Эдийн засгийн мэдээ

Төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гараад байна

Оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Эхний улиралд 373 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.7 дахин өссөн үзүүлэлт байсан ч хоёрдугаар улиралын төгсгөлд ийн алдагдалтай гарчээ.

Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал болон ашигтай байдалд эдийн засгийн сэргэлт, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт болон нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг билээ. Энэ оны тухайд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад Монгол банк болон Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 4.5 тэрбум юанийн эргэн төлөөлөлт нөлөөлжээ.

Ойрын дөрвөн жилийн төлбөрийн тэнцлийн мэдээллээс харвал, 2020 онд санхүүгийн данс 419 сая ам.долларын ашигтай урсгал болон хөрөнгийн данс 832 сая ам.долларын алдагдалтай, 2021 онд санхүүгийн данс 691 сая ам.долларын ашигтай, урсгал болон хөрөнгийн данс тэрбум 39 сая ам.долларын алдагдалтай, 2022 онд санхүүгиийн данс 926 сая ам.долларын ашигтай, урсгал болон хөрөнгийн данс 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байв.

2023 оны эхний зургаан сард төлбөрийн тэнцлийн урсгал данс 221.2 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 оны эхний зургаан сарын байдлаар 309.2 сая ам долларын алдагдалтай гарчээ. Урсгал данс алдагдалтай гарч буй нь барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 539 сая ам.доллар буюу 22.1 хувиар буурсантай холбоотой юм.

Үйлчилгээний худалдааны тэнцэл 2024 оны  эхний 6 сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 9.6 сая ам.доллароор нэмэгдсэн дүн юм. Харин үйлчилгээний орлого энэ оны эхний 6 сард 627 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 12.1 сая ам.доллароор буурсан дүнтэй гарчээ. Үйлчилгээ болон барааны импорт тэлж, анхдагч орлогын гадагшаа урсгал өндөр байгаа нь урсгал данс алдагдалтай гарахад нөлөөлсөн байна.

Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний 6 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 720.6 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 662.4 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Санхүүгийн дансны ашиг  нэмэгдэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт голлох нөлөө үзүүлдэг. Энэ онд өмнөх оны мөн үеэс 442.7 сая ам.доллароор өссөн нь харьяат бусаас авсан авлага 339.1 сая ам доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.  Санхүүгийн дансны тэнцэл гэдэг нь Монгол Улсаас бусад улсад хийсэн хөрөнгө оруулалт, бусад улсаас  Монгол  Улсад  хийсэн  хөрөнгө  оруулалтын гүйлгээг  бүртгэдэг бүх данс хамаарахыг хэлнэ.

Тогтвортой байдлын тайлангаас харвал Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалтын өсөлтөөс шалтгаалсан импортын тэлэлт, экспортын түүхий эдийн үнэ, гадаад худалдаа зэрэг нь төлбөрийн тэнцэлд цаашид ч сөрөг нөлөөлөл үзүүлэх дүр зурагтай байгааг тодотгосон байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 22, 2024 11:04

Энэ сонгуулийн дара�##� дандаа �##�дагд�##�тай гардаг нь сэжигтэй байна 4 жил болоод солигдохдоо ашигаа хуваачихдаг юмуу хайшаа юм бэ дандаа сонгуулийн дараа �##�дагд�##�тай болдогоо тайлбарлах хүн бнуу

Холбоотой мэдээ

Back to top button