Компаниуд ₮17.2 тэрбумын үнэлгээ бүхий даатгагчийн баталгаа гаргалаа
УИХ-аас Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах боломжийг бүрдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж 2022 онд баталсан.
Ингэснээр даатгалын компаниуд худалдан авах ажиллагаа болон орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгагчийн баталгааг гаргах боломжтой болсон.
Санхүүгийн зохицуулах хороо энэ дагуу дээрх хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардлагатай зохицуулалтын журмыг боловсруулан баталснаар даатгалын компаниудын баталгаа гаргах хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн бөгөөд наймдугаар сарын 31-ний байдлаар даатгалын компаниуд нийт 17.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 175 даатгагчийн баталгааг гаргаад байна.
Даатгалын компаниуд ийнхүү баталгаа гаргаж эхэлснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд худалдан авах ажиллагаандаа даатгагчийн баталгааг ашиглах, худалдан авах ажиллагаанд шаардлагатай баталгааг олон эх үүсвэрээр гаргуулах, санхүүгийн хүндрэлийг эдийн засгийн үр өгөөжтэй, түргэн шуурхай арга хэлбэрээр шийдвэрлүүлэх цаашилбал иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.