Томилолтын тойм #1: ЗГ тогтвортой ажиллах мессежээр ЭБУЦС, “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хэлцлээ ахиулав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотноо “Олон улсын импортын VII экспо”-д оролцож, хэд хэдэн ажил амжууллаа.
-Шүүмжлэл дагуулсан өнцөгүүд-
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал дараах өнцгүүдээр шүүмжлэл хүртээд байна.
Нэгт. Хятадын Олон улсын Импортын үзэсгэлэн яармаг CIIC нь 2018 оноос Ши Жинпин санаачлан зохион байгуулж эхлэсэн түүхтэй. Голчлон өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулдаг. Мөн БНХАУ ирэх онд, хаанаас, хэр хэмжээгээр худалдан авалт хийхээ шийддэг. Түүхий эдийн импортын хэлцэл бараг хийдэггүй аж.
Энэ утгаар нь ноос ноолуурханы экспортоосоо хараахан хэтрээгүй манай улсын хувьд том амбиц өвөртлөн ирж, оролцсон.
Монголын талаас Эрдэнэс Монголын компаниуд, Макс групп тэргүүтэй арав гаруй аж ахуй нэгж хоёр павилонд байрлан оролцож буй юм.
Хоёр, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 04-нд “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцсан нь шүүмжлэлд өртөв.
Тодруулбал, Европ, АНУ, Автрали зэрэг барууны улс орнуудын хоригт орсон компанитай уулзлаа гэгдсэн. Энэ нь Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал талаасаа нэн ноцтой гэх агуулга хөндөгдөв. Мөн иргэний болон дэд бүтцийн аюулгүй байдалд халтай хэмээгдэж байгаа юм.
“Huawei” компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг.
-Мессеж: Монголын Засгийн газар тогтвортой ажиллана-
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал албаны өргөн бүрэлдэхүүнтэй байв. Ялангуяа АН-ын дарга буюу Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, ХҮН-ын дарга буюу Шадар сайд Т.Доржхандыг дагуулан иржээ.
Гурван намын төлөөллөөс танхимаа бүрдүүлсэн Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад төдийгүй хөрш орнуудад тогтвортой ажиллана гэдгээ илэрхийлэх шаардлагатай.
Хоёр Шадар сайдаа дагуулан ирсэн нь “Ирэх жилүүдэд Монголын Засгийн газар тогтвортой ажиллана” гэсэн мессэжийг урд хөршдөө өгөх зорилготой гэж ойлгогдож байна.
Нөгөө талаар Хятадын талтай хэлэлцэх Засгийн газрын 14 мега төсөл, эрчим хүчний асуудлуудад тэдний оролцоо өндөр байх нь ойлгомжтой.
-Бүтсэн ажлууд: Эрдэнбүрэнгийн УЦС-ын санхүүжилт шийдэгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомт хөдлөхөөр болов-
Энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны найман баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгосон. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо.
БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
Нэгт, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Айлчлалын хүрээнд энэ төслөө хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтаа хийхэд зарцуулагдах 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэв. Энэхүү мөнгийг БНХАУ-ын Экзим банкны зээлээр болж буй юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээгтэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.
Хоёрт. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барихаар боллоо.
Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.
Тус асуудлаар БНХАУ-тай өмнө нь 57 удаа албаны уулзалт болж байжээ. Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ажлаа аваад хоёр дахь удаагаа энэ сэдвээр уулзаж байгаа гэдэг тоон мэдээлэл бий.
Ямартай ч өргөн нарийн царигынхаа тохироог хийж, гүүрэн байгууламжаар шийдэх гарц гаргалгаанд хүрсэн гэж ойлгогдож байна.
Гуравт. Хоёр талын худалдааны хэмжээ одоогоор 17 тэрбум ам.доллартой байгаа юм. Энэ тоог ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх тухай хөндөж ярив.
Түүнчлэн
- Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
- Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал,
- Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
- МУ-ын стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг,
- МУ-ын Монополын эсрэг газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг,
- МУ-аас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол зэрэгт гарын үсэг зурав.
П.Урнаа, Ж.Мядагбадам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.