Ирэх онд 560 тэрбумаар ипотекийн санхүүжилтийг нэмнэ

Ипотекийн зээлд энэ оны есдүгээр сарын хорины байдлаар 9232 иргэн хамрагдаж, нэг их наяд 75 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбумаар нэмэгдүүлсэн билээ. Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр нийслэлд болон хөдөө орон нутагт бага хүүтэй, урт хугацааны зээл авах хүсэлтэй иргэдийн эрэлт нэмэгдсээр байна. Иймд ирэх онд Хуримтлалын сангаас 560 тэрбум төгрөгийг ипотекийн санжүүжилтэд зарцуулахаар Монгол Улсын 2025 оны төсөвт тусгажээ. Мөн Монголбанк 500 тэрбум, арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн ипотекийн зээлд олгох бодлого барьж буй юм. Иргэдийг орон сууцжуулах дөрвөн хөтөлбөр ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.Санхүүжилт нийт дүнгээрээ энэ нь 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Энэ санхүүжилтийн 50 хувийг орон нутгийн иргэдэд олгох бол үлдсэн 50 хувийг Улаанбаатар хотын иргэдэд олгохоор төлөвлөөд байна. Нийслэл дэх хэт төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт ипотекийн зээлийн хүү жилийн гурван хувь байх бол Улаанбаатар хотод бүсээсээ хамаарч 10-6 хувь байх зохицуулалтыг судалж эхэлсэн байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.