Энэ онд нүүрс экспорт 20 сая тонноор давж, дахин түүхэн амжилт тогтоох уу

Монгол Улс сүүлийн жилүүдэд нүүрс экспортын төсвийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, түүхэн дээд амжилтыг тогтоож буй. Энэ онд ч мөн уг амжилтаа бататгаж, төсвийн төлөвлөгөөг давсан нүүрс экспортлох нь тодорхой болоод байна.
Учир нь манай улс энэ онд 60 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд он дуусахад дөрвөн сар дутуу байхад төлөвлөгөөний 89.5 хувийг биелүүлжээ.
Тодруулбал, Монгол Улс оны эхний найман сард нийт 53.7 сая тонн нүүрс экспортолсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 40.9 сая тонноос 31.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тиймээс төсвийн тодотголоор энэ онд 78 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг Сангийн яам шинэчлэн танилцууллаа.
Өнгөрсөн найман сарын экспортын тоон дүнгээс харахад манай улс сард дунджаар 6.7 сая тонн нүүрс экспортолжээ. Иймд үлдсэн дөрвөн сарын хугацаанд нүүрс тээвэрлэлт, борлуулалт энэ дунджаар үргэлжилбэл Монгол Улс 2024 онд экспортлох нүүрсний хэмжээ 80 саяд хүрэх төсөөлөл гарч байна.
Нүүрсний экспорт сэргэж 2022 онд манай улс 36 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан бол энэ дүн өнгөрсөн 60 сая тонн болж нэмэгдсэн. Мөн 2025 онд 83.3 сая тонн, 2026 оноос 100 сая хүртэл нүүрс борлуулахаар төлөвлөөд байгаа.
Мөнгөн дүнгийн хувьд 2024 оны төсөвтөө 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөхдөө тонн тутмыг нь 140 ам.доллар буюу 490 мянган төгрөгөөр арилжаалахаар тусгасан. Улмаар энэ жилийн экспортын орлого дунджаар 16.7 тэрбум ам.долларт хүрэх аж. Харин ирэх жилийн экспорт 19 тэрбум ам.доллар байх төсөөлөл гаргажээ.
Нүүрсний үнэ унах эрсдэл байгаа
Хэдийгээр нүүрсний эрэлт хангалттай өндөр түвшинд хүрч, нийлүүлэлт нь дагаад нэмэгдэх болсон ч гол худалдан авагч урд хөршийн эцсийн хэрэглэгчид хэмнэлтийн горимд шилжсэнээр үнэ буурах дарамтыг нэмэгдүүлж байгаа нь анхаарал татаж байна.
Тодотговол, Нүүрсний үнийн хувьд оны эхний 8 сарын байдлаар хилийн дундаж үнэ тонн тутамдаа 24.9 ам.доллароор буурсан болохыг ҮСХ мэдээлэв. Мөн нүүрсний үнийн талаарх цаг үеийн мэдээллийг нийтэлдэг БНХАУ-ын Sxcoal сайт нүүрсний үнийн уналтыг хэрэглэгчдийн хэмнэлтийн горимтой холбон тайлбарлажээ.
БНХАУ-ын хэрэглээтэй харьцуулахад 83 сая тонн нүүрс бага тоо. Гэвч Монгол Улсын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрсний борлуулалт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тиймээс тус улсын эдийн засгийн байдал хэлбэлзэх нь Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын төр нүүрс ярисаар нүүрсчдийн орон боллоо шүү!!! Нүүрснээс өөр юм мэддэггүй ккк
Өчнөөн нүүрс баялаг гарахд орж ирж бга доллар хомс яагаад ханшаа буулгадаггүй юм зөрүүлээд �##�дагдаад нөхөөд яваагаа өолимоор юм