"Монголд нийт нас баралтын 83 хувийг өвчин эзэлдэг"

Дэлхийн банкнаас Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний тайланг танилцууллаа. Энэ үеэр дэлхийн банкны нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн төслийн багийн ахлагч София Жеорижева мэдээлэл өглөө.
Тэрбээр " Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк 2005 оноос хамтарч жендэрийн үнэлгээг анх хийж байсан. Түүнээс хойш 2018 онд Азийн Хөгжлийн банкны оролцоотойгоор хоёр дахь удаагийн үнэлгээг хийсэн.
Харин одоо Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр дунд хугацааны үнэлгээг хийснээ танилцуулъя. Үнэлгээг хийхдээ,
- Ном, товхимол, тайлан, бусад баримт бичгийн тойм судалгаа
- Тоон мэдээллийн дүн шинжилгээ
- Гол мэдээлэгчтэй ярилцлага хийх
- Чанарын судалгаа
- Зөвлөлдөх уулзалт, баталгаажуулах семинар хийх зэрэг аргачлалыг ашигласан юм.
Үндэсний статистикийн 2022 оны тайланд дурдсанаар хөвгүүд ахлах сургуулийн дараа сургууль завсардах магадлал охидоос 33 хувиар илүү, ихэнх нь ур чадвар бага шаардах хөдөө аж ахуй, барилга эсвэл үйлдвэрлэлийн ажилд орох сонголт хийдэг байна. Мөн хөвгүүд цалин хөлстэй ажил эрхлэх хүсэлтэйгээс гадна сурах сонирхолгүй гэх шалтгаанаар сургууль завсарддаг.
Монголд нийт нас баралтын 83 хувийг өвчин эзэлдэг. Гэхдээ, нас баралтын шалтгаан болдог өвчлөл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаатай. Ихэнхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлт зан үйл зэрэг нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй нягт холбоотой байна. Тухайлбал, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, амиа хорлолт, бусдын гарт амь алдах, зам тээврийн осол зэрэг нь эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй. Тэр дундаа нас залуу эрчүүдийн дунд түгээмэл байгааг уг судалгаанаас харах боломжтой" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.