Хуулийн хэлэлцүүлэг: Хэвлэлийнхэн "түүхий" заалтуудыг шүүмжилж, саналаа илэрхийллээ

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг Монгол Улсад анх 1998 онд дөрвөн зүйлтэй байхаар батласан. Уг хуулийг шинэчлэн 2011 онд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар өргөн барьсан бөгөөд 2014 болон 2018 онд УИХ-аас дахин өргөн барьж хэлэлцүүлсэн. 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар уг хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг хэсэг байгуулж байсан ч уг хуулийн шинэчлэл дээр тодорхой үр дүн, шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн юм.
Өчигдөр (2024.10.30) хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнууд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгэд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Г.Нарантуяа, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр нар панелистаар, Мpress.mn сайтын эрхлэгч О.Ариунбилэг модератораар чиглүүлэн ажилласан юм.
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулга нь нийт 6 бүлэг 18 зүйлтэй бөгөөд хуулийн зүйл заалтуудын талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд асуулт асууж, санал дэвшүүлэх, шүүмжлэх зэргээр олон талын оролцоотойгоор хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм.
Хэд хэдэн заалт сэтгүүлчдийн дунд эргэлзээ үүсгэсэн нь тус хуулийн Нэгдүгээр бүлгийн 4.1.1-т “сэтгүүлч” гэж олон нийтийн эрх ашиг сонирхлын төлөө мэдээ, мэдээлэл бэлтгэх, цуглуулах, засварлах, нягтлах, агуулга бүтээх зэрэг чиг үүргийг тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар гүйцэтгэж байгаа редакцийн эрхлэгч, сурвалжлагч, зураглаач, фото сурвалжлагч, тоймч, тайлбарлагч, мэдээний найруулагч, хөтлөгч, эвлүүлэгч зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд эсхүл бие даан болон бусад орчинд өөрөө хэвлэн нийтлэгч хэлбэрээр сэтгүүлзүйн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа хүнийг” гэж заасан нь сошиал талбарын контент бүтээгчид гэх мэт чөлөөт бүтээлчдийг хэвлэлийн байгууллагатай адилтган нэг заалтад тодорхойлж буй нь учир дутагдалтай гэх санал шүүмжүүд давхцаж байлаа.
Харин уг заалтын талаар “Сэтгүүлзүйн инноваци, хөгжлийн үүр төв” ТББ-аас Б.Дуламхорлоо “Сэтгүүлчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь батлагаажуулж өгч байгаа нь энэ хуулийн ганц гялтайх зүйл байлаа. 1998 оны хуульд бие даасан сэтгүүлч, чөлөөт бичээчдэд ямар нэгэн байдлаар бие дааж мэдээлэл олж авах эрх нь төдийлөн тодорхой заагдаагүй байсан. Заавал байгууллагад харъяалагдах ёстой гэдэг. Энэ нь хараат бусаар solopreneur байдлаар ажиллахад саад учруулдаг, төрийн байгууллага руу нэвтэрч чадахгүй, хурал цуглаанд оролцох боломж олдоггүй байсныг уг хуулийн 4.1.1 дээр илүү задлаж оруулж ирсэн нь сайшаалтай. Гэхдээ бусад хуулийн заалтуудыг харахад хэтэрхий чангалж, нарийвчилсан байгаа нь хүлээлтэд хүрсэнгүй. Мөн хуульд “зарчим” гэдэг үг оруулсныг сайн ойлгосонгүй. 10 дугаар зүйл дээр “Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчим” гэсэн байна. Хуулийг мөрдөж ч болно, мөрдөхгүй ч байж болно гэсэн үг үү. Мөн уг зүйлийн 10.1.2 дээр үндэсний нэгдмэл байдлыг хангаж, ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг дэмжих гэсэн нь олон нийтийн санаа бодлыг нэг хайрцганд хийх цензур маягтай заалт байх жишээтэй.” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Ug.mn сайтын эрхлэгч Ө.Дэлгэрцэцэг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангая гэж байгаа юм уу эсвэл сэтгүүлч хариуцлагатай бай гэдэг үндсэн дээр энэ хэлэлцүүлгийг хийж байна уу. Хуулийн төсөлд ололттой зүйлс мэдээж байна. ТББ-аар үйл ажиллагаа явуулаад, улсад татвар төлдөггүй гэдэг асуудлыг цэгцэлж, компаниараа татвараа төлдөг байх тухай орсон нь сайн хэрэг. Гэхдээ яагаад хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн тайланг олон нийтэд ил болго гээд байгаа вэ. Арилжааны байгууллага яагаад бусад бизнесийн байгууллагатай адилхан ажиллаад олсон ашиг орлогоо олон нийтэд санхүүгээ тайлагнах болж байгаа вэ. Эх сурвалжаа нууцлах асуудлыг хуульчилж байгаад талархаж байгаа ч яагаад шүүхээр ил болгож байна. Өнөөдөр шүүхийн хараат бус байдал үнэхээр бэхжиж, шударга байж чадаж байгаа юу. Сэтгүүлчийг хардах өнцгөөр хариуцлагажуулах хууль уу, хэвлэлийн эрх чөлөөг хангах хууль уу” гэсэн юм.
“Парламент” телевизийн тоймч Хандчулуун “УИХ хажуудаа телевизтэй байхыг хүлээн зөвшөөрөөд хуулиараа орчихсон. Тэгэхээр УИХ хуулиараа телевизтэй байхыг хүлээн зөвшөөрсөн бол Засгийн газар мөн хэвлэл мэдээллийн байгууллагатай болох нь ээ гэж энэ хуулиас ойлголоо (уг хуулийн нэгдүгээр бүлгийн 5.5-д Засгийн газар нь Монгол Улсын тухай мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Энэ хэсэгт заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд нэгээс илүүгүй байна). Сэтгүүлч гэдэгт 4 жил мэргэжлийн сургуульд сэтгүүлчийн ёс зүй, хэм хэмжээг заалгаж төгсдөг. Гэтэл энэ мэргэжлийг эзэмшээгүй хүмүүсийг нэг ангилалд оруулчихаж” гэв.
Nuuts.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа “Хэвлэл мэдээлэлд саад учруулдаг ганц зүйл нь төрийн албан тушаалтнууд болчихоод байна. Булхайг нь илчлэхээр цагдаад өгчихдөг. С.Амарсайханы талаар хийсэн нэвтрүүлгээсээ болоод Сүхбаатар, Налайх, Баянзүрх дээр гээд залхаан цээрлүүлэх зорилгоор гомдол гаргасаар л байна. Төрийн албан тушаалтнууд сэтгүүлчийн эсрэг гомдол гаргахыг хориглоно гэсэн заалт оруулчихмаар. Сэтгүүлчдийн эсрэг гаргасан нийт гомдлын 93 хувь нь улс төрийн албан тушаалтнууд байна. Албан тушаалын дарамт үзүүлэлгүйгээр, албан тушаалаа өгөөд иргэний хувьд гомдол гаргах ч юм уу. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сайд байхдаа ярьдаг байсан” хэмээсэн бөгөөд танхимаас сэтгүүлчид Хууль зүй, дотоод хэргийн сайдаас уг хуулийн зүйл, заалт бүрээр тодорхой хариулт авч, санал шүүмжээ илэрхийллээ.
Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухарч 109-рт бичигдсэн нь хэвлэл мэдээллийн салбарынхны өдөрт тутмын үйл ажиллагаанд тулгардаг хууль эрх зүйн олон талт хүндрэл, бэрхшээлүүд болон эх сурвалжаа нууцлах эрх төдийлөн хангагдаж чадахгүй байгаатай холбоотой юм.
Хэвлэл мэдээллийн тухай хууль нь эрүүгийн хуулийн шийтгэлтэй холбогдож буй дээр сэтгүүлчид мөн саналаа хэлж, зарим зүйл заалтуудыг илүү сайжруулах, үг хэллэг дээр ажиллах шаардлага буйг илэрхийлснээр эхний хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хуулийн төсөл дээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон УИХ-аас хоёр тусдаа ажлын хэсэг гаргажээ. УИХ-ын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ажиллаж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.