Хүний папиллома вирусын эсрэг вакциныг 11-ээс дээш насныханд хийнэ
Ирэх сараас эхлэн хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтыг 11 настай хүүхдээс эхлэн хийж эхэлнэ.
Умайн хүзүүний хорт хавдраар жилд 620 мянган эмэгтэй оношлогддог. Үүний 400 нь манай улсад бүртгэгдэж байна. Хэрвээ дархлаажуулалтыг эрчимжүүлбэл манай улсад жилд 250 орчим эмэгтэйг нас барахаас сэргийлэх боломжтой юм.
Умайн хүзүүний хорт хавдрыг хүний хөхөнцөр вирусээр халдварлагддаг гэж үздэг. Энэ вирус хүний биед ороод шууд хавдар болдоггүй, үе дамжиж хавдрын урьдал өвчин болдог гэсэн үг. Хүний папиллома буюу хөхөнцөр вирус нь 200 орчим төрөл байдан. Үүнээс умайн хүзүүний хавдрын урьдал өвчнийг бий болгодог нь 100 гаруй вирус бий. Энэ 100 гаруй төрөл дотроо өндөр, дунд, бага эрсдэлтэй гэсэн хэв шинжид хувааж үздэг. Хөхөнцөр вирусийн тодорхой 16, 18, 33 гэх мэт төрлөөр халдварлагдвал хавдар болох эрсдэл өндөр гэсэн үг.
Мөн хүн болгон папиллома вирусын халдвар аваад урьдал ч юмуу, умайн хүзүүний хавдар болдоггүй. Тухайн вирусын халдвартай байсан ч залуу насны хүн бол 12-18 сарын дотор дархлааны системээр устдаг гэж үздэг. Харин өндөр эрсдэлтэй төрлийн вирусээр байнга халдварлагдах тохиолдолд умайн хүзүүний хучуур эсэд өөрчлөлтөд орж эхэлдэг. Нэг төрлийн эс олон тоогоор ямар нэг програмчилалгүйгээр их хэмжээгээр ургахыг умайн хүзүүний хорт хавдар гэж үздэг. Өндөр хоруу чанартай вирус удаан хугацаанд хүний биед их хэмжээгээр байхаар хавдрын урьдал болж, улмаар эсийг өөрчилдөг. Эс хүнд, хөнгөн хэмжээгээр гэмтэнэ. Улмаар умайн хүзүүний хучуур эд гурван төрөл дамжаад хорт хавдар болдог. Энэ хүртэлх хугацаа судалгаанаас харахад 5-15 жил байгаа юм. Ямар төрлийн вирусээр хэр хугацаагаар өвдсөн бэ гэдгээс шалтгаалаад 5-15 жилийн дотор үе шатаар дамжаад хавдар болдог байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.