Top StoriesЭдийн засгийн тойм, анализ

Монголд тулгарч болзошгүй геополитикийн сорилтууд

Дэлхий даяар эдийн засаг, санхүүгийн салбарт цаашид тулгарах эрсдлийг хэрхэн даван туулах арга замуудаа улс төрийн түвшинд хэлэлцэж буй. Ойрын жилүүдэд Орос-Украйны дайн намжих дүр зураг ажиглагдахгүй байгаагаас гадна Израйл-Хамасын мөргөлдөөн зэрэг олон улсад өрнөж буй геополитикийн зөрчилдөөнүүд нь цаашид дэлхийн нийтийн эдийн засгийн төлөв байдалд сөргөөр нөлөөлөх дүр зураг бий. Оросын түүхий эдээс хамааралтай манай улсын хувьд эдийн засгийн өсөлт, бууралт болон гадаад орчинд баримтлах геополитикийн бодлогодоо мэдрэг байх бололтой.

Орос, Хятадаас эдийн засгийн хараат байдлаа сулруулах

Монгол Улсын хувьд газарзүйн байршлын онцлогоос шалтгаалаад хоёр хөрштэйгөө төвийг сахих үүднээс харилцаж ирсэн билээ.

Зарим эх сурвалжаас харвал бид 2019 онд Орос Монголын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тухай хугацаагүй гэрээ шинэчлэн байгуулснаар бид Оросын геополитикийн чиг шугамыг дагах сорилттой тулгарч байв.

Уг гэрээний дагуу цэрэг, техникийн хамтын ажиллагааг шинэчлэхийн зэрэгцээ төмөр замын шинчлэл, өртгөтгөлд 1520 мм-н цариг ашиглах талаар тусгаж байсан аж.

“Энэ асуудлын холын зорилго нь Монголыг Евроазийн эдийн засгийн холбоонд элсүүлэх” хэмээн тухайн үед ажиглагчид шүүмжлэн бичиж байсан нь өнөөдөр биеллээ олох эрсдэл үүсч магадгүй юм.
Монгол Улсын хувьд ОХУ-аас жилийн нийт импортын хувьд нефтийн бүтээгдэхүүн 97 хувь, дизель болон өвлийн түлш 100 хувь, АИ 92 гэхэд 98 хувь, Цахилгаан эрчим хүч 30 хувь, А-80 бензин 100 хувь, өөрөө явагч биш галт тэрэг 80 хувь, нефтийн хий болон бусад хийн байдалтай нүүрсустөрөгч 97 хувь, онгоцны түлш 100 хувь, АИ-95 100 хувь зэрэг нийт импортын түүхий эдийн 47 хувь орчим нь зөвхөн хойд хөршөөс хамааралтай байна. Нэг улсаас стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнээр хараат байна гэдэг сул тал.

Нөгөөтэйгүүр бид нүүрсний зах зээл дээр ч экспортын гол суваг нь данц ганц Хятад улс байгаа нь цаашид манай дотоодын эдийн засагт олон талаар хүндрэл үүсгэж болзошгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлт харьцангуй  тогтворжсон боловч өсөлтийг сааруулж болзошгүй сорилтууд хэвээр байна. Хятадын тухайд Монголын гуравагч хөрш улс орнуудтай геополитикийн зөрчилдөөнтэй байдаг нь бидний цаашид гадаад харилцаа, бодлогодоо илүү төвч байх сорилттой тулгаруулах нь зайлшгүй юм.

Монгол Улс 1990 онд өөрийн тусгаар гадаад бодлогодоо төвийн сахих зарчмаа тунхагласан түүхтэй. Энэ зарчмыг өнөөдөр ч баримталж байгаа төдийгүй их гүрнүүдийн ашиг сонирхлоороо огтлолцох цэг болж буй юм.

Улс орнуудын геополитикийн зөрчилдөөн эдийн засагт хүндрэл үүсгэх эрсдэл бий

Бидэнд тулгарч болох бодит сорилтуудын нэг бол эдийн засгийн хямрал, хүндрэл. Энэ оны монголбанкны Тогтвортой байдлын тайлангаас харвал 2023 оны  дэлхийн эдийн засгийн өсөлт шинжээчдийн төсөөллөөс давж 3.2 хувь гарсан. 2024 болон 2025 оны өсөлт өнгөрсөн жилийн өсөлтийн орчимд хадгалагдах төлөвтэй байгаа. Ирэх 2 жилийн өсөлтийн төсөөлөл түүхэн дунджаас 1 бага түвшинд байхаар байгаа нь геополитикийн хурцадмал байдал, геоэдийн засгийн хуваагдал, төсвийн дэмжлэгийн хумигдалт, санхүүжилтийн зардал өндөр хэвээр, бүтээмжийн өсөлт бага байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж байна гэжээ.

Улс орнуудын геополитикийн зөрчилдөөн эдийн засаг, санхүүгийн талбарт хямрал авчирвал инфляц хөдөлгөөнд орох нь гарцаагүй. Улс орнуудын хувьд гадаад орчиндоо улам хаалттай гадаад худалдааны бодлого баримталж байгаа нь дэлхийн худалдааны эргэлтийг сааруулж буй. Ялангуяа ойрын 4 жилд улс орнуудын гадаад худалдаа хурдацтай хязгаарлагдмал болж байгаа нь цаашид хөгжиж буй орнуудад ч томоохон дарамт учруулах төлөвтэй.

Хятад Америкийн худалдааны дайны нөлөөгөөр улс орнуудын хөрөнгө оруулалт буурч байгаа нь манайд ч мөн эерэг нөлөө үзүүлэхгүй.

Монголын хувьд хөрш орнуудаас хамааралтай эдийн засгийн орчноо илүү тэлж, гадны хөрөнгө оруулагчдыг томоохон талбаруудад оруулах сонирхол бий гэж ярьдаг ч жил ирэх тусам энэ байдал хумигдах нөхцөл рүү ойртох вий. Төрийн томоохон төслүүд дээр хятадын компани, банкууд түлхүү орж ирж байгаа нь манайд гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалтуудыг бууруулах дүр зураг ажиглагдах болов. Улс орнуудын геополитикийн асуудал хүндэрвэл олон талт хөрөнгө оруулалт буурах, макро санхүүгийн зах зээлд ч дарамт үүсэх эрсдэлтэй. Монгол Улс геоэдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсийг гадаад бодлогоороо авч хэлэлцэх нь манай улс шиг гадаад худалдааны эргэлт багатай, хоёр хөршөөсөө эдийн засгийн олон талт байдлаар хараат улсад нэн тэргүүний асуудал хэвээр байсаар байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Nmghkk
Nmghkk
10 сар 19, 2024 01:33

Өнөөдөрөө харсан авилгачин манан төртэй .байнга сонгоно .новшийн урвахад бэлэн гишүүд сэтгүүлч бөх жүжигчид.ирээдүй ямарч бат�##�гаа байхгүй Орос бензин ха�##�аа дуусаа.

Эгэл
Эгэл
10 сар 20, 2024 11:55

Машинаа хэрэглэхгүй байхад болоо биш үү? Өөрсөддөө дандаа бэрхшээл зохиож үүсгэж байдаг тэнэгүүдийг яая даа

Холбоотой мэдээ

Back to top button