Top StoriesНийгэм ярилцлагаЭРҮҮЛ МЭНД

“Долоон одой” эмнэлгийн эмч Д.Цолмон: Хатги, буглаад шинжилгээ л өгөхгүй бол ямар ч антибиотек хэрэглээд нэмэргүй

Арьсны идээт үрэвсэл, хатги, буглаа өвчин ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд маш элбэг тохиолдож, өдөрт хүүхдийн эмнэлгүүдэд буглааг нээж цэвэрлэх олон хагалгаа хийгдэж байна.

Арьсны идээт үрэвсэл 6-9 дүгээр сард хамгийн түгээмэл байдаг. Хичээл, цэцэрлэг эхэлснээс хойш тохиолдол улам ч нэмэгдэх болжээ. Тиймээс бид энэ сэдвээр хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, “Долоон одой” эмнэлгийн ерөнхий эмч Д.Цолмонтой тайлбарлуулж ярилцлаа.

-Сүүлийн үед идээт үрэвсэл, хатиг, буглаа маш элбэг тохиолдож хүүхдийн эмнэлгүүдэд хүндэрсэн хэлбэрийг нээх хагалгаа олноор хийгдэж байна. Энэ өвчлөлийн талаар бид хамгийн эхэнд ямар мэдлэг, мэдээлэлтэй байвал зохистой вэ?

 -Хүүхдийн арьсны идээт үрэвсэл элбэгээр тохиолдож олноороо хагалгаанд орж байна, антибиотекийн хэрэглээ их байна гэж байна. Энэ бол ганцхан монгол улсад биш ер нь арьсны идээт үрэвсэл дэлхий даяар элбэг болчихсон.

Хүмүүст тэр тусмаа ээж, аавуудад хамгийн энгийнээр тайлбарлахад идээт үрэвсэл алтлаг стафилакокк /staphylococcus aureus/ гэдэг бактериас үүсдэг. Энэ нь дэлхийн хүн амын 40-50 хувьд нь хамар, залгиур болон бүх биеийн арьсан дээр хэвийн нөхцөлд оршоод байж байдаг үүсгэгч юм. Алтлаг стафилакокк нь энгийн үедээ антибиотект мэдрэг, тэр болгон өвчин үүсгээд байдаггүй. Хамар, залгиур, эхийн сүү, хүүхдийн бааснаас бактерлогийн буюу үүсгэгч үзэх шинжилгээ өгөхөд стафилакокк илрээд тэгсэн хэрнээ ямар нэгэн өвчний шинж тэмдэггүй бол айх хэрэггүй. Дэлхий дээр хоёр хүний нэгэнд нь байдгаараа л оршиж байна, тэрийг оролдох хэрэггүй.  

Харин өвчин үүсгээд чих, хамар, хоолой, залгиур болон арьсан дээр өнгөц идээт үрэвсэл, хатги цаашлаад буглаа болоод ирвэл аюултай. Өөрөөр хэлбэл арьс руу эхлээд нэвтрээд орохоороо өнгөц хэсгийн идээт үрэвсэл, жаахан цаашлаад ирэхээрээ хатги, энэ нь хүндрээд ирэхээрээ буглаа болчихдог.

-Энгийн л оршиж байдаг гэх стафилакокк хэзээ, яагаад ийм аюултай болчихдог вэ?

-Эмч нь яг тайлбарлаад явж байна. Ер нь хаана идээт үрэвсэл үүсч байна тэнд энэ стафилакокк заавал байна. Одоо тэгэнгүүт MRSA буюу метицлинд тэсвэрлэг алтлаг стафилакоккийн тухай яригдана. Энэ юу вэ гэхээр тайван байж байдаг стафилакокк маань эмнэлгийн орчин, эм тариа их хэрэглэдэг орчинд антибиотект тэсвэрлэг болчихдог. Хоёр дахь зам нь ахуйн орчинд бас байж болдог. Бид нарын харанга дэлдэх зүйл нь ерөөсөө эхний буюу эмнэлгийн гаралтай эмнэлэгт антибиотект мэдрэг болчихсон MRSA-гаар хүүхэд өвдөх асуудал юм.  Энэ чинь өөрөө орчин тойрондоо бүгдэд нь халдварлах боломжтой болно. Аюул нь гэхээр антибиотект тэсвэрлэг. Яагаад MRSA гэж нэрлэдэг вэ гэхээр энгийнээр тайлбал метицлинд тэсвэртэй стафилакокк гэж байгаа юм.  Метицлин нь пеницлиний группын антибиотек. Гэхдээ зөвхөн пеницлин, ампициллин мэдрэг биш нийтлэгээр нь ингэж нэрлэдэг. Стафилакокк нь антибиотекийг эсэргүүцэх бодисыг өөртөө бий болгодог онцлогтой учраас тэсвэрлэг гэж нэрлэж байгаа. Дээрээс нь үүнтэй төстэй антибиотекууд ампициллин, амокцилинклаб гээд бүгдэд тэсвэрлэг болчихсон.

Үүнийг яагаад яриад байна гэхээр идээт үрэвсэл хэн нэгэнд чинь гарлаа гэхэд хамгийн чухал зүйл нь үүсгэгчийг заавал үзүүлэх ёстой. Идээ байгаа л бол 100 хувь стафилакокк гарна. Цаашлаад MRSA гарна. Бид өнөөдөр түгээмэл MRSA гэж яриад байгаа боловч сүүлийн үед VRSA буюу ванкомицинд тэсвэрлэг стафилакокк гараад ирчихлээ. Энэ үүсгэгч чинь антибиотекийн мэдрэг чанарыг өгөхөөр тоотой хэдхэн антибиотект энэ мэдрэг. Манайхан үүнийг нь мэдэхгүй ямар ч хэрэгцээгүй антибиотек уугаад л байна, нөгөө MRSA нь тэнд “инээгээд” сууж байгаа. Аюул нь ерөөсөө энэ. Хамгийн мэдрэг байсандаа тэсвэрлэг болоод эхэлчхээр цаашдаа ингээд тэсвэрлэг чанар нь нэмэгдээд явахыг үгүйсгэхгүй. Үүгээрээ л энэ стафилакокк гэдэг үүсгэгч аюултай юм.

Хүүхэд өвдөөд хоолойн арчдас, өтгөнд үүсгэгч үзэхэд тэндээс энгийн стафилакокк гараад ирвэл тэрийг эмчлэх гэж битгий дайраарай. Өвчин л үүсгээгүй бол орхичих. Харин хатги гараад буглаа болоод ирвэл шууд үүсгэгчээ мөн антибиотек мэдрэг чанараа үзүүлж байж эмчилгээ хийнэ шүү. Энэ бол маш төвөгтэй халдварлах чадвар өндөртэй, санаа зовох ёстой халдвар. Буглаа хүүхдийн практикт хамгийн аюултай нь нээж мэс ажилбар хийдэг, ингэхдээ заавал унтуулгатай орно. Дээрээс нь хүүхдэд олон дахидаг хүндрэлтэй. Тиймээс энэ халдварын онцлогийг сайтар мэддэг байх хэрэгтэй болж байна.

-Манайхан хатги нэг гарвал долоо гарч байж зүгээр болдог гэж ярьдаг. Үүний учир нь юу юм бол?  

-Стафилакокк агаар дуслын замаар халддаг. Багахан хувь нь контакт буюу харьцах замаар халдварлана. Өвчин үүсгээгүй бол эмчлэх гэж дайрахгүй. Харин өвчин үүсгэсэн бол эмчлэх гээд дайрна. Тэгэхдээ заавал үүсгэгчийг болон антибиотек мэдрэг чанараа үзүүлж байж эмчилнэ. Ялгаа нь ийм. Дахин, дахин гараад байгаа чинь халдвар нь яваад байна, гэхдээ тэсвэрлэг эмнэлгийн гаралтай халдвар байна гэсэн үг.  MRSA буюу эмнэлгийн гаралтай эмэнд тэсвэрлэг болчихсон үүсгэгчээр арьс халдварлаж, бүрэн бүтэн байдал нь алдагдана. Экзем, хуурайшдаг арьс мөн суга, цавь, анус, хүзүү гээд нимгэн арьстаа газраар их гарна. Яагаад гэхээр эдгээр орчмоор арьсны бүрэн бүтэн байдал хамгийн их алдагддаг. Хүүхдийн арьсны бүтэцтэй холбоотой буглаа болоод байдаг. Насанд хүрэгчдэд бол махлаг хүмүүст их тохиолддог. MRSA хүний өөхлөг эд рүү орохоор заавал буглаа болдог. Ерөөсөө шинжилгээ хийлгэх нь маш чухал.

-Шинжилгээ өгөхгүйгээр мянган удаа ампицилин ууж, цепатаксим тарьж, цепазолин хийгээд нэмэргүй-

-Манайхан чинь идээтэй зүйл гарвал үрэвсэл байна антибиотек уу л гэдэг?

-Хамгийн буруу гаргалгаа нь наадах чинь. Үүнийг л болиулах гээд  тайлбарлаад байгаа юм. Хэрвээ таны хүүхдэд MRSA гарах юмбол мянган удаа ампицлин ууж, цепатаксим тарьж, цепазолин хийгээд нэмэргүй. Яагаад гэхээр наадуулыг чинь MRSA зүгээр л хажуугаараа өнгөрөөдөг болчихсон. Тэгэхээр бид шинжилгээ өгөөд “айдаг” антибиотекийг нь олж хэрэглэх ёстой. Ганц байдаг ванкомициндээ мэдрэг болчихсон ямар зэвүүн, ямар ухаалаг, яаж ч хувирч чаддаг айх ёстой үүсгэгч гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Зүв зүгээр байгаа хүүхдийг MRSA-гаар өвдчихвий гээд харанга дэлдэх хэрэггүй. Хүүхдийн хоолой идээлнэ, хамар дотор хатги гардаг. Буглаа үүсвэл шинжилгээ өгнө. Тэсвэрлэг стафилакоккийн халдварыг эмнэлгээс  авах нь нийтлэг ч, хариад гэр бүлдээ халдаах эрсдэл маш өндөр учраас дотуур хувцас, ор дэр, арьсны ариун цэврийг боломжийн хэрээр барина. Гэхдээ MRSA ариутгалын бодист хүртэл тэсвэртэй гэдгийг ойлгоорой. Тиймээс ор дэрээ тусгаарлах хэрэгтэй.

Эмч нь MRSA-гаар өвдсөн, олон дахин буглаа нээлгэсэн хүүхдүүдийг хандахад ил шархтай, идээтэй байгаа бол эмнэлгээр битгий авч яваарай гэж зөвлөдөг. Яагаад гэвэл тэр орчинд нь халдвар тарна. Жишээ нь, манай эмнэлэг хүүхдэд өдрийн эмчилгээ, тариа, утлага эмчилгээ хийдэг учраас аль болох ийм хүүхдүүдийг авч ирэхгүй чатаар, эсвэл ээж аав нь шинжилгээгээ аваад ир гэж зөвлөдөг. Болж өгвөл битгий энэ тэрүүгээр авч яваарай. Зарчим нь энэ юм шүү. Би ийм хүүхдүүдэд зөвлөгөө өгөхийг хүсдэг. Харин ил шархтай бол чатаар эсвэл шинжилгээг аваад ирээ гэж зөвлөдөг.

-Хайхрахгүй, анзаарахгүй байснаар юу болох вэ?

-Үхэлд ч хүргэж болно. Дэлхий нийтээрээ яагаад үүнээс айгаад байна гэхээр антибиотект тэсвэрлэг болохоор л тэр. Магадгүй энэ байдлаар бол цаашаа үүний хурдыг эрдэмтэд гүйцэхгүй байх эрсдэлтэй. Ванкомицинд л мэдрэг болчихсон бол одоо цаана нь тоотой хэдхэн антибиотек бий. Дахиад шинэ антибиотек нээтэл хэчнээн цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Стафилакокк түрүүлж мэдэх эрсдэлтэй байгаа учраас айх ёстой. Антибиотек хаана их хэрэглэж байна тэнд өөрийгөө хамгаалаад улам тэсвэрлэг болоод байгаа. Яг эндээс нь халдвар авбал илүү эрсдэлтэй л гэсэн үг. Хүүхэд антибиотек хэрэглээгүй байж болох ч үүсгэгч аль хэдийн хэд хэдэн үеэ даваад өөрийгөө хамгаалах чадвартай болчихсон. Антибиотекийн замбараагүй хэрэглээ бол энэ үүсгэгчийг ингэж “хөгжүүлсэн”.  Тухайн хүүхдийн эсэргүүцэх чадвар, үүсгэгчийн хоруу чанар, энгийнээр хэлэхэд хэр олон тооны бактериар үүсгэгдсэн бэ зэрэг олон зүйлээс өвчний тавилан шалтгаалдаг.  

-Нэмж та юуг анхааруулмаар байна вэ?

-Манай нөхцөлд хүүхдүүд хүндрээд их ирдэг, тэгээд нээдэг. Цаашдаа шинээр улам нарийн антибиотекийг эрдэмтэд гаргаасай гэж боддог. Мөн мэс засал хийж нээчхээд ампициллин бичиж өгөөд ямар ч хэрэггүй. Нээсэн л бол идээнээс нь заавал шинжилгээ авна. Анхааруулж хэлэхэд хүүхдэд идээт буглаа байгаад нээсэн бол толгой дараалан үүсгэгчээ үзүүлээрэй. Хэн байгааг нь харуулаарай, ямар антибиотекоос айдгийг нь мэдээд аваарай. Нүдэн балай хэзээ ч битгий антибиотек хэрэглээрэй. Хүүхдээ  л хорлож байна гэсэн үг. Энд эмийн чанар бас маш чухал.  Хамгийн боловсролтойгоор, хамгийн ухаантайгаар тэмцэх ёстой үүсгэгч. Идээлчихсэн юм чинь тарьчихъя гэдэг хамгийн буруу алхам шүү.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-14 10:42

БИТГИЙ ИНГЭЖ БҮЛТЭРЧ БАЙГААЧ ХАТИГИЙГ БОЛ ЖААХАН ИДЭЭЛҮҮЛЖ БАЙГААД АРХИНЫ ШИЛЭЭ БӨГСИЙГ НЬ ДААВУУГААР ЖИЙРЭГЛЭЖ БАЙГААД ГАНЦ ХҮЧТЭЙ ЛАНТУУДАХАД ХАТИГ ГЭРТЭЙГЭЭ ҮСРЭЭД ГАРААД ИРНЭ ТЭГЭНГҮҮТ НЬ ЦЭВЭРЛЭЭД ДОТРООСОО 0,75 УУГААД НАМ ИНГЭЖ Л ХАТИГИЙГ АЛЖ БАЙГААН.

Цогягү
Цогягү
2024-09-14 17:08

Үжилд оруулаад яаж ч мэдэх аюулын тухай маш зөв мэдээллээ А ч үгүй наадах чинь архины шилээр нүдээд суух юм байна л даа Нянгийн шинэ омог жирийнхээсээ илүү аюултай Хор нь байсан эм одоо хоол нь болсон

Цогягү
Цогягү
2024-09-14 17:11

Архичин м�##� аа гэж

Зочин
Зочин
2024-09-15 15:43

ЭМЧ НАР ЯАГААД ИЙМ ДАВШИЛДАГ БОЛСОН ЮМ БОЛ ЯАГААД ГЭВЭЛ ЗҮГЭЭР ЮУГААР Ч ЭДГЭШГҮЙ ШУНАЛТАЙ БОЛСОНЫХ ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДАНДАА АЙЛГАХ ТҮРЭМГИЙЛЭХ АРГАГҮЙ АРААНД ОРУУЛАХ ГЭДЭГ ҮНЭМШҮҮЛЭХ ИТГҮҮЛЭХ!!!!!!!!! ИЙМ БАЙЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ЭМЧ НАРАА ТАНЫГ ЯМАР САЙН ЯМАР СЭТГЭЛТЭЙ ЭМЧ ВЭ ГЭДГИЙГ ЧИНЬ ИЙМ ТАЙЛБАРААС ЧИНЬ Л ХҮН ТАНЬЧИХНА ШҮҮ . ДАНДАА ТЭНЭГҮҮД БИШ ГЭДГИЙГ ЭМЧ ТА ОЙЛГООРОЙ

Холбоотой мэдээ

Back to top button