БНСУ Украинд санхүүгийн тусламж л үзүүлдгээ халж зэвсэг нийлүүлэх үү

Орос-Украины дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгос Украинд зэвсгээр туслахаас зайлсхийж санхүүгийн тусламж л үзүүлж ирсэн. Тэгвэл одоо Өмнөд Солонгос Украинд зэвсэг нийлүүлэх эсэхийг чухалчилж авч үзэх боллоо. Учир нь Хойд Солонгос ОХУ-д туслахаар цэргээ илгээсэн гэдгийг БНСУ-ын тагнуулын газар мэдэгдсэн. БНАСАУ 10 мянган цэрэг ОХУ-руу илгээх шийдвэр гаргаснаас 1,500 нь аль хэдийн очиж, сургуулилтаа эхэлсэн гэж Өмнөд Солонгосын тагнуулын газар үзэж байгаа.
Украинд зэвсгийн тусламж үзүүлэх талаарх асуудлыг БНСУ энэ оны зун анх чухалчилж авч үзсэн. Тодруулбал зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост айлчилж, хоёр улс зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлж ойртуулсан тохиролцоонд хүрсэн юм. Үүний дараа БНСУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын албан тушаалтан Украин руу зэвсэг илгээх талаар авч үзнэ хэмээсэн. Хариуд нь Путин “Хэрвээ Сөүл Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргавал Москва Өмнөд Солонгосын удирдагчдад таалагдахгүй арга хэмжээ авна” гэсэн юм.
БНСУ-ын тагнуулын алба Хойд Солонгос цэргээ илгээсэн гэж үзэж байгаа тул Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй, олон улстай хамтран чадах бүх арга хэмжээг авна хэмээжээ. “Чадах бүх арга хэмжээ” гэдэгт зэвсгийн тусламж, ОХУ болон БНАСАУ-д эдийн засгийн хориг тавих гэх мэт зүйлс багтах боломжтой.
Улаан шугам давсан уу
Хойд Солонгос цэргээ илгээж байгаа учир үүний хариуд Москва Пёньянд цэргийн чухал технологи нийлүүлэх магадлал нэмэгдсэн гэж үзэж болно. Тодруулбал тив алгасах баллистик пуужингийн (ICBM) агаар мандалд буцаж орж ирэх технологи, стратегийн цөмийн шумбагч онгоц эсвэл хиймэл дагуулын технологийг нийлүүлэх магадлал өндөр. Ийм учраас Өмнөд Солонгос болгоомжлоод байгаа юм.
Одоо Өмнөд Солонгосын засгийн газар энэ нөхцөл байдлыг Хойд Солонгос, ОХУ хоёр Сөүлээс тогтоосон "улаан шугам"-ыг давсан гэж үзэх эсэх дээр хоёрдмол байдалд ороод байгаа бололтой. Тэгвэл “Korea Times” агентлаг холбоо тогтоосон аюулгүй байдлын мэргэжилтнүүд БНСУ-ын засгийн газраас тогтоосон улаан шугамыг одоогоор даваашгүй байгаа аж.
Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Пак Вонгон “Ерөнхийлөгчийн алба зургаадугаар сард ОХУ Хойд Солонгост дэвшилтэт цэргийн технологи, зэвсэг нийлүүлэх үед Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг авч үзнэ гэх улаан шугам татсан. Хэрэв ОХУ Хойд Солонгост дэвшилтэт цэргийн технологи нийлүүлбэл эдгээр зэвсэг Өмнөд Солонгосын хувьд бодит аюул заналхийлэл болох нь тодорхой. Энэ нь улаан шугам. Хойд Солонгос цэргийн илгээсэн нь өөрөө улаан шугамыг давсан эсэх тухай төвөгтэй асуудал. Гэхдээ тэдгээр технологийг дамжуулсан нь одоогоор батлагдаагүй байна" гэжээ.
Түүний үзэж буйгаар бол ОХУ Хойд Солонгост ихээхэн ашигтай санал тавьсан байх магадлалтай аж. Үүнд Хойд Солонгосын хүсэж буй олон толгойт пуужингийн технологи болон цөмийн шумбагч онгоцны технологи багтаж магадгүй.
Пак Вонгон нэмж хэлэхдээ "Хэрэв Хойд Солонгос эдгээр технологийг үнэхээр авсан нь батлагдвал улаан шугамыг давсан явдал болно. Гэвч одоогоор АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Хойд Солонгосын цэргүүдийг илгээсэн талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа" гэжээ. Тэрбээр Өмнөд Солонгос бол Хойд Солонгос ОХУ-руу цэргээ илгээсэн талаар хөндсөн анхны орнуудын нэг болохыг онцолсон юм.
Хойд Солонгос судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин мөн Өмнөд Солонгосын засгийн газар болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулж, холбоотнуудтайгаа нийцүүлж арга хэмжээ авахыг зөвлөжээ. Тэрбээр "Хэрэв Өмнөд Солонгос Хойд Солонгос, ОХУ-ын цэргийн харилцаа ойртож байгаад хариу үйлдэл болгон зэвсэг нийлүүлэх зэрэг урьдсан хариу арга хэмжээ авбал хоёр Солонгосын нөхцөл байдал улам ширүүсэх болно. Зэвсэг нийлүүлснээр Хойд Солонгос-ОХУ-ын цэргийн холбоог зөвтгөх боломжтой" хэмээсэн байна.
Хон Мин "Хэрэв Сөүл энэ дэмжлэгийг хариу үйлдэл хийх үндэслэл болгон ашиглавал ихээхэн эсэргүүцэл, мөргөлдөөн үүсгэж болзошгүй. Тиймээс болгоомжтой хариу үйлдэл чухал" хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.