Дүнжингаравын дэлбэрэлт: Нийслэл нураахаар, иргэд засварлахаар зөрчилдөж байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт үүссэн. Дэлбэрэлтийн улмаас хамгийн их хохирол амссан нь тухайн хэсэг дэх 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид юм.
Тус байрыг ашиглах боломжгүй гэж үзэн битүүмжилсэн тул оршин суугчид өдий хүртэл түрээсийн орон сууцад амьдарч байна.
Тэд өнгөрсөн найман сарын хугацаанд байраа хүчитгэх үү, нураалгах уу гэдгээ шийдүүлэхээр төрийн шат шатны байгууллагад хандсан боловч албаныхан тодорхой хариу өгөлгүй өдий хүрсэн юм. Оршин суугчдын тухайд байраа нураалгахгүй, нэн даруй хүчитгэн засуулах хүсэлтэй гэдгээ удаа дараа илэрхийлсэн.
Гэтэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн энэхүү байрны талаарх асуудал сөхөгдсөн бөгөөд эхний ээлжид хүчитгэх талаар яригдаж байсан бол эцсийн дүндээ нураагаад дахин барих шийдвэр гаргажээ. Гэхдээ түрээсийн байраар амьдарч буй 63 өрхөөс байрыг нураахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг баримт болон гарын үсгийг цуглуулсны дараа барилгыг өмнөх зургаар нь барих шийдвэр эцэслэгдэж, гүйцэтгэгдэх юм.
Бид энэхүү ажлын хэсгийг хариуцан ажиллаж буй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодномтой холбогдлоо.
-Цаашид хичнээн сар оршин суугчид түрээсийн байранд амьдрахыг хэлж мэдэхгүй байна-
-Одоогийн байдлаар энэхүү барилгын шинэчлэх ажил ямар шатандаа явж байна вэ?
-Шийдвэрийн дагуу бид оршин суугчдын гарын үсгийг цуглуулж байгаа. Бүх өрхийн зөвшөөрсөн гарын үсэг цугласны дараа буулгах ажил эхэлнэ. Харин дараад нь яг хуучных шиг нь барьд, айл өрхүүдэд байрыг нь м.кв-ын зөрүүгүй дахин олгоно.
-Хичнээн айл гарын үсэг зурсан байгаа вэ?
-Ерөнхийдөө цуглуулаад, хүсэлт гаргуулаад явж байгаа. Хичнээн айл зөвшөөрсөн гэдэг мэдээлэл надад одоогоор алга.
-Өнгөрсөн хугацаанд байрны оршин суугчдын түрээсд хичнээн төгрөг зарцуулсан бэ?
-Нарийн тооцоолол надад алга. Оршин суугчдын түрээсийн мөнгийг УСК-оос гаргаж байгаа. Өнгөрсөн найман сарын хугацаанд 2.9 тэрбумыг нийслэлд хүлээлгэн өгсөн гэсэн дүн бий.
-Цаашдаа оршин суугчдыг хэр удаан түрээсээр байлгах вэ, мөн зардлыг УСК-оос гаргасан хэвээр байх уу?
-Барилгыг нураагаад, дахин барьж ашиглалтад орох хүртэл түрээсээр байлгана. Эхний ээлжид нийслэлд олгосон мөнгөний 1.5 тэрбум төгрөгийг өнгөрсөн найман сард түрээсийн мөнгө болгож төлсөн. Үлдснээр нь барилгыг буулгах ажилд зарцуулна. Байр ашиглалтад орох хүртлэх түрээсийн мөнгийг улсаас гаргана.
-Байрыг нураагаад, дахин барих шийдвэр яагаад ингэж удаан гарч байна вэ?
-Брилгын дүгнэлтийг хүлээсэн. Мөн тухайн барилгыг засварлах боломжтой юу эсэхийг шалгаж, хариуг нь хүлээсэн.
-Одоо нураагаад дахин засварлахад хичнээн төгрөг шаардлагатай вэ?
-Нарийн тодорхой дүнг би хэлж мэдэхгүй байна. Нийслэлийн засаг даргын мэдэгдэж байгаагаар 2.5 тэрбум гэх дүгнэлт гарсан.
Ослын улмаас тус байранд амьдарч байсан
- Өндөр настан 17
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2
- Бага насны хүүхэд 13
- Өсвөр насны 70
- Хэвтрийн өвчтөн 1
- Жирэмсэн эх 2
- Хөдөлмөрийн насны иргэд 112 нийт 218 оршин суугч орон гэргүй болсон юм. Тэдний төлөөлөлтэй холбогдож, нөхцөл байдлын талаар багахан хугацаанд ярилцлаа.
Бидэнтэй ярилцсан оршин суугч өөрийн хүслээр нэр болон зүс царайгаа нууцлахыг хүссэн юм.
-Нураах шаардлагагүй байрыг "нураах" шийдвэр гаргасанд гайхаж байна-
-Байрныхаа анхны дүгнэлттэй танилцахад, ямар байсан бэ?
-Нийслэл дээр 207-р байрыг хүчитгэн засах зураг төсөл хийгдэж байгаа гэж сонсоод найдан, залбиран хүлээж байсан юм. Угаасаа удаан явдаг улсын ажил дээр сонгууль гээд улам бүр удааширч байх шиг байна гээд бид тэвчээртэй хүлээсэн.Өнгөрсөн хугацаанд нэг ч өдөр тайван сайхан байж чадаагүй. Эхний дүгнэлтээ хүлээж 78 хоносон. Дүгнэлт нь гарсны дараа УОК бидэнд ч мэдэгдэлгүй хэвлэлийн бага хурлаар баахан буруу зөрүү тайлбар өгч бидний сэтгэл санааг үймүүлсэн. Дүгнэлтээ гар дээрээ авах гэж дахин нэг сар хөөцөлдөж, дунд нь Сүхбаатарын талбай дээр хоёр удаа гарч жагсаж байж тавдугаар сарын 1-нд дүгнэлтээ авсан. Дүгнэлтээ аваад үзтэл нураах шаардлагатай гэсэн нэг ч үг өгүүлбэр байгаагүйгээр барахгүй сэргээн засах, шинэчлэн солих шаардлагатай л гэсэн дүгнэлт байсан.
Дүгнэлтээ бид өөрсдөө авч танилцаагүй байсан бол байраа нураалгаад хэдэн жил хэцүүдэх байсан байна лээ. Манай байрыг зассанаас нурааж шинээр барих нь зарим нэг хүмүүст илүү ашигтай байсан байх.
-Өнгөрсөн долоо хоногоос эхлээд, 207-р байрны оршин суугчдаас "Байрыг нураагаад, дахин босгох" дээр санал авч эхэлсэн гэсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Бид дүгнэлттэйгээ танилцаад, засах боломжтойг нь мэдчихсэн. Ийм байхад л дахин дахин нураагаад, шинээр барих талаар ярьж байна. Үнэндээ хялбархан ажлыг яагаад ингэж төвөгтэй болгож байгааг ойлгох юм алга.
Биднээс гарын үсэг авна гэсэн. Үнэндээ гарах гарцгүй л болгох гэж байгаа хэрэг. Өөр шийдэлгүй учраас дуртай, дургүй гарын үсгээ зурах л байх. Бүхэл бүтэн найман сар биднийг тарчлаасан хүмүүс одоо яах ч юм билээ.
-Дүгнэлтийн талаар та багахан мэдээлэл өгч болох уу?
-Дүгнэлтийн талаар товчхондоо:
- Бетоны чанарын шаардлагыг хангаж байна,
- Барилгын бүтээцэд гажилт, хазайлт үүсээгүй,
- Барилгын норм дүрмийг хангаж байна,
- Дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн ан цав харьцангуй байхгүй
- Арматур цухуйсан байгаа нь анх 2016, 2017 онд барилгыг барих явцад гарсан алдаа
- Барилгын хананд гажилт цууралт огт байхгүй гэсэн байсан.
Мөн УОК-оос нийт барилгын 86% бүрэн шатсан гэж мэдээлэл өгсөн. Гэтэл бодит дүгнэлт нь дээр нийт барилгын найм гаруй хувь нь галд өртсөн бусад хувь нь огт галд өртөөгүй гэсэн байна лээ. Нийт 63 айлаас үндсэн барилгын хийцэд байдаг найман давхрын нэг л айл мөн техникийн давхрын гуравхан айл галд өртсөн.
Бусад айлуудын хувьд зарим өрөө рүү нь гал орсон. Иймд галд өртсөн найман хувийг л засуулаад байрандаа орох боломжтой. Бас дүгнэлт дээр 10 айлын гадна фасад нь бүрэн шатсан, 45 айлын гадна фасад нь хагас шатсан, найман айлын фасад нь огт шатаагүй гэсэн байна. Гэтэл тэр чигтээ шатчихсан юм шиг мэдээлэл өгөөд, "нураана" гэсэн.
-Нийслэлээс энэ байрны тухай ярихдаа, нураагаад дахин барих болон хүчитгэх нь үнийн хувьд ижил төсөөтэй гэсэн байсан. Та хэдэд энэ талаар мэдээлэл өгсөн үү?
-Яаж ч бодсон хүчитгэх, нураагаад дахин барих хоёр хийх ажлын хувьд ч тэр санхүүгийн хувьдч газар тэнгэр шиг ялгаатай.
-Өнгөрсөн хугацаанд 207-р байрны иргэд байрандаа цэвэрлэгээ хийж байсан шүү дээ. Энэ талаар яривал?
-Муухайгаар хэлэхэд, орон гэргүй хүмүүс орж хоноглоод байсан юм. Дотор нь өтгөн шингэнээ гаргачихсан. Муу ч сайн ч бидний гэр орон шүү дээ. Эмзэглэмээд байсан учраас бид цэвэрлэгээ хийж, битүүмжилсэн. Ороод үзэхэд уг нь бүхэлдээ шатчихсан аймшигтай дүр зураг байхгүй шүү дээ.
-Таны хувьд гарын үсгээ зурж, хүсэлтээ өгсөн үү?
-Өгөөгүй байгаа. Өгөх бодол ч алга. Гэхдээ олон хүний эрх ашиг яригдаж байгаа учраас хүсэлтээ өгөхөөс өөр аргагүйд хүрэх байх. Үнэндээ бид туйлдаа хүртэл ядарч байна аа. Хүмүүс "Төрөөс мөнгө аваад, байр түрээслэхэд асуудалгүй шүү дээ" гэж бодож байгаа байх. Бидний гэр орон л хамгийн тухтай учраас өнгөрсөн хугацаанд сэтгэл санаагаар их уналаа.
-Хэрвээ байрыг нураагаад дахин баривал. Цаашдаа хэдий хугацаанд түрээсийн байранд амьдрах вэ, энэ талаар мэдээлэл өгсөн үү?
-Мэдэхгүй юм даа. Өвлийн хүйтэн болохтой зэрэгцээд нураах шийдвэр гаргаж л байдаг. Газар хөлдөхөөр ажил нь зогсоно шүү дээ. Хавар дулаарахыг хүлээнэ. Үнэндээ цаашдаа хэр удаан ийм амьдралтай байхыг хэлж мэдэхгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1000 сайхан засвар ороод угаар,утааны үнэр гарахгүй шүү Шинээр барьж өгнө гэж хэлсэн дээр нь анхны зурагаар нь бариулсан нь зөвшүү
Үнэхээр гайхаж байна нураах нэрээр мөнгө шаах нь
Нураах гэж байхаар засаач тэр нь л амар шүү дээ