөн хором ярилцах тэрхэн зуур гурван ч хүн номын худалдаа хийж харагдав.
-Япон цэцэрлэг хүүхдийг хүмүүжүүлэхээс гадна эцэг эхийг нь хамтад нь хүмүүжүүлж өгдгөөрөө онцлог санагдсан-
Бас нэгэн онцлох дүр бол "Япон цэцэрлэгийн нууцууд" номоо саяхан уншигчдын алган дээр тавиад буй сэтгүүлч Б.Гэрэлмаа. Түүнтэй номын баярын үеэр уулзаж цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд анхны номоо өлгийдөн аваад удаагүй байгаа. Номын баярт анх удаагаа зохиогчийн үүднээс оролцох ямар санагдаж байна?
-Үнэхээр сонирхолтой байна. Яагаад гэвэл ном дэлгэсэн асрын гадна зогсож байсан бол одоо дотор нь байх мэдрэмж тэс өөр санагдлаа. Уншигчид өмнөхөө бодвол илүү мэдлэгтэй болсон мэдрэгдэж байна. Хүмүүстэй илүү сайн харилцаатай, номын талаар нээлттэйгээр асууж чаддаг болсон нь сайшаалттай. Номын баяраар зочилж буй хүмүүсийн тоо мөн олширсон харагдаж байна. Өнөөдөр л гэхэд ажлын өдөр шүү дээ. Тэгэхэд л хүний хөл тасрахгүй байгааг харахад гоё санагдлаа.
-Япон цэцэрлэгийн нууцууд номынхоо онцлогийг дурдвал?
-Энэ ном цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдэд зориулагдаж бичсэнээрээ онцлогтой. Яагаад гэвэл би хувьдаа Монгол цэцэрлэгээр хүмүүжсэн. Харин миний хүү Япон цэцэрлэгээр суралцлаа.
Япон цэцэрлэг хүүхдийг хүмүүжүүлэхээс гадна эцэг эхийг нь хамтад нь хүмүүжүүлж өгдгөөрөө онцлог санагдсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би маш их зүйлийг мэдэж авсан. Тухайлбал, хүүхэдтэйгээ яаж харилцах, хэрхэн ном уншиж өгөх гэх мэт тоолж баршгүй олныг сурсан. Ингээд бид хоёрт тохиолдсон адал явдлуудыг Япон багш нарын сургах арга барилуудтай сүлж бичсэнээрээ миний ном онцлогтой.
-Таны номын эхний 20-оод хуудсыг уншсан. Ингэхэд унших хурдад саадгүйгээр энгийн бичигдсэн санагдсан?
-Миний хувьд Монгол амьдарч байхдаа сэтгүүлч хийдэг байсан. Хэд гурван нийтлэл бичихдээ бага зэргийн уянгын хэв маягтай бичдэг байсан бол энэ номыг бол эцэг эхчүүдэд зориулан өөрийн мэдэж авсан, хэрэгтэй гэж үзсэн тэр бүгдийг шууд өгүүлэн хүргэснээрээ онцлогтой болов уу гэж бодож байна.
-Цаашид таны номыг худалдан авахаар ирэх хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Номын баярын гурван өдрийн хугацаанд Альфа номын асар дээр өглөөнөөс орой хүртэл зогсож байх учраас уншигчид минь хүрээд ирээрэй. Хүсэх юм бол надтай уулзаад Япон цэцэрлэгийн талаарх асуумаар байгаа зүйлсээ чөлөөтэй асуух боломжтой. Мөн тухайн орныг суралцахаар зорьж буй залуус надтай ярилцахад нээлттэй шүү.
-Ярилцсанд баярлалаа.
-Түрүү жилийн номын баяраар толгой өндийж, хүнийхээ царайг харах завдалгүй номоо худалдаалж байсан бол энэ удаад завтай, тайван байна-
Бид цааш өнгөрсөн жил гарсан даруйдаа "Best saller" болсон "Хөрөг" номын зохиолч Хөрөг нийтлэлийн хатан хэмээн нэрлэж болох сэтгүүлч Б.Энхцэцэгтэй ярилцсан юм.
-Номын баяр таны хувьд?
-Яагаад ч юм дандаа бороо ордог. Гэсэн ч цаг агаарыг үл анзааран халуун дотно уур амьсгалтай байдаг газар бол номын баяр.
Оюуны бүтээл дэлгээд тавьсан хүмүүс чинь түүнийгээ хүнтэй л хуваалцахыг хүснэ биз дээ. Энд тэндхийн лангуун дээр номоо байршуулах, цаашилбал хүмүүсийн гарт очно гэдэг бол гоё эргэлт. Тийм учраас энд амьд харилцаа үүсгээд зогсож байх нь надад сайхан санагддаг. "Ганц дээлтэй хүн наадам болгонд очиж барилддаг юм гэнэ лээ" гэдэг шиг л ганц номоо барин хоёр дахь жилдээ номын баярт оролцож байна.
-Өмнөх жил танай асарт ирэхэд хөл хөдөлгөөн ихтэй байсан санагдаж байна. Энэ жил ямар онцлогтой байна вэ?
-Түрүү жилийн номын баяраар толгой өндийж, хүнийхээ царайг харах завдалгүй номоо худалдаалж байсан бол энэ удаад завтай, тайван байна. Ингэснээрээ хүмүүстэй илүү удаан ярилцаж, тэдэнтэй танилцаж байгаа нь олзуурхууштай. Худалдаж авахаас гадна уншаад ямар сэтгэгдэл төрсөн тухайгаа хэлэх гэж, ярилцах гэж ирж буй хүмүүс надад онцгой сэтгэгдэл төрүүлж чадлаа.
Бямба, ням гарагуудад манай асраар ирэхээр зорьж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд "Би завтай байгаа. Хүүхдүүдтэйгээ, номын найзуудтайгаа, хамт худалдан авалт хийх дуртай найзуудтайгаа хүрээд ирээрэй. Би ярилцахад бэлэн, мөн дуртай байх болно гэдгээ хэлье. Ер нь номын баярын дундуур явах уур амьсгал нь өөрөө сайхан шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Төрийн байгууллагынхан нөлөөлөхөө боливол номын баяр илүү сайхан болох байх-
36 номын баярт оролцохгүй алгасаж үзээгүй хэмээн ярих энэ бүсгүй Б.Шүүдэрцэцэг нэрээрээ уншигч олондоо танигдсан. Монголын хатдын түүхийг үсгээр урладаг түүнтэй ярилцах завшаан энэ номын баяраар тохиов. Түүний асрын хойморт Монголын сүүлчийн хатан Дондогдуламын хөрөг өлгөөтэй байгаа нь харагдав.
-Номын баярын мэнд дэвшүүлье. Таны хувьд номын баярт хэрхэн бэлддэг вэ?
-Eguur.mn мэдээллийн агентлагийн уншигчдад 36 дахь удаагийн номын баярын мэнд дэвшүүлье. Миний хувьд 36 номын баярын 36-д нь оролцсон. Анх Өргөө кино театрын нэг давхарт л зохион байгуулагдаж 40-өөд хүн номоо дэлгэн тавидаг байсан энэ баяр төв талбайд том цар хүрээтэй болж байгаад баяртай байдаг. Энэ удаагийн номын баярын онцлог гэвэл бороотой л байна. /инээв/
Миний хувьд жил бүрийн номын баярт өөрийн гэсэн асартайгаар, үүнийгээ чимэглэн ач холбогдол өгч оролцоод удаж буй. Энэ удаад л гэхэд Монгол төрийн сүүлчийн хатан Дондогдулам хатны 150 насны ой тохиож байгаатай холбогдуулан асраа чимэглэсэн байна. Энд харагдаж байгаачлан түүний хөрөг зурагтай номыг бичих гэж долоон жилийн туршид судалгаа хийсэн. Улмаар "Хүйлэн огторгуйн заадас" гэх түүхэн намтар романыг уншигч олондоо хүргэж чадлаа.
Хаврын номын баяраар "Хотол цагаан гүнж"-ийн хоёрдугаар боть, Уулсын домог Хотулун" гэх хоёр ном зарагдан дууссан. Тухайн баярын сүүлийн өдрүүдэд хүмүүс ихээр сураглаж байсан тул энэ хоёр номоо ахин хэвлүүлэн авчраад байгаа нь энэ юм.
-Хүүхдэд зориулан номоо хэвлэсэн байсан?
-Намайг номын дэлгүүрүүдээр яваад харах үед хүүхдийн номын тасаг номоор дүүрэн хэдий ч Монгол агуулга цөөхөн байгаа санагдсан. Голчлон гадаадын зохиолоор дүүрэн байсан нь хүүхдийн зохиол бичиж үзээгүй намайг "Хотол цагаан гүнж" романаа хүүхдэд зориулсан хувилбараар бичихэд хүргэсэн. Ингэхдээ хүүхдэд зориулсан гэсэн үндсэн дээр өнгөт гар зургийг багтаан хоёр жилийн өмнө хэвлүүлж байсан бол энэ удаад дахин хэвлүүлж номын баяртаа оролцож байна.
-Энэ номын баяраар уншигчиддаа ямар бэлэгтэй ирэв?
-Номын баяр бүрээр л уншигчид шинэ ном сураглан ирдэг. Тиймээс энэ удаад "Улаан даашинз" гэх бэсрэгхэн боловч яг өнөөгийн бидний амьдарч буй цаг үеийг бичсэн жижиг номтойгоор оролцож байна.
Нийт зохиолчдыг харж байхад номын баярыг угтан шинэ ном хэвлүүлэх эсвэл нөөцгүй болсон номоо дахин хэвлүүлэх гээд дор бүрнээ бэлтгэж оролцдог. Манай Шүүдэр продакшныг энэ удаад үндэсний үйлдвэр "Жүр үр" ивээн тэтгэн оролцож байгаагаараа онцлог байна.
-Номын баяр бол уншигч, зохиогч хоёрын уулзах талбар байдаг. Уншигчидтайгаа нүүр тулан уулзах мэдрэмжээ хуваалцвал, номын талаар тэд юу ярьж, цаашид юу уншихыг хүсэж байна?
-Дан ганц Нийслэлд бус орон нутгуудаар номын баяр хийж явдаг. Ингэхэд янз бүрийн санал, сэтгэгдэл сонсдог доо. Онцолбол, өсвөр насныхан ирээд аймшгийн зохиол асуудаг. Үүнээс гадна сонсдог хувилбараар миний номууд байршсан газраас аймшгийн номын захиалга их ирж байна. Тэгэхээр хүүхэд, залуусын сонсож үзэж байгаа зүйлсийн 70-80 хувь нь аймшгийнх байдаг нь бараг үнэн юм шиг.
Би уг нь зах зээлийн эрэлт, хүслээр бус өөрийнхөө мэдрэмжээр зохиолуудаа бичдэг. Гэтэл бичихгүй гэхийн аргагүй байнга аймшгийн зохиол нэхээд байгаа тул бичих л байхдаа. Болохгүй юм юу байх вэ дээ. Тэр нууцлаг далд ертөнцийг бүгд сонирхоод байна шүү дээ. Тэгж бодохоор уншигчидтайгаа уулзсан сэтгэгдэл яах аргагүй хүчтэй нөлөө үзүүлдэг. Үүнээс гадна үнэнч уншигчид минь бэлэг авч ирэн асрыг минь дүүргэчихдэг. Надад номын баярын хамгийн сайхан нь уншигчидтайгаа уулзах нь.
-Эцэст нь?
-Бас нэг хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ номын баярын тайзыг төрийнхөн ашиглаж буй байдал. Энэ тайзан дээр ямар олон гишүүд ирж үг хэлсэн бэ, намайг тийш нээлтэд оролцооч гэхэд амждаггүй. Яагаад гэвэл энд уншигчид байхад би жүжигчин биш дээ тайзан дээр байгаад яах вэ дээ. Номын баярын өмнөхөн энэ тайзны хөтлөгчийн 10 сая төгрөг олдохгүйд хүрээд л явж байсан. Номын баяр гэсэн төсөв байхад л тэр хөтлөгчид өгчихдөггүй байж тайзан дээр гарах "өвчтэй" гэмээр төрийнхнийг хараад би эмгэнэсэн.
Цагаа тулбал тэд нарт номын баяр ямар ч хамаагүй. Үндэсний номын баяр гэсэн төсвөө ядаж тайзны өртөгт шингээх хэрэгтэй шүү дээ. Миний мэдэж байгаагаар "Нийслэлийн соёл урлагийн газар"-ынхан номын баярын төсвийг авдаг шүү дээ, ичмээр юм. Талбайгаа ашиглуулсан гээд л авдаг гэсэн. Бид асраа хувийн байгууллагаас л түрээсэлж, чин зүрхнээсээ оролцдог шүү. Төрийн байгууллагынхан нөлөөлөхөө боливол номын баяр илүү сайхан болох байх.
Номын баярын өдрүүдэд тэнгэр хангай ямар байх вэ гэдэг бол ном бүтээгчдэд тааварлашгүй зүйл байдаг. Оргил үе буюу бямба ням гарагуудад тэнгэр онгойх учир баяртай байна. Энэ өдрүүдэд төв талбайд зочлоорой хэмээн урьж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Номын баярын гол гишүүд бол яах аргагүй уншигчид. Олны дундуур зүсэн орвол зузаан хавтастай номоо цээжиндээ тэвэрч зогсох охинтой таарсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Оройтож ирсэн тул номнууд шилэгдэж хайсан ном минь дууссан байсан нь гунигтай-
"Гурав дахь жилдээ номын баярт оролцож байна. Өмнөх жилүүдийг бодвол илүү гоё болж байгаа юм шиг санагдаж байна. Цаг агаарын хувьд ч тэр.
Миний хувьд уран зохиолын ном, мөн хуучин номоос нэг ном авахаар төлөвлөж гарч ирсэн. Уран зохиолын номоо авч чадсан хэдий ч оройтож ирсэн тул номууд шилэгдэж хайсан ном минь дууссан байсан нь гунигтай" хэмээсэн юм.
Цааш явж гарах хэсэгт ирвэл хоёр уут ном барин инээмсэглэн алхаж буй сурагч хүүтэй таарсан юм. Түүнтэй ийн ярив.
-Шинэ номын эхний хуудсыг нээх мэдрэмж хамгийн гайхалтай санагддаг-
"Дөрөвдөх удаагаа номын баярт оролцож байна. Номын баяр үргэлж болдог шигээ л гоё болж байна. Харин 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн мөн болж байгаа нь онцлог санагдаж байна.
Номын баярыг ёстой л хуруу даран хүлээсэн. Яагаад гэвэл шинэ номын эхний хуудсыг нээх мэдрэмж хамгийн гайхалтай санагддаг. Энэ удаад авна гэж бодож байсан номоо авч чадсан, гол зорилгоо биелүүлчихсэн юм чинь одоо харина даа" гэв.
-Анх удаагаа ирж үзлээ. Гоё л юм байна-
"Номын баярт анх удаагаа ирж үзлээ. Гоё л юм байна. Олон мэдэхгүй номоо харлаа, хүмүүс их ирдэг нь ч бас таалагдлаа. Хамгийн гоё нь авахыг хүссэн номоо олж авсанд байгаа юм" гэв.
-Хүүхдүүддээ ном цуглуулж байгаа нь сайхан санагдаж байна-
"Жил болгон зохион байгуулагддаг номын баярт оролцдог. Өмнөх баяруудад өөртөө ном хайдаг байсан бол энэ удаа хүүхдүүддээ ном цуглуулж байгаа нь сайхан санагдаж байна. Сая л гэхэд охин, хүү хоёрт тусад нь ном авав. Одоо тийш явж нэгдүгээр ангийн хүүхдэдээ Монгол зохиолчдын номоос худалдан авах төлөвлөгөөтэй алхаж явна.
Мэдрэмжийн хувьд гэвэл өмнө жилүүдэд гоё ном олоод харчих юм бол авна даа гэсэн догдлол дүүрэн ирдэг байсан бол энэ удаад хүлээлт, догдлол багассан санагдаж байгаа. Баяр бүрд ирсэн болохоор тэр байх" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Миний сүүлд уншсан номноос хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ном бол Цагаан бороо. Супер санагдсан. Номинчимэд зохиолчийн гайхамшигт бүтээл.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай Ном бол хэзээ ч надад уйлчлэхэд бэлэн миний цорын ганц унэнч зарц минь билээ