УРЛАГ

Рэвью: Тэд огторгуй руу пуужиндчихлаа

Өнөөдөр оройн 21 цагаас тэд огторгуй руу пуужиндахад бэлэн. Бид энэ сарын 4-ний өдөр нийтэлсэн Mxrningstar хамтлагийн цомгийн ревьюг сэргээн хүргэж байна.

Цомог хийж, нээж, түүний араас олон нийт дуу бүрийг нь ширхэгчлэн сонсож үздэг үйл явдлын эзэн байна гэдэг Монголын хөгжмийн зах зээлд нэг хэсэг төлөвших гэж байгаад унтарсан үзэгдэл юм. Нэг хоёрын төдий хит дуунд биш бүхэл цомог, түүний концепцод ач холбогдол өгнө гэвэл жинхэнэ хөгжмийн хорхойтон байна. Эсвэл тухайн артистад тэгтлээ дурласан гэсэн үг. 

Эдгээр өдрүүдэд Mxrningstar хамтлаг энэ бүхний уулзвар цэгт зогслоо.

Бидний мэддэгчлэн Morningstar нэрээр хэд хэдэн дуу хийсэн Б.Аззаяа хамтлагтай болсон нь энэ. O үсэг Х болж солигдсоноор манай рок хөгжмийн ертөнцөд унтраалга дараад гэрэл асаачих шиг болсон юм.

Mxrningstar шинэ цомгоос урьтаж, сүүлийн нэг жил орчим хугацаанд “Үүрнээсээ чи”, “Бодлын гүнээс” гэж хоёр дуу цацсан нь сонсогчдоос өндөр үнэлгээ авсан. Дуу энд тэндхийн уушны газар орвол сонсогдож таардаг, таармагц нь аманд аялагдаж таньдаг болчихвол нэлээд дажгүй хүрсэн байна гэсэн үг. Тэр давааг Mxrningstar-ийн хоёр дуу боломжийн хэрээр давсан юм.

Харин тэдний дэбют цомог цацагдсанаар “Энэ залуусаас юу гарч вэ?” гэж сонирхохоос илүү “Тэд чинь ер хэн билээ?” гэж цоо шинээр нээж харах том давлагааг эхлүүллээ хэмээн харж байна. Учир нь эхэнд дурдсанчлан, цомог нээж, цомгийн араас бүтээлч сонсолт массыг хамран ингэж явагдахтай ойрын хугацаанд таарсангүй. Энэ утгаар Mxrningstar чанартай сонсогчдын анхаарлыг татаж байна. Мөн хүлээлт үүсгэж ч чадсан байна. Бас төдий л фэн нь болж амжаагүй шинэ тутам сонсогчдын сониучирхлын хараан дор торойн зогсож байна.

Дэбют цомгоос артистын ерөнхий хэв маяг хийгээд агуулгыг тандаж болдог.

Mxrningstar цомогтоо хар өнгө давамгай ашигласан нь рок урсгалд үнэнч гэдгийн баталгаа. Огторгуйд эргэлдэн гялалзаж буй одыг гол лого дүрслэл болгосон нь Mxrningstar (Өглөөний од) гэсэн нэрийн утгад уялдахаас гадна амбицлаг бөгөөд бага зэрэг домог үлгэрийн, нууцлаг, ардын мэт донж маягийг үүсгэжээ. Цаашлаад ковэр зургуудад хэрээ шувуу  олноор зурагдсан нь үүнийг илүү төгөлдөржүүлж. Бүхэлдээ бол рок урсгалын илэрхийлэл мөн.

Харин Монголд рок урсгалын шинэ залуу хамтлаг төрөн гараасай гэж хүсэн мөрөөдөж байсны хувьд энэ таатай үзэгдэл юм. Амьд хөгжим бий нь бий, гэхдээ хүнд рокод үнэнч, яг тэдний үеийн залуус дутагдаж байсан. Үүнийг Монголын рок гэхээр юун түрүүнд “Харанга”, “Хурд”, “Нисванис”-аар өдий хэр төсөөлж буйгаар батална.

Дэбют цомгоос ямар дуунуудыг онцлох вэ?

Мэдээж “Хүн”. Энэ тэсрэлт болов. Рок “уртын дуу” ч гэж нэрлэж болмоор өнгө аясыг Б.Аззаяа төрөлх авьяасаар үүтгэлээ. Хоёрт, агуулгын хувьд байгаль дэлхий, хүний мөн чанарын сүүдэртэй талыг хөндөхдөө нүүдэлчин үзэл санааг тодотгон хавсаргасан нь маш оновчтой. Онцлог ялгарлаа барьж авах нь өнөө цагт бидний гол амбиц мөн. Түүнчлэн Францын уран бүтээлч Селин Дессберг нэг бадаг дуулж, ятга тоглосон нь цогц бүтээл болгож чаджээ. “Хүн” бүхэлдээ Б.Аззаяагийн хувьд ч, Mxrningstar-ын хувьд ч шинэчлэл боллоо. Энэ амжилттай болсон стратегийн алхам байна. Цаашид холын амбицтай байгааг нь илэрхийлж байгаа хэрэг.

Хоёрт, “Үүрнээсээ чи”. Энэ дуу өмнө нь сингл хэлбэрээр цацагдсан ч цомгийн бүхэллэг агуулгаар яах аргагүй манлайлагч нь ажээ. Энд яг пост-рок хэв маягаа хадгалснаас гадна гитарын гоцлол онцгой. Нэлээд электрик, хязгааргүй эрх чөлөөнд тэмүүлсэн хэв маягтай. Ийм маягийн гоцлол өмнө нь монгол хамтлагуудад илэрч байгаагүй. Mxrningstar-ийн жинхэнэ өнгө төрхийг чухам “Үүрнээсээ чи” илэрхийлж байна. Харьцангуй урт байгаа нь мөн зоригтой бөгөөд урсгал чиглэлдээ үнэнч алхам.

Гуравт нь “Гацдаа” байж болох юм. Ерөнхий хэлбэр тийм ч шинэлэг биш, зарим талаар B.L.М.D-гээс мэдрэгддэг аяс ч гэлээ агуулга нь сонин байна. Нийгэм, улс төрийн аж байдлаа сэрж анзаарсан нь залуу, рок артистуудын хувьд оновчтой алхам мөн. Түүнчлэн цомог дотор дэлбэ савах нэг дуу байх хэрэгтэй, тэр нь “Гацдаа” байж болох юм.

Цаашлаад “Бодлын гүнээс” илүү уянгалаг, төгөлдөр хуурын дэвсгэртэй, “Бадамлянхуа” хэлбэрийн хувьд бага зэрэг давтагдмал ч аялгуу сайн, нэрнээсээ мөн “Хүн” цомгийн концепцыг дэмжсэн.

Үгийг Б.Аззаяа голчлон бичдэг. Түүний бичлэгийн өнгө аясыг анзаарвал огторгуй руу тасран тэмүүлэх, тасралтгүй нисэх, ниссээр байх тэр эрчимд зангидагдмаар. Хамтлагийнхан дэбют цомгоо “Нисэлт” гэж тодорхойлсноо удахгүй болох тоглолтын зардаа дурджээ.

Ингээд харахаар хамтлагийн бэлгэ тэмдэг болсон эргэлдэх од (эргэлдэх хөдөлгөөний динамикийг шингээж дүрсэлсэн нь ихээхэн хүчирхэг тусдаг), түүний илэрхийлэх огторгуйн орон зай, дуунуудын өгчилгөх нисэлт мэт эрчим нийлсэж байна. Тэр ч утгаар Mxrningstar дэбют цомгоор пуужинд суугаад нисчихлээ. Мөн ардын, домог үлгэрийн, нүүдэлчин хэв маягийн шинж чанарыг шигтгэж өгсөн алхмыг дахин оновчтой гэж тодотгон дурдмаар байна.

Бүхэлдээ,

  • Холын амбицтай монгол рок хамтлагийн хувьд стратегиа зөв тодорхойлсон
  • Ерөнхий хэв маягаа хэдийнэ зарлаж, дэбют цомгийн бүхэллэг  уур амьсгалыг тэнцвэртэй зангидаж чадсан гэж дүгнэмээр.

Хамтлагийн гишүүдийн авьяас, ур чадварын тухай онцлон тэмдэглэх хэдэн үг шаардлагатай. Б.Аззаяагийн дуу хоолойнд хүний сэтгэл рүү өнгийн нэвтрэх нэгэн онцгой чанар бий. Энэ зүгээр нэг хоолой биш. Б.Аззаяа мэдрэмжээ нэлээд чагнаж, дотроо боловсруулдаг, бусдыг бас сонирхон ойлгохыг хүсдэг нэгэн байж мэдэх юм. Тийм ч учраас уран бүтээлд тавигддаг нэг шаардлага болох, сонсогчтойгоо сэтгэл зүйн нэг үелзэлд очиж чаддаг тийм авьяас түүнд байна. Диапазоны тухай илүү үг хэрэггүй. Харин энэ хоолойг гамнах буюу мэргэжлийн, байнгын дасгалжилт шаардлагатай.

Гоцлол гитарчин Обо (З.Оюунболд) өөрийн гэсэн ертөнцтэй, түүнийгээ цахилгаан гитараар дамжуулан аядуу зөөлнөөр мөртлөө хүчирхгээр илэрхийлж чаддаг аж. Басс гитар амбицлаг, гармонийн үүргээ сайн биелүүлдэг. Бөмбөрчин, клавш нийлээд хөгжмийг дуурьсал, найрсал сайн болгодог нь тэмдэглүүштэй. Тэдэнд гармон талд амжилт олох ирээдүй бий. “Харанга”-ын дуу бараг л найрал хөгжим мэт хүчирхэг гармонтой байдаг нь тэдний хөгжмийн боловсролд бий бөгөөд, Mxrningstar-ын хувьд энэ талаа нэмээд өгвөл дуунуудынх нь үндсэн аялгуу илүү дахин давтагдашгүй бөгөөд амархан аманд аялагдчихдаг үндсэн идеал чанарт дөхөж мэдэх юм.

“Харанга”-ыг дурдсаных, тэд ерөөс барууны хөгжмийн хэв маягийн монгол сэтгэлгээтэй нийлүүлж туршсан болохоор амжилтад хүрсэн. Мөн үг сайтай. Б.Аззаяа цаашид үгээ голчлон бичнэ гэвэл одоогийн битүүдүү утгатай, цөөн үгийн сангийн хүрээн дэх байдлаа эвдэх (уран зохиол сайн уншвал) хэрэгтэй бөгөөд, үгийг урлагт суралцана гэдэг ер уран бүтээлчийн мэдрэмжийг эрдэнэс мэт хурцатгаж өгдөг зүйл мөн билээ. Мэдрэмжийг хамгийн сайн шахаж, танаж, байнд нь тусгаж чаддаг хэрэглэгдэхүүн бол үг. Үүнд суралцсан хүн бусад төрлөөр мэдрэмжийг хэрхэн илэрхийлэхээ сайн мэддэг болдог.

Нэг хоёрыг төдий дуу нь амжилт олох, бүхэл цомогтоо стратеги бүхий хандах хоёр тэс өөр агуулга юм. Тэр ч утгаар нь дүгнэвэл Mxrningstar манай хөгжмийн зах зээлд том алхам хийлээ.

Арваннэгдүгээр сарын 22-нд тэд амьдаар тоглоно. Тоглолт хоёр хэсэгтэй байх ба, эхний хэсэгт Morningstar (Б.Аззаяагийн соло карьерын хүрээн дэх)-ын дуунууд дуулагдах юм байна. Chihiro, Pluto Planet гээд дажгүй дуу олон. Заалыг ч халаана. Харин хоёрдугаар хэсэгт “Хүн” цомгоо бүтэн тоглох нь олзуурхууштай.

Тоглолтын тасалбар Shoppy.mn-ээр дамжуулан худалдаалагдаж эхэлснийг дуулгая.

Цомог бүхэлдээ төгс болох боломжгүй ч дээр дурдсанаас бусад дуунд боловсруулалт үл ялиг дутсаныг тэмдэглээд, Mxrningstar-т гялалзах амжилт хүсье.

Ташрамд, тэдний хэвлэлд өгсөн анхны ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor
11 сар 4, 2024 16:44

goe niitleg boljee. Hamtlagt amjilt husii

Зочин
Зочин
11 сар 4, 2024 22:07

Aмьдаар тоглодог тэгсэн хирнээ үхсэн хойноо бас тоглодог ёстой сонин хамтлаг байна.

Shame!!
Shame!!
11 сар 22, 2024 10:52

Энэ хүүхдүүдэд буруу үлгэр болсон хар тамхичинг үхсэндээ сурт�##�члаад байгаан? Гадаадад ийм хүмүүсийг шууд cancel culture хийдэг. Монголд болхоор яагаад хар тамхичид уран бүтээл хийгээд чөлөөтэй юу ч болоогүй юм шиг ингээд явдаг юм? Энэ хар тамхичин бацаан олон нийтийн өмнө гарч ирээд нийгэмд буруу муу үлгэр дуйра�##��##� үзүүлсэндээ уучл�##� хүсэж мэдээлэл хийгээд д�##�д орох ёстой шд! Мөнгө л бв�##� юу ч хамаагүй хийдэг хэвлэлийнхэн хар тамхичдаасаа ялгаагүй нийгмийг хордуулагч !

Зочин
Зочин
11 сар 22, 2024 12:57

Бүгдээрээ үхчихсэн гэж бодлоо

Холбоотой мэдээ

Back to top button