Харрис эсвэл Трамп ялбал АНУ-ын хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт ажиглагдах вэ

АНУ-ын хөрөнгийн зах зээл энэ онд буюу сонгуулийн жилд өсөж, хувьцааны индексүүд хэд хэдэн удаа дээд амжилт тогтоосон. Тодруулбал "S&P 500" 20 гаруй хувиар, "Nasdaq" 23 хувь, "Dow Jones" 14 орчин хувиар өссөн. Тэгвэл энэхүү эрч ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үргэлжлэх эсэх нь анхаарал татаж байна.
Трамп эсвэл Харрис гарсан ялгаагүй дараагийн дөрвөн жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж буй. Гэхдээ тэдний эдийн засгийн бодлогын онцлог нь өөр өөр төрлийн хувьцааг өсөхөд туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ ялгаатай эрсдэл үүсгэж болзошгүйг шинжээчид онцоллоо.
Трамп ялбал компаниудын орлого өсөж, хөрөнгийн зах зээл нэмэгдэх магадлалтай
Трамп ерөнхийлөгч байхдаа баталсан корпорацын татварын хөнгөлөлтийг сунгах амлалт өгсөн. Тэр хөнгөлөлт 2025 онд дуусах юм. Хэрэв Конгресс хугацаа сунгахыг баталж, мөн Трамп засгийн зохицуулалтыг хөнгөлбөл компаниудын орлого өсөж хөрөнгийн зах зээл нэмэгдэх магадлалтай.
Мэрилэндийн их сургуулийн Бизнесийн сургуулийн тэтгэвэрт гарсан профессор Питер Мориси “ABC News” агентлагт хэлэхдээ “Татвар үр дагавар дагуулдаг” хэмээсэн байна. Тэрбээр нэмж “Трампын захиргааны үед бол татварын үр дагавар оргилуун дарсны бөглөөг онгойлгож байгаатай ижил байх болно” гэсэн юм. Трампын бусад бодлогод нь газрын тос, хий болон хиймэл оюун ухааны салбарыг дэмжих зэрэг орж буй. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Байдены үед сэргээгдэх эрчим хүчний салбарт олгож эхэлсэн санхүүгийн урамшууллыг сулруулбал тийм төрлийн компаниудын ашиг суларч магадгүй байна.
Трампын бодлого хөрөнгийн зах зээлийг дэмжих боломжтой ч тэд мөн зах зээлийн гүйцэтгэлийг эрсдэлд оруулж болзошгүй гэж зарим шинжээчид үзэж буй. Сонгуулийн сурталчилгаа дээр Трамп бүх импортын бараанд 20 хувиас дээш татвар ногдуулах амлалт өгсөн. Ийм бодлого нь хэрэглээний үнийг өсгөх болно гэж эдийн засагчид таамаглаж байна. Трамп мөн олон сая хууль бус цагаачдыг албадан гаргах төлөвлөгөөтэй байгаа нь зарим эдийн засагчдын үзэж байгаагаар, ажиллах хүчний хомсдол үүсгэж магадгүй юм.
“Хэрэв тэр цэргийн хүчнээ дотоодод хэрэглэж, 20 хувийн гаалийн татвар ногдуулж, хатуу, ардчиллын эсрэг удирдагч болбол энэ нь хөрөнгийн зах зээлд маш муугаар нөлөөлнө,” гэж Мориси хэлжээ.
Харрис ялбал корпорацуудийн ашиг орлогын өсөлт хязгаарлагдаж магадгүй
Харрисын засаглалын үед ч хөрөнгийн зах зээлийн үнэ өсөх магадлалтай. Гэхдээ тэр корпорацийн татвар нэмж, хатуу зохицуулалт хэрэгжүүлнэ гэсэн нь ашиг орлогын өсөлтийг хязгаарлаж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна.
Одоогоор корпорацууд 21 хувийн татвар төлдөг. Харрис үүнийг 28% болгохоор зорьж байна. Ийм татварын өсөлт нь компанийн ашиг орлогыг бууруулж, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг сааруулах магадлалтай гэж Жоржтауны их сургуулийн Санхүүгийн зах зээл ба бодлогын Псарос төвийн захирал, санхүүгийн профессор Рина Агарвал “ABC News”-д хэлжээ. Гэхдээ тэрбээр энэ бодлого эцэстээ хууль болох эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа гэдгийг онцолсон юм.
Агарвалын хэлсэн "Энэ нь тийм ч амархан хэрэгжихгүй гэж би бодож байна. Урт хугацаа шаардана" хэмээсэн юм. Түүний үзэж буйгаар сэргээгдэх технологийн салбар Харрисын засаг захиргааны бодлогын хүрээнд ашиг хүртэх салбаруудын нэг байх юм. “Ritholtz Wealth Management” компанийн зах зээлийн ахлах стратегич Калли Кокс Харрисын захиргааны дор хөрөнгийн зах зээл хэрхэх нь “хүүгийн түвшин болон орлогоос хамаарна” гэжээ.
Төв банк ихэвчлэн эдийн засаг хэт халахаас сэргийлж, инфляцыг бууруулж бодлогын хүүгээ нэмэгдүүлдэг. Ингэснээр хувьцааны үнийн өсөлтөд дарамт учирна. Эцэст нь урт хугацааны хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэл нь Харрис эсвэл аль ч ерөнхийлөгчийн хяналтаас гадуурх эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарах болно гэж Кокс нэмж хэлсэн юм. Тэрбээр “Камала Харрис хөрөнгийн зах зээлд урт хугацаанд нөлөөлөх өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж чадна гэж би бодохгүй байна. Та урт хугацааны хөрөнгө оруулагч бол, улс төр хөрөнгийн багцад тань хамааралгүй" хэмээсэн байна.
Эх сурвалж: ABC News
Б.БУЯНДОРЖ
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.