Чойр-Сайншандын цахилгаан дамжуулах шугамын санхүүжилтийг үзэглэлээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар Чойр-Сайншандын цахилгаан дамжуулах шугамын төслийн найман сая еврогийн нэмэлт санхүүжилтийн гэрээг үзэглэлээ.
Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станцуудыг барих төсөл нь Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой билээ. Европын Холбооны 8 сая еврогийн буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 62.8 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орнуудын 5 сая еврогийн техникийн тусламжаар хэрэгжих юм. Барилгын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусгахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ хооронд 300.0 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2019 онд байгуулсан. Тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих нийт 7 төслийн нэг нь энэхүү Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл юм. 2006-2024 онуудад манай улсад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нийт 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад нийт 140 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хамтран ажилласан байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.