Монголбанк: 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэр ₮1.2 их наяд байна
2025 онд ипотекийн зээлийн нийт эх үүсвэр 1.2 их наяд төгрөг байх тооцоотойг Монголбанк мэдээллээ. Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 500 тэрбум төгрөг, хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг, арилжааны банкнуудаас 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байна.
Мөн одоогийн тогтолцоог өөрчилж ялгавартай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн бий болбол арилжааны банкнуудаас олгох санхүүжилт хоёр их наяд төгрөг хүрэх тооцоо байгааг Монголбанк онцолж байна. Тухайлбал: хотын А бүсэд зээлийн хүү 8-9 хувь зэргээр ялгавартай хүү тогтоох санал ажлын хэсгийн түвшинд яригдаж байгааг мэдээллээ.
Түүнчлэн Цаг уурын тогтвортой хөгжлийн сан бий болгосноор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны ногоон зээл олгох боломжтой гэж үзэж байна.
2025 онд олгох нийт зээлийн 44 хувийг орон нутагт, үлдсэн 56 хувийг нийслэлд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хэлбэрээр олгохоор төлөвлөөд байгаа юм. Хэдий тийм боловч зээлийн урьдчилгааг бууруулах боломжгүй, одоогийн 30 хувь нь олон улсын жишиг гэж Монголбанкны Ерөнхийлөгч тодотгож байна.
Зээлийн урьдчилгааг бууруулбал өндөр байгаа эрэлт илүү нэмэгдэх эрсдэлтэй. Харин орон нутагт зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийг 12 орчим хувиар бууруулж байгаа гэж мэдээллээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.