"Албан тушаалтан гомдол гаргах эрхгүй" гэж Б.Энхбаярын оруулсан заалтаар ҮХЦ маргаан үүсгэжээ
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар сэтгүүлчдийг яллагдагчаар татаж буйг эсэргүүцэж, 2024.04.12-нд ҮХЦ-д шаардлага хүргүүлсэн билээ.
Улмаар нэр бүхий иргэн Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16, 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар хандсан.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц энэхүү заалтаар маргаан үүсгэжээ.
“Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байдаг.
Энэхүү заалтыг УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулсан байдаг.
Тухайн хуулийн төсөл батлагдахаас өмнө буюу хэлэлцүүлгийн шатанд төслийн 13.14 дүгээр зүйлийн доор “Энэ хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан гомдол гаргах эрхгүй” гэж тайлбарлаж байв. Хуулийг өргөн барихдаа тухайн үед Б.Энхбаяр гишүүн өөрийн амаар ингэж тайлбарлаж байсан юм.
Гэвч бодит байдал дээр голчлон улс төрийн албан тушаалтнуудын гомдлоор сэтгүүлчид олноороо Эрүүгийн хэрэгт татагдаж шалгагдсан билээ.
Одоогийн ҮХЦ-ийн гишүүн, доктор О.Мөнхсайхан тухайн үед "Эрүүгийн хуулиар эсхүл Зөрчлийн тухай хуулиар доромжлол, гүтгэлгийг гэмт хэрэгт тооцож шийтгэх зохицуулалт нь үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах дээрх зургаан гол нөхцөлийн нэг болох тохирсон (зайлшгүй) байх зарчмыг зөрчдөг учраас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчдөг" хэмээж байв.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.