УИХ-ын гишүүд сонгууль хөөгөөд завгүй, Төрийн эзгүй

УИХ-ын гишүүд орон нутгийн сонгууль хөөгөөд, хөдөө хээрээр ч, хот хүрээгээр ч завгүй явцгаана. Тус тусынхаа намын нэр дэвшигчдийн сурталчилгааг хийцгээгээд цахим орчинд л үзэгдэхээс Төрийн ордонд эзгүй, эл хуль. Сонгуулийн сурталчилгаанд идэвхийлэн оролцоцгоож байна. Өмнө нь орон нутгийн сонгуульд УИХ-ын гишүүд ингэж их ач холбогдол өгч байсан түүх үгүй.
Өчигдөр /2024.10.07/ гэхэд л УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагт хуралдахаар товлосон ч, хуралдсангүй. Хуралдаагүй шалтгаанаа, МАН-ын бүлгийн тав хоногийн завсарлагатай холбон тайлбарлав. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн /2024.10.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч, УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ.
Мөн энэ долоо хоногийн пүрэв гарагт ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаа товлоогүй байна. Харин баасан гарагт сонгуультай буюу олон нийтийн амралтын өдөр. Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлагыг далимдуулаад энэ долоо хоногт өөрсдөдөө чөлөө олгожээ.
Уг нь намрын чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүний чиг үүрэгтээ ажил хэрэгч, хариуцлагатай хандана гэсэн өндөр хүлээлт нийгэмд үүссэн байна. Иймд энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна хуучин сэтгэлгээнээсээ ангижирч, улс орны дотоод, гадаад бодлогыг тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбогдон гарч байна” хэмээж байсан.
Намрын чуулганы хоёр дахь хуралдаанаас л ажил хэрэгч бус хандаж, иргэдийн итгэл эвдээд эхэлчихлээ, парламентын дарга аа.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.